ХААН Банк иргэд, харилцагчиддаа зориулан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой карт гаргахаар Улаанбаатар смарт карт ХХК-тай 2016 оны 10-р сарын 17-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд ХААН Банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал Жон Белл, Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Цогтсанаа, Улаанбаатар смарт карт ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Юүн Жун И, Гүйцэтгэх захирал Я.Сод-Эрдэнэ нар болон бусад төлөөлөл оролцлоо.
Нийтийн тээврээр зорчигч иргэддээ зориулан гаргах гэж буй энэхүү картаар автобусанд үйлчлүүлэхээс гадна банкны төлбөрийн картын зориулалтаар ашиглаж, банкны үйлчилгээг давхар авах боломжтой. Тус картыг нэвтрүүлснээр нийтийн тээврийн салбарт төдийгүй банкны салбарт томоохон шинэчлэл болох юм.