Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхийг хориглох тушаалын хэрэгжилт ямар байна вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сурагчид утасныхаа тооны машинаар тоогоо бодох, даалгавраа интернетээс харах гэх мэтчилэн суралцах, оюун ухааны хөгжилд гар утасны хэрэглээ нь тодорхой хэмжээний саад болдог. Түүнчлэн үнэтэй гар утастай болон хямд утастай хүүхдүүдийн хооронд тэгш бус байдал, харилцааны зөрчлүүд гарч, зарим тохиолдолд хүүхдүүд гэмт хэрэг, хүчирхийллийн хохирогч болох зэрэг явдлууд гардаг байна.

Тиймээс гар утасны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хичээлийн цагийг үр ашигтай өнгөрүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд өнгөрсөн сарын 16-нд А/43 тоот тушаал гарган багш, сурагчдыг гар утасны хэрэглээг хязгаарласан билээ.

Энэхүү тушаалынхаа талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь “ЕБС-ийн багш, сурагчдад хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглосон тушаал нь нэгдүгээрт, бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр онцгой ач холбогдолтой. Мөн сургалтын чанарт эерэг нөлөөлнө гэж үзэж байна. Хичээлийн цагийг зөвхөн хичээлдээ зарцуулах ёстой.

Гэтэл сүүлийн үед сурагчид гар утсыг түгээмэл хэрэглэдэг болсноор хичээлийн дундуур утас нь дуугарч, бусдынхаа анхаарлыг сарниулах, хичээлийн цагаар утсаараа цахим орчинд нэвтэрч байна. Харин хичээлийн цагаар гар утсыг хязгаарласнаар хичээлийн цагийг зөвхөн сурч боловсрохдоо зарцуулах болно.

Цаашид сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буй шалтгаануудыг бууруулж, бүх шатны сургалтын чанарыг сайжруулахын төлөө ажиллана” хэмээн тайлбарласан байдаг.

Тэгвэл гараад сар гаруй болж буй А/43 тушаалын хэрэгжилт ямар байгааг тодруулахаар нийслэлийн зарим сургуулийг зорьсон юм.

Гар утасны хэрэглээний талаар дүрэм гаргасан

 

"Монгени" цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Д.Цэндсүрэнгээс хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглосон тушаалын хэрэгжилт ямар байгаа талаар тодруулахад “Манайх сургуулийн хэмжээнд багш сурагч нар гар утсыг хэрхэн хэрэглэх талаар дүрэм гарган мөрдөж байгаа. Үүнтэй холбогдуулан эцэг, эх, багш, сурагчдын гурвалсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан.

Сайдын тушаал гарснаас хойш хичээл орж байх үед багш, сурагчид гар утас хэрэглэхийг бүрэн хориглож, үүнд хяналт тавин ажиллаж байна. Ингэснээр хичээлийн цагийг зөвхөн сурч боловсроход зарцуулдаг” гэлээ.

 

Мөн тус сургуулийн Дорно дахины хэл зүйн судлалын тэнхимээс санаачлан аравдугаар сарын 17-ны Даваа гарагаас эхлэн гар утас хадгалах хайрцагтай болох ажлыг эхлүүлжээ. Энэхүү хайрцгийг хоёрдогч түүхий эдээр хийж байгаа бөгөөд одоогоор туршилтын хугацаанд хэрэгжиж байгаа тул цаашид улам боловсронгуй болгох талаар тэрбээр мөн дурдсан юм.

“Монгени” цогцолбор сургуулийн анги бүр камертай аж. Тиймээс хичээлийн цагаар гар утас хэрэглэж буй эсэхийг камераар хянадаг байна. Хэрэв хичээл орж байх үед багш, сурагч гар утсаа хэрэглэвэл талоныг нь цоолдог гэнэ. Гурван удаа цоолуулбал дараагийн шатны арга хэмжээг авах тухай дүрэмдээ тусгажээ. 

Түүнчлэн тус сургуулийн ойр орчимд автомашины болон явган хүний тусдаа зам байдаггүй учир зам тээврийн осолд өртөх аюултай байдаг байна. Тиймээс өглөөд жижүүр багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан нь ахлах, дунд ангийн сурагчдыг чихэвч хэрэглэхгүй байх шаардлага тавьдаг ажээ.

Гар утасны хэрэглээ зохистой төвшинд байх ёстой

"Шинэ эхлэл" сургууль ч мөн сайдын тушаал гарснаас хойш багш хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хоригложээ. Гэвч гар утсыг ор тас хорихоос илүүтэй, зохистой хэрэглээг бий болгох нь чухал гэдгийг физикийн багш У.Бямбадорж хэлж байлаа.

 

Тэрбээр “Ухаалаг гар утасны давуу тал их бий. Техник технологийн дэвшил шүү дээ. Жишээлбэл, гар утасны толь бичгүүд цаг хугацааг хэмнэдэг. Манай сургууль олон улсын хөтөлбөрийн сургалттай учраас англи хэлнээс орчуулах шаардлага их гардаг. Сайдын тушаалыг үндэслэн манай сургууль анги удирдсан багш нар, сурагчдын зөвлөл, нийгмийн ажилтан хамтраад ухаалаг утасны хэрэглээнд хяналт тавьж байгаа.

Тиймээс сурагчид хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхийг хориглосон” гэлээ. У.Бямбадорж багшийн хувьд англи хэл дээр физикийн хичээл, холбогдох сэдвүүдийг судлах шаардлагатай болдог учраас зарим тохиолдолд сурагчдыг гар утасны толь бичгээ ашиглахыг зөвшөөрдөг гэлээ.

Өнгөрсөн жилээс эхлэн ухаалаг утас ашиглахыг хориглосон

 

“Оюуны ундраа” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан н.Өнөрмаа “Өнгөрсөн жилээс эхлэн манай сургууль ухаалаг утасны хэрэглээг хязгаарлаж эхэлсэн. Харин энэ жил БСШУС-ын сайд Ж.Батсуурь тушаал гаргаснаар манай сургуулийн захирал гар утасны хэрэглээг хязгаарлах тухай тушаал гаргасан юм. Үүний дагуу эцэг, эх, багш, сурагчийн гурвалсан гэрээ байгуулж, сурагчдын дүрэмд өөрчлөлт оруулсан” гэв.

Тус сургуулийн анги удирдсан багш нар гар утасны хэрэглээг хязгаарлахаар өөр өөрсдийн арга барилыг хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, "7-3" ангийн анги удирдсан багш О.Мөнхжин  “Өнгөрсөн жилээс сурагчдын эцэг эхэд ухаалаг утсыг хэрэглүүлэхгүй байхыг зөвлөснөөр ихэнх хүүхэд товчлууртай энгийн утас ашиглах болсон.

Цөөн хэдэн хүүхэд ухаалаг утастай байгаа. Гэхдээ хичээлийн цагаар бүх хүүхдийн утсыг унтраалгадаг. Харин ухаалаг гар утастай хүүхдүүдийн утсыг цоожтой шүүгээнд хийдэг” гэсэн юм. Харин зарим багш хичээл дээр утас авчрахыг хориглосон байдаг бол зарим нь хичээл эхлэхээс өмнө бүгд утсаа унтраан цүнхэндээ хийхийг шаарддаг ажээ.

"Сурагчдад гар утсыг хэрхэн зохистой хэрэглэх тухай зөвлөгөө өгөх хэрэгтэй"

Ийнхүү зарим сургуулиар орж, хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх тушаал хэрхэн хэрэгжиж буйг тодруулахад бүгд хангалттай сайн хэрэгжүүлж байгаагаа онцолж байсан юм. Тэгвэл сурагчид үүнд ямар сэтгэгдэлтэй байгааг асуухад:  

“Шинэ эхлэл” сургуулийн сурагчид хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг багш хориглодог. Заавал хайрцаг саванд хийж, хурааж авдаггүй. Харин заавал унтраах, эсвэл дууг нь хаа гэдэг.

Мэдээж хэрэг хичээлийн цагаар гар утсаа ашиглан, өөр зүйл хийх нь буруу. Гэхдээ зарим тохиолдолд хичээлийн холбогдолтой даалгавар, нэмэлт мэдээллийг авахад гар утас бидэнд хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Харин Монгени сургуулийн сурагчид хичээл дээр гар утас хэрэглэх нь ямар ч тохиолдолд буруу. Хичээлийн тухайд бид номоос ихэнх мэдээллээ авч болно. Харин нэмэлт мэдээллийг хичээлийн бус цагаар авахад хангалттай гэлээ. Түүнчлэн хүүхдүүд ихэвчлэн олон нийтийн сүлжээ сайтуудад нэвтрэх, тоглоом тоглох гэх мэтээр ухаалаг утсыг ашиглаж байна. Тиймээс сурагч, хүүхдүүдэд гар утас, цахим орчныг хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч байх нь зүйтэй гэлээ.