Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол төрийн санхүү, мөнгөний бодлого тодорхойлогчид болон хувийн хэвшлийн анхны уулзалтыг зохион байгууллаа

ikon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN

Эдийн засгийн томоохон сорилттой тулгараад буй энэ үед  Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь төрийн санхүү, мөнгөний  бодлогыг тодорхойлогчид болон хувийн хэвшлийн анхны албан ёсны уулзалтыг Монгол улсын Сангийн дэд сайд хатагтай Х. Булгантуяа болон Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн нартай 2016 оны 10-р сарын 18-нд зохион байгууллаа.

 

Уулзалтанд АмЧамын гишүүд болон хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдээс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцож Монгол улсын эдийн засаг, төсөв мөнгөний салбарт өнөөдөр тулгамдаад буй бэрхшээлүүд, тэдгээрээс гарах гарцын талаарх хэлэлцүүлэгт оролцон зочин илтгэгчидээс сонирхсон асуултууддаа хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийг тогтворжуулж хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд; эдийн засаг, санхүүгийн бэрхшээлийг даван туулахаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ; макро эдийн засгийн 2017 оны төлөв байдал, санхүүгийн зах зээлийг цаашид хөгжүүлэхээр авч буй арга хэмжээнүүд зэрэг сэдвүүдийн хүрээнд  дэлгэрэнгүй ярилцлаа.  

Монгол улсын Сангийн дэд сайд хатагтай Х. Булгантуяа гадаад өрийг төлөх Засгийн газрын төлөвлөгөөний талаар хэлсэн үгэндээ

“Засгийн газар гадаад өрийг төлөх боломжуудаа судалж байгаа. 2017 онд төлөлт нь эхлэх бондыг дахин санхүүжилт хийхийн тулд нэмж бонд гаргах эсвэл ОУВС-тай хамтарч болохоор байгаа. ОУВС-тай хамтарсан нөхцөлд 2017 оны улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай.

Мөн Засгийн газар олон улсын  хандивлагч орнуудтай 12-р сарын эхээр уулзаж Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон эдийн засгийг тогтворжуулах төлөвлөгөөгөө танилцуулахаар бэлтгэж байгаа” гэсэн юм.

Монголбанкны дэд ерөнхийлөгч ноён Б. Лхагвасүрэн хэлсэн үгэндээ

“Бид богино хугацааны дотор ямар нэг бодлогын алдаа гаргалгүйгээр эдийн засгаа хямралаас гаргахаар ажиллаж байна” гэсэн юм.

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга ноён Жэймс Лиотта 

“Чөлөөт бизнесийг дэмжих замаар Монголын бизнесийн орчинг сайжруулах нь АмЧамын бодлогын гол чиглэлүүдийн нэг байсаар ирсэн ба эдийн засгийг тогтворжуулах, хувийн хэвшлийг дэмжих, мөн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээд чиглэсэн Засгийн газрын мөнгө, татвар болон гаалийн  шинэчлэлийг  бид талархан хүлээн авч байна” хэмээн нээлтийн үгэндээ хэлсэн юм.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.