Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Гоо зүйн дээд шагнал”-ыг хэн хүртэх бол?

ikon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN

Монголын хорьдугаар зууны суурин амьдрал, тэр дундаа урлаг, утга зохиолын салбарт гоо зүй хэмээх онол, судлалыг дэлгэрүүлсэн эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор С.Лувсанвандан агсны нэрэмжит сангаас 2005 оноос эхлэн “Гоо зүйн дээд шагнал”-ыг олгож эхэлсэн нь өнөөдрийг хүртэл тухайн салбарын хамгийн өндөр урамшуулалтай шагнал хэвээр байгаа билээ. 

С.Лувсанвандан сангийн “Гоо зүйн дээд шагнал”-ыг хоёр жил тутамд олгодог бөгөөд 2014 онд бүжиг дэглээч Д.Энхгэрэл хүртэж байсан бол энэ жилийн шагналтныг зарлах ёслол 10 дугаар сарын 21-нд албан ёсоор зарлагдсан байна. Гоо зүйн дээд шагналыг энэ удаад хэн хүртэж байгаа нь одоохондоо тодорхойгүй аж. 

 

Арван сая төгрөгийн урамшуулал дагалддаг уг шагналын хамгийн анхныхыг 2005 онд архитектор Ө.Ганболд “Шинэ төгөл хотхон”, “Бодь цамхаг”-ийн зураг төслөөрөө хүртэж байсан юм. Тэрбээр Улаанбаатарт анхны барууны стандарт архитектуртай орон сууц, анхны иж бүрэн компьютержсэн ухаалаг барилга буюу смарт бюлдинг стандарттай оффисын барилгын зохиогчоор ажилласан нь үндэсний гоо зүйн сэтгэлгээнд хувь нэмэр оруулсан.

 

Удаах шагналыг уран барималч Б.Дэнзэн нэрт соён гэгээрүүлэгч Б.Ринчингийн хөшөө бүтээлээрээ хүртсэн бол Л.Амарсанаа Оксфордын англи-монгол, Коллинзын англи-монгол толь бичгийн зохиогчийн хувиар, жүжигчин Д.Сосорбарам тайзны урлагийг хөгжүүлэх, шинэ амьсгал, үзэл санаагаар баяжуулахад оруулсан үлэмж хувь нэмэр, “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрийг бүтээснээр “Гоо зүйн дээд шагнал”-ыг авч байсан.

 

Түүнчлэн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн 2010 онд, дуурын нэрт дуулаач Э.Амартүвшин 2012 онд тус тус уг шагналын эзэн болж байсан юм.

 

Зөвхөн урлагийн салбарт ч гэлтгүй аль ч салбарт гоо зүйн үнэлэмжийг бий болгоход хувь нэмэр оруулж буй шилдгүүдийг дэмжих зорилготой “Гоо зүйн дээд шагнал”-ыг энэ удаад хэн хүртэх бол?