Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Lotte группын үүсгэн байгуулагчийг гэр бүлээр нь яллажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Lotte группын ерөнхийлөгч Шин Дон Бин

Сөүл хотын прокурор Lotte группын үүсгэн байгуулагчийг эхнэр, гурван хүүхдийнх нь хамт компанийн өмч хөрөнгө шамшигдуулсан, татвараас зайлсхийсэн зэрэг хэд хэдэн хэргээр яллах болсноо зарласан байна.

Энэ нь Өмнөд Солонгосын томоохон нээлттэй компаниудын нэгний үүсгэн байгуулагч нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан сүүлийн томоохон хэрэг болж байгаа юм.

Lotte группын үүсгэн байгуулагч 94 настай Шин Кюк Хо, түүний хүү, одоогийн ерөнхийлөгч, 61 настай Шин Дон Бин, том хүү, 62 настай Шин Дон Жо, 73 настай охин Шин Ён Жа, албан бус эхнэр, 57 настай Сё Ми Кюн нарыг $76 саяын татвараас зайлсхийсэн, компанийн $46 саяын хөрөнгийг хувьдаа ашиглахад оролцсон хэмээн буруутгажээ.

Үүнээс гадна Шиний гэр бүл эрх мэдлээ ашиглан өөртөө ашигтай наймаанд нөлөөлөх замаар $123 саяын хохирлыг компанид учруулсан байна.

Энэ бол Өмнөд Солонгосын 5 дугаарт бичигддэг томоохон бизнесийн групптэй холбоотой хэргийн дөрвөн сар үргэлжилсэн шалгалтын үр дүн юм.

Ингэхдээ үүсгэн байгуулагч нь Lotte группын зарим бизнесийг өөрийн гэр бүлийн гишүүдэд зах зээлийн үнээс хямд үнээр зарах, монополь эрх өгөх зэргээр хөрөнгө оруулагчдыг хохироож байсан гэнэ.

Мөн 2005-2016 оны хооронд Lotte группт ямар ч алба хашдаггүй хоёр хүүдээ $45 саяын сул цалин өгч байсан нь ил болсон байна.

Өмнөд Солонгосын хуулийнхан бизнесийн том бүлэглэлийн эздийг гэр бүлээр нь яллаж байсан тохиолдол ховор.

Өмнө нь Самсунг, Хьюндэй Моторз, SK зэрэг компаниудын эзэд ийм хэрэгт орооцолдож байсан ч ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдөж байжээ.

Lotte бол Өмнөд Солонгос төдийгүй, Япон, Зүүн Өмнөд Азид томоохон байр суурьтай бизнесийн групп.

Тэд Өмнөд Солонгосын хамгийн том их дэлгүүр, зочид буудлын сүлжээ, татваргүй дэлгүүрүүд болон химийн үйлдвэрийг эзэмшдэг.

Lotte группын ерөнхийлөгч Шин Дон Биний Япон нэрийг Акио Шигэмицү гэдэг ажээ.

 

Эх сурвалж: Japan Times