Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сарын 23-нд зарим хороонд НЭМЭЛТ санал хураалт явуулахаар боллоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт дууслаа. Нийслэлийн Сонгуулийн Хорооноос ирц болон урьдчилсан дүнгийн талаар мэдээлэл өглөө.

22:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 860,037 иргэн санал өгөх ёстой байснаас 413,212  иргэн санал өгч, ирц 48 хувьд хүрчээ.

НСХ-ны дарга Ү.Ганболд "Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт хуулинд заасан ирц бүрджээ. Монгол Улсын Сонгуулийн хуулинд зааснаар сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд тухайн сонгуулийн тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар заасан байдаг. Үүний дагуу 152 хороо байгаагаас 79 хороонд нэмэлт санал хураалт явуулахаар боллоо.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос нэмэлт санал хураалтыг өнөөдрөөс хойш 7 хоногийн дотор амралтын өдрүүдээр зохион байгуулах чиглэл өгсөн бөгөөд аравдугаар сарын 23-ны Ням гарагт явуулахаар боллоо. Ингэхдээ саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм" гэв.

Нэмэлт санал хураалт явуулах хороод:

  1. Сүхбаатар дүүрэгт 1, 3, 9, 10, 11 хороо
  2. Хан-Уул дүүрэгт 2, 3, 4, 11, 15 хороо
  3. Баянгол дүүрэгт 1, 3-7, 10, 20 хороо
  4. Баянзүрх дүүрэгт 2-5, 7-12, 14, 16-22 хороо
  5. Чингэлтэй дүүрэгт 4,5, 7-19 хороо
  6. Сонгинохайрхан дүүрэгт 1-5, 7, 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 хороо
  7. Багануур дүүрэгт 5 хороо

Сонгуулийн ирц 22:00 цагийн байдлаар: 

Дүүрэг 12:00 цаг 17:00 цаг 22:00 цаг
1 Багануур 16.5 34.5 52.3
2 Багахангай 24 52.7 71.2
3 Баянгол 14.3 32.9 50.5
4 Баянзүрх 11 29.1 45.3
5 Налайх 19.4 38.3 61
6 Сонгинохайрхан 11.7 27.9 45.7
7 Сүхбаатар 14.8 34.5 50.9
8 Хан-Уул 14.9 34.3 51.4
9 Чингэлтэй 12 28.6 44.4
  Нийт 12,48 30.9               44

Нэмэлт санал хураалт явуулсны дараа Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүн гарах юм байна.

Харин улсын хэмжээний ирц, дүнгийн талаар аравдугаар сарын 20-нд СЕХ-ноос мэдээлэл өгнө.

Сонгуулийн тухай хуулинд нэмэлт санал хураалт явуулах талаар ийн заасан байдаг:

106 дугаар зүйл.Нэмэлт санал хураалт явуулах
 
106.1.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна.
 
106.2.Тухайн сонгуулийн тойрогт сонгуулийн дүн гаргах эрх бүхий сонгуулийн байгууллага нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргана.
 
106.3.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргасан бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна.
 
106.4.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба түүнийг амралтын өдөр явуулна.
 
106.5.Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгнө.
 
106.6.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана.