Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжинтэй харилцаагаа сайжруулахад нь Дутертегийн хятад гарал туслах уу?

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте дөрөв хоногийн айлчлалаа хийхээр Мягмар гарагийн орой Бээжинд ирээд байна. Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай байгаа орнуудын хувьд энэ үйл явдал нь чухалд тооцогдож байгаа юм. Өнөөдөр тэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана.

Өнгөрсөн зургаадугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш Дутерте өөрийн улсын уламжлалт холбоотон АНУ-аас зайгаа барьж, эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтцээ хөгжүүлэхэд Хятадаас тусламж авах сонирхлоо илэрхийлэх болсон.

Айлчлалынхаа өмнө Дутерте Синьхуа агентлагт ярихдаа “Бидэнд зөвхөн Хятад улс л тусалж чадна” гэж хэлсэн юм. Тэр мөн өөрийнх нь хэрэгжүүлж байгаа хар тамхины эсрэг тэмцлийн хүрээнд эмчилгээний төв байгуулахад Бээжин санхүүгийн туслалцаа үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Дутерте бас ярилцлагын үеэр өөрийн Хятад гарал үүслээ дэлгэсэн байна. “Миний өвөг эцэг Хятад хүн байсан” гээд Филиппинд нийтдээ 2 сая орчим Хятад үндэстэн амьдардгийг ярьжээ.

Тэр “Тиймээс бид Хятад хүмүүс Хятад хүмүүстээ туслахыг хүсэх болно. Тэнд Филиппинчүүдээс гадна Хятадууд амьдардаг юм” гэсэн байна.

Дутерте өмнө нь хэвлэлд ярихдаа өөрийн өвөг эцгийг Хятадын Фужянь мужийн Шиамень суурингаас гаралтайг дэлгэж байжээ.

Гэвч Дутерте бол Хятадад айлчлахаасаа өмнө угсаа гарлаа ярьсан анхны Филиппиний ерөнхийлөгч биш.

Түүний өмнөх ерөнхийлөгч Бенино Акино 2011 онд Фужянь мужийн Заньжоу дахь Хонжянь тосгонд айлчилж байв. Учир нь түүний ээжийн элэнц өвөг нь эндээс Филиппинд цагаачилсан гэнэ.

Акиногийн ээж, ерөнхийлөгч асан Коразон Акиног 1988 онд уг тосгоны нэг угсааныхан нь хүндэтгэлтэйгээр угтан авч байсан ба 2009 онд нас барсных нь дараа гэрэл зургийг нь өвөг дээдсийнхээ алдрын танхимд залсан гэдэг.

Гэвч энэ гарал үүслийн хэлхээ холбоо нь Хятадтай харилцаагаа сайжруулахад туслаж чадаагүй юм.

Бенино Акино Хонжянь тосгоноос Манилад буцаж ирсний дараа түүний засгийн газар  Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд эргүүл хийх байлдааны хөлгийг АНУ-аас худалдаж авах болсноо зарлаж байжээ.

Үүний дараа 2013 онд Хятадын эсрэг Гаагийн олон улсын шүүхэд гомдол гаргаж, улмаар хоёр орны харилцаа хамгийн доод түвшинд унаж байв.

Тиймээс Дутертегийн Хятад гарал үүслээ давуу тал болгон Бээжинтэй сайдах тактик амжилттай болох эсэх нь эргэлзээтэй байна.

 

Эх сурвалж: South China Morning Post