Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын мөнгө яагаад Монголын эдийн засагт хэрэггүй вэ?

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Олон улсын харилцааны сэдвээр дагнан нийтэлдэг The Diplomat сайтад өнөөдөр Schulze Global Investments компанийн гүйцэтгэх захирал Александр Бенардын бичсэн өгүүлэл нийтлэгджээ. Түүний өгүүллийг орчуулан хүргэж байна.


Энэ сарын эхээр Монгол улсын сангийн сайд, төв банкны захирал нар Вашингтонд очиж тус улсын санхүүгийн бэрхшээлийг давахад туслах зээлийн асуудлаар Олон Улсын Валютын Сан (ОУВС)-тай эхний уулзалт хийсэн юм.

Монголчуудын ОУВС-д тавьсан хүсэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд хүрээгүй ч $1.5 тэрбум хүртэл мөнгөний асуудал яригдсан сурагтай. ОУВС тэдний хүсэлтийг судалж байгаа ба техникийн багийг Монгол руу илгээж ажиллуулахаар болжээ.

Гэвч Монголын эрх баригчдын дээд түвшинд ОУВС-ийн дэмжлэгийг авахыг эсэргүүцэж, энэ санхүүжилт нь хэтэрхий их нөхцөл тулгах болно гэсэн дуу хоолой гарсаар байгаа юм. Тэд үүний оронд Хятад улсаас зээл авах нь хялбар гэсэн саналыг сөргүүлэн тавьж байна.

Гэвч тэдгээр албаныхан Хятадын зээл ямар их тулган шаардалт дагуулдгийг бусад орнуудын жишээнээс хараагүй бололтой. Тэдний зээлийн нөхцөл нь ил тод биш, далдуураа Монголын эдийн засаг, геополитикийн ирээдүйд хор хөнөөлтэй арга зам юм.

2016 онд Монголын төсвийн алдагдал ДНБ-ийхээ 20 хувьд хүрсэн. Нийт өрийн хэмжээ нь ДНБ-ий 200 хувьтай тэнцэж байна. Өрийн ихэнх нь сүүлийн хэдхэн жилд хуримтлагдсан.

Монголын эдийн засаг зэс, нүүрс зэрэг түүхий эдийн экспортоос хэт хамааралтай. 2012 онд эдгээр түүхий эдийн үнэ унаж эхэлснээс 2011 онд 17 хувийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж байсан эдийн засгийн өсөлт нь 2015 онд 2.3 хувьд хүрсэн юм.

Энэ удаашрал нь Монгол улсын төлбөрийн тэнцэлд цохилт өгч төсвийн алдагдал үүсэхэд нөлөөлжээ.

Дунд болон урт хугацаанд харвал Монголын өрийг зохицуулж болохуйц. Ойрын жилүүдэд түүхий эдийн үнэ сэргэж байгаа нь тус улс руу чиглэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлнэ. Олон жилийн уналтын дараа зөвхөн 2016 онд гэхэд нүүрсний үнэ 150 хувиар нэмэгдэж, зэсийн үнэ тогтворжих замдаа орлоо.

Тус улсын хамгийн том уул уурхайн төсөл Оюу Толгойн хоёр дахь шатны үйл ажиллагаа эхэлж, далд уурхайн олборлох ажилд $5 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа. Энэ бүхний үр дүнд Монгол улсын ДНБ 2018 онд 7 хувь, 2019 онд эргээд хоёр оронтой тооны өсөлтөд шилжинэ гэж шинжээчид үзэж байна.

Гэвч ойрын хугацаанд Монголын эдийн засаг хүндрэлтэй байхаар харагдаж байгаа юм. 2016, 2017 онд өсөлт тун бага байх болно. Монголын хөгжлийн банкнаас гаргасан бондын төлбөрт 2017 оны гуравдугаар сард $580 саяыг төлөх ба энэ хүртэл ердөө таван сар үлдээд байгаа гэсэн үг юм.

Үүний дараа 2018 оны тавдугаар сард дахин $500 саяыг Чингис бондын төлбөрт төлөхөөр байна.

Тиймээс яг одоо ирэх хоёр жилийг даван гарах санхүүжилт Монгол улсад хэрэгтэй.

Гэвч Хятадын санхүүжилт энэ бэрхшээлийн хажууд илүү эрсдэлтэй. Монголын хэд хэдэн хэвлэлд бичсэнээр Хятадын засгийн газар $4 тэрбум хүртэл зээл санал болгож магадгүй байгаа гэнэ. Энэ хөшүүргээ ашиглан Хятад улс Ази, Африкийн олон оронд үзүүлсэн шигээ улс төр, худалдааны давуу талыг Монголд бий болгох нь тодорхой.

Хятадын санал “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд тавигдах байх. Энэ бодлогынхоо хүрээнд Хятад улс Азийн эх газарт өөрийн худалдаа, стратегийн сонирхлыг тулгаж байгаа. Монголын тохиолдолд Хятадаас ирэх ямар ч санхүүжилт эргээд Хятадын эдийн засагт үйлчлэхээр зориулагдах нь тодорхой. Тухайлбал Хятадын бараа бүтээгдэхүүнийг дамжуулах транзит корридорыг байгуулах ажлыг зөвхөн Хятадын компаниуд гүйцэтгэх гэх мэт.

Үүнээс гадна Монголын эрдэс баялгийн нөөцөд Хятадын төрийн эзэмшлийн компаниуд хүрэх гарцтай болно. Цаашлаад Хятад улс энэ хөшүүргээ ашиглан Монгол улсын “гуравдагч хөршийн бодлогод” нөлөөлж, АНУ, Европтой харилцах харилцаанд хязгаар тавьж эхлэх боломжтой.

Харин нөгөө талаас, ОУВС-ын туслалцаа нь Монголын өнөөгийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой нь юм. Ойролцоогоор $1.5 тэрбумын багцаар ойрын хоёр жилийн санхүүгийн бэрхшээлийг даван туулж болно. Мэдээж үүний тулд зарим нөхцөл шаардлага тавигдах байх. Бүсээ чангалах, зардлаа танах нь ОУВС-ын тавих нөхцөл хэдий ч ямар ч тохиолдолд Монголын засгийн газрын гарцаагүй хийх алхам юм. ОУВС-ын санхүүжилт хэрэгжсэнээр хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа EBRD зэрэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлж, Хятадын санхүүжилтээс үүдэлтэй Монголд үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарах вий гэсэн айдсыг нь үргээнэ.

Нэмж хэлэхэд Монгол улс ОУВС-д бүрэн найдах ч хэрэггүй. ОУВС-аас гадна Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудаас нэмэлт санхүүжилт олох боломжтой. Мэдээж Хятад улс ч нэг хэсэг нь байх боломжийг үгүйсгэхгүй.

Эцэст нь хэлэхэд Ази, Африкийн улс орнуудын алдааг давтахгүйн тулд Монгол улс санхүүгийн хүндрэлээс гарахдаа ОУВС-ийн зээлд найдах нь зөв алхам юм.

 

Эх сурвaлж: The Diplomat