Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхнасан: Бид үндэсний компаниа хамгаалж, дотоодын зах зээлээ хөгжүүлнэ

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 10 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасантай ярилцлаа. 

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг хүн бүр сонирхож, ашиглалтад орохыг нь хүлээж байна. Барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ? 

-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал нь манай улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг. Монгол Улс Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн “Буянт-Ухаа” нисэх буудлыг сайжруулах төслийн дараа шинэ олон улсын нисэх онгоцны буудалтай болох бодлого барьж ажилласан.

Энэхүү бодлогын хүрээнд анх 2006 оны гуравдугаар сард Япон улсын Засгийн газарт Улаанбаатар хотын ойролцоо Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндийд Олон Улсын шинэ нисэх онгоцны буудал барих тухай төслийг санал болгосон.

Харин Монгол Улсын Засгийн газар уг төслийг Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх талаарх албан ёсны хүсэлтийг 2006 оны зургаадугаар сарын 28-нд Япон улсын Засгийн газарт тавьсан юм.

Энэ мэтчилэн олон удаагийн санал хүсэлт тавьсны үр дүнд “Улаанбаатар хотын Kлон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох “MON-P8” хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сарын 1-нд байгуулан УИХ-аар соёрхон баталсан түүхтэй. Хэлэлцээрийн дагуу Япон Улсын Засгийн газраас 540 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

Уг төсөл 2008 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллагын нэрийн дор амжилттай хэрэгжиж байна. Одоогоос гурван жилийн өмнө нэг ч шонгүй зэлүүд тал газарт шинэ олон улсын нисэх онгоцны буудлын ажлаа эхлүүлж байсан бол одоо төсөл дуусахад 90 гаруй хоног үлджээ.

Нийт 825 автомашины зогсоол, 3,600 метр зурвас, 37 мянган мкв терминалын талбай, 41 метр өндөр цамхагтай, жилд гурван сая хүн хүлээн авах хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн нисэх онгоцны буудлыг хүлээлгэн өгөх хугацаа ойртсон учраас барилгын ажил бараг дуусах дөхсөн гэж ойлгож болно.Одоогийн байдлаар төслийн гүйцэтгэл 96 хувьтай явагдаж байна.

Энэхүү төсөл Японы хөнгөлөлттэй зээл болон Монгол Улсын Засгийн газраас санхүүждэг. Тиймээс төслийн хүрээнд хийгдэж буй ажлын гүйцэтгэл харилцан адилгүй байна. Тухайлбал, төслийн үндсэн санхүүжилт болон зээлийн хөрөнгөөр санхүүжсэн ажлууд 97 хувьтай, Монголын талын хариуцсан зарим ажил дууссан. 30-40 хувийн гүйцэтгэлтэй ажлууд бий.

Японы талаас Монгол Улсын Засгийн газарт 2017 оны нэгдүгээр сарын 7-нд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг хүлээлгэн өгөх гэрээтэй. Барилгын ажил дуусмагц нисэх онгоцны буудлыг шууд ашиглалтад оруулахгүй л дээ. Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Монгол Улсын дотоодын иргэний нисэхийн байгууллагаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, аюулгүйн гэрчилгээ, сертификат авах ёстой.

Бүх үйл ажиллагааны тест, шалгалт хийж, нисэх буудлын төдийгүй агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийг ч хянана. Мөн туршилтын нислэг үйлдэнэ. Энэ мэтчилэн хяналт, шалгалтын ажлыг хийж, аюулгүй байдлыг тодорхойлсны дараа 2017 оны зун ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 

-Агаарын тээврийн салбар дахь бүтээн байгуулалтаас гадна ямар онцгой ажил хийгдэж байна вэ. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас гадна хэрэгжүүлж байгаа ажлаа сонирхуулбал? 

-Сүүлийн жилүүдэд манай иргэний болон агаарын нисэхийн салбарт олон улсын нисэх онгоцны буудлаас гадна томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрүүд нэлээдгүй хэрэгжлээ. Бид үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдүгээрт, хууль эрх зүйн чиглэлд хийсэн ажил гэвэл Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг батлууллаа.

Энэхүү бодлогын бичиг баримтын хэрэгжсэнээр манай улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа, томоохон хот суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээ бий болох, агаарын тээвэрлэгч компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болж, Монгол Улсын агаарын тээврийн нэр хүнд өсч, агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрнэ.

Мөн гуравдагч ертөнцтэй шууд холбогдон Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжих, иргэний нисэхийн салбарын хөгжилтэй уялдан олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэх юм. Ингэснээр тээврийн тариф буурах, агаарын тээврийн ложистик бүрэн хэмжээгээр хэрэгжих боломж бүрдэхээс гадна аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг олон давуу талууд бий болох юм.

Уг бодлогын бичиг баримт 2016, 2020 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжинэ. Бид өнгөрсөн хугацаанд Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн батлах, Иргэний нисэхийн дүрмийг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж байна.

Хоёрдугаарт, 2011 онд агаарын навигацийн чиглэлээр Монгол Улсын агаарын зайд бодит ажиглалтын удирдлагыг нэвтрүүлж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг олон улсын жишигт дүйцэхүйц өндөр төвшинд хүргэсэн.

Манай улс дээгүүр нисэн өнгөрөх олон улсын нислэгийн тоо жилд 5-10 хувь нэмэгдэж чадсан. Статистик судалгааны дүнг үзэхэд энэ жилийн нислэгийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад, найман хувиар өссөн ажлын үр дүн гарлаа.

Гуравдугаарт, Бид сүүлийн хоёр жил PBN концевцийг Монгол Улсын агаарын зайд нэвтрүүлэх ажлыг хийж байна.Тус концевцийг нэвтрүүлснээр агаарын тээврийн компаниуд шулуун нислэг үйлдэх боломжтой болсон. Шулуун нислэг нь эдийн засаг болон байгаль экологийн талаас маш их ашиг тустай. Тухайлбал, компаниуд шатахуун хэмнэнэ. Шатахуун хэмнэвэл хүлэмжийн хий багасах юм. Энэ мэтчилэн чухал ач холбогдолтой. Агаарын тээврийн салбарт олон ажил хийгдэж байгаа. Ази Европын дээд түвшний уулзалтын үеэр ч бид маш өндөр үүрэг гүйцэтгэж оролцлоо шүү дээ. 

-Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр хэр анхаарч байна вэ. Шинэ нисэх онгоцны буудалд ямар хүмүүс ажиллах вэ?

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал нийт 900 орчим хүнийг ажлын байраар хангана гэсэн тооцоо бий. Ер нь шинэ нисэх онгоцны буудалд ажиллах боловсон хүчний 80 хувь нь бэлэн гэж ойлгож болно. Учир нь Чингис хаан нисэх онгоцны буудлын ажилчид шинэ нисэх буудал руу шилжиж ажиллана.

Тус компани нийт 700 ажилтантай. Тэгэхээр 80 хувь нь бэлэн байна гэж ойлгох хэрэгтэй. Харин 200 орчим ажлын байр шинээр бий болох юм. Эдгээр шинэ ажилчдыг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Японы хамтын ажиллагааны JICA Олон улсын байгууллагатай хамтран техникийн чиглэлээр олон боловсон хүчинг сургалтад хамруулсан. Мөн одоо ажиллаж буй мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. 

-Зам, тээврийн салбарт дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх талаар олон ажил хийлээ. Чингис хаан нисэх онгоцны буудал транзит тээврийн заалтай шүү дээ. Энэ заал үр өгөөжөө өгч эхэлсэн үү?

-Тийм. Транзит тээвэр нь улс орны эдийн засагт маш өндөр ач холбогдолтой. Чингис хаан нисэх онгоцны буудлын транзит заал ч мөн ялгаагүй. Транзит заалтай болсноор ОХУ-ын Сибирийн ройаны зорчигчдийг Монголоор дамжуулан Зүүн Өмнөд Ази руу тээвэрлэх боломж нээгдсэн.

Гэхдээ транзит заал маань цаг үеийн нөхцөл байдлаас болж бидний төсөөлснөөр хараахан ажиллаагүй байна.Сүүлийн хоёр жил дэлхийн эдийн засаг тэр дундаа ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой бус байлаа. Манай улс ОХУ хооронд визгүй болсны ашиг гарсангүй. Учир нь эдийн засгийн уналт жуулчдад нөлөөлж, аялагчдын тоо цөөрсөн.

Бид цаашид энэ чиглэлд тууштай ажиллана. Транзит тээвэр эдийн засагт өндөр үр нөлөөтэй учраас энэхүү тээврийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна.

-Манай улсад агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хэдхэн компани байдаг. Өрсөлдөөн байвал тухайн салбар хөгжих нь бий. Ер нь манай улсын агаарын тээврийн зах зээлд өөр компани байгуулах орон зай хэр байна вэ? 

-Монгол Улсын агаарын тээвэр маш жижигхэн зах зээлтэй. Манай улсад дотоодын болон гадаадын нийт 7-8 компани нислэг үйлддэг. Тодруулбал, “МИАТ”, “Аэро Монголиа”, “Хүннү Эйр”, “Кориан Эйрлайнс”, Аэрофлот”, “Эйр Чайна”, “Туркиш Эйрлайнс” зэрэг компани бий. Эдгээр компани нийлээд 2012 онд анх удаа нэг сая зорчигч тээвэрлэлээ.

Үүнээс орон нутгийн нислэг маш цөөхөн буюу 4000 орчим зорчигч тээвэрлэсэн. “Оюу толгой” компанийн ажилчдыг оруулаад орон нутгийн нислэгтээ дөнгөж 4000 хүрэхгүй зорчигч тээвэрлэж байна л даа. Тиймээс бид агаарын тээврийн салбараа зөв бодлогын хүрээнд хөгжүүлэх хэрэгтэй. Учир нь жижиг зах зээл хэлбэлзэхдээ маш амархан байдаг. Мөн манай улсын дотоодын компаниудын хүчин чадал хангалттай бус.

“МИАТ” компани гэхэд л өөрийн нэг, түрээсийн дөрвөн онгоцтой. “Аэро Монголиа” хоёр ширхэг Покер-50 онгоцтой, “Хүннү Эйр” бас хоёр Покер-50 болон АТR- 72 онгоцтой. Эндээс харахад дотоодын нислэгийн компаниуд маань парк, хүчин чадлын хувьд дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжгүй. Тиймээс энэ тал дээр зөв бодлого баримтлах ёстой.

Бидэнтэй өрсөлдөж байгаа авиа компаниуд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. “Кориан Эйрлайнс”, “Аэрофлот”, “Эйр Чайна”, “Туркиш Эйрлайнс” бүгд дэлхийд эхний 10 дугаарт ордог авиа компани. Манай улсын хувьд агаарын тээврийн салбараа маш бодлоготойгоор хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. 

-Салбар яамнаас агаарын тээврийг хөгжүүлэх тал дээр баримталж буй бодлого сонирхол татаж байна. Ялангуяа үндэсний компаниа дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болгоход ямар бодлого баримтлах вэ? 

-Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт “Монгол Улс нь үндэсний агаарын тээвэрлэгчтэй байна” гэж заасан. Энэ дагуу бид 2014 онд “МИАТ” ТӨХК-д үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статус олгосон. Агаарын тээвэр өндөр хөгжсөн улс орнууд өөрсдийн үндэсний агаарын тээвэрлэгчийг төрөөсөө дэмжин бойжуулж дэлхийд гаргаж ирснээр агаарын тээврийн хөгжил нь эрчимжсэн тохиолдол олон бий.

Сингапур улсын “Сингапур эйрлайнз” авиа компани гэхэд бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч компани болон хөгжсөн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “МИАТ” компанийг үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статус болгож, төрийн бодлогоор дэмжихээр шийдвэрлэсэн юм.

Бид үндэсний компанийг хөгжүүлэх ажлын хүрээнд “МИАТ” компанийн парк шинэчлэлд анхаарал хандуулж, шийдвэрлэгдэж чадалгүй хүлээгдэж байсан шинэ онгоц авах хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж чадсанаар манай улс өөрийн хөрөнгөөр худалдан авч буй том оврын эхний онгоцоо 2013 оны тавдугаар сард хүлээн авсан юм.

Мөн МИАТ компани өмнө нь агаарын хөлгийн шатахуунаа зөвхөн ОХУ-аас импортоор авдаг байсан. Салбар яамнаас онгоцны шатахууны нийлүүлэлтийг олон эх үүсвэртэй болгохоор шийдвэрлэж, шатахууны хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээ авсан.

Түүнчлэн 2013 оноос эхлэн үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжиж, Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмчийн үйлдвэрийн газар гэх мэт төрийн бүх шатны байгууллагын ажилтнууд төсвийн болон байгууллагынхаа зардлаар гадаад улсад албан томилолтоор агаарын тээврийн компаниар зорчих тохиолдолд “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр зорчиж байх үүрэг өгсөн. Салбар яамнаас үндэсний нислэгийн компаниа бодлоготойгоор дэмжиж, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц үндэсний компани болгохын төлөө ажиллаж байна. 

-Орон нутгийн нислэгийн зорчигч бага гэлээ. Энэ нь нийслэл дэх хүн амын нягтаршил, нислэгийн үнэтэй холбоотой байх?

-“Аэро Монголиа”, “Хүннү Эйр” компани ээлжлэн орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байна. Манай улсад сүүлийн дөрвөн жилд авто замын салбар эрчимтэй хөгжлөө. Баруун таван аймаг, зүүн аймгууд руу гурав, дөрөв хоног явж хүрдэг цаг ард үлдсэн. Одоо машинаар 6-7 цаг яваад хүрч байна. Энэ нь нэг талаараа агаарын тээврийн зорчигчид авто тээврийн хэрэгслийг сонгох нэг шалтгаан болсон. Үүнээс болж нислэгтэй зарим аймгууд нислэгээ зогсооход хүргэсэн.

Мөн агаарын тээвэр болон авто тээврийн салбарын үнэ харилцан адилгүй байдаг. Улаанбаатараас Өмнөговийн чиглэлд авто тээвэр 30 мянган төгрөг байхад агаарын тээвэр 120 мянган төгрөгийн өртөгтэй. Гэхдээ агаарын тээвэр илүү бага цаг зарцуулна л даа. Ойролцоогоор дөрвөн цаг ниснэ.

Хугацааны хувьд хоёр дахин бага цаг зарцуулж байгаа ч үнийн хувьд 2-4 дахин илүү өртөгтэй. Тиймээс бид агаарын тээврийн дотоодын нислэгийн тэнцвэртэй байдлыг хангах, орон нутгийн зорчигчдыг нэмэгдүүлэхийн тулд зарим аймгийн чиглэлд төрөөс татаас олгох зарчмаар нислэг үйлдүүлж байна. Мөн хоёр аймгийн дунд нислэг үйлдэх, зарим нислэгт авиа компаниуд тодорхой хэмжээний үнийн хөнгөлөлт зорчигчдод үзүүлэх зэрэг ажлыг зохион байгууллаа.

Зураг