Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Европ-Оросын хамтарсан станц Ангарагийн агаар мандалд ороод сураггүй болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Европын Сансрын Агентлаг (ESA)-гаас Ангарагт илгээсэн судалгааны станц Schiaparelli-гийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байдалтай байна.

Өчигдөр Ангарагийн гадаргад буух ёстой байсан станцаас хамгийн сүүлд агаар мандалд нь ороод шүхрээ дэлгэсэн гэсэн мэдээлэл ирээд цааш сураг тасарчээ.

13 жилийн өмнө Европчууд Beagle 2 робот станцыг Ангарагт илгээсэн боловч газардахдаа гэмтсэнээс нарны эрчим хүч хүлээн авагч хавтангуудаа дэлгэж чадалгүй “улаан нүдэн” гарагт хаягдсан юм. Тэгвэл Schiaparelli нь түүнээс хойшхи Европчуудын анхны оролдлого бөгөөд Ангараг дээрээс амьдралын ул мөр хайх ExoMars төслийн эхний шат ажээ.

Энэ төслийн хүрээнд 2020 онд Европын судлаачид станцаа Ангарагт илгээх бөгөөд Schiaparelli нь түүнээс өмнө туршилт, сургуулилалт хийх зорилготой илгээгджээ.

Ням гарагт тэр тээгч сансрын хөлгөөсөө салж Ангарагийн агаар мандалд орохоор тойрог замд шилжсэн юм. Агаар мандалд ормогц 21,000 км/цагийн хурдтайгаар унаж эхэлсэн байна. Хэрвээ ном ёсоороо ажиллаж чадсан бол гадаргад хүрэхээсээ өмнө шүхрээ дэлгэж уналтын хурдыг 10 км/цаг хүртэл бууруулахаар байжээ.

Schiaparelli станцыг өнгөрсөн гуравдугаар сард Оросын зөөгч пуужинд тээвэрлэн дэлхийгээс хөөргөсөн юм.

Өчигдөр Европ, Оросын судлаачид Schiaparelli станцыг Ангарагийн тойрог замд оруулж чадсанаа тэмдэглэн баяр хөөр болж байсан бол өнөөдөр тодорхойгүй байдалд ороод “улаан нүдэн” гарагаас сайн мэдээ хүлээж байна.

Германы Дармштадт дахь газрын станц өнөөдөр буюу Пүрэв гарагт станцаас мэдээлэл ирсэн эсэх талаар сүүлийн мэдээллийг зарлах юм.

Үүнтэй харьцуулахад Америкийн NASA Ангарагийг судлах чиглэлд илүү ахицтай байгаа бөгөөд тэд Opportunity, Curiosity зэрэг хэд хэдэн судалгааны станцыг амжилттай газардуулаад байгаа билээ.

 

Эх сурвалж: Japan Times, ESA