Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Турк: АНУ, Орос улсууд Дэлхийн III дайныг Сирид эхлүүлж болзошгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Сирийн хямралыг шийдэж чадахгүй бол АНУ, ОХУ улсууд дэлхийн дайныг эхлүүлж болзошгүй байгаа тухай Туркийн албаны хүн хэллээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Вашингтон, Москвагийн харилцаа эрчимтэй муудсан. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Британий талууд хэрвээ Сирийн Алеппо хот дахь бөмбөгдөлтөө зогсоохгүй бол эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авахаа Орос болон түүний холбоотон Сирийн засгийн газарт анхааруулсан юм.

Америкийн улс төрийн намын компьютеруудыг “хакердах” ажиллагааг Москва зохион байгуулсан гэж Обама буруутгасны дараа Ням гарагт Оросын тал Вашингтоныг цахим халдлага хийх гэж оролдсон гэж хариу буруутгасан байна.

Энэ нөхцөл байдлыг үнэлж хэлэхдээ Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмус “хэрвээ Сирийн хямрал үргэлжилбэл Америк, Орос улсууд дайтаж эхлэхээр болоод байна” гэжээ.

Тэрээр Сирийн хямрал нь Дэлхийн III дайны эхлэл болоход ойрхон байна гэсэн юм. Энэ сарын эхээр Оросын Московский Комсомолец сонин ерөнхийлөгч Владимир Путиныг Сирид “өндөр эрсдэлтэй тоглоом” тоглож байгааг анхааруулж, энэ нь эцэстээ Дэлхийн III дайнд хүргэж болзошгүй гэж дүгнэсэн байна.

Энэ нөхцөл байдлыг тэд 1962 оны Карибын хямралтай зүйрлэж, хоёр их гүрний хооронд шууд мөргөлдөөн гарч магадгүй байгааг өгүүлжээ.

Оросын цэргийнхэн өчигдөр буюу Даваа гарагт Алеппо хотын зүүн дүүрэгт найман цаг гал зогсоох болсноо зарласан. Үүнээс өмнөх 24 цагийн хугацаанд Алеппогийн энэ хэсэгт доод тал нь 50 иргэн, түүний дотор 18 хүүхэд алагдсан талаар Британий хүний эрхийн байгуулллага мэдээлжээ.

Өчигдөр мөн Ирак, Курдын цэргүүд АНУ болон түүний холбоотнуудын дэмжлэгтэйгээр Мосул хотыг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөх довтолгоог эхлүүлсэн.

Үүнтэй зэрэгцэн Туркийн ерөнхий сайдын орлогч Куртулмус Турк улс энэ тулааны улмаас үүсч болзошгүй олон зуун мянган дүрвэгчийг хүлээж авахад бэлэн байгаагаа зарласан юм.

Тэрээр “Хэрвээ Мосулын ажиллагаа зөв хэрэгжвэл дүрвэгсдийн урсгал үүсэхгүй” гэжээ. Харин хэрэг буруугаар эргэж, Мосулд шашны урсгал хоорондын хүчирхийлэл дэгдвэл иргэд Туркыг зорихоос өөр замгүй болно гэсэн юм.

НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг мөн 1.5 сая хүн амтай Мосул хотоос 100,000 Иракчууд зэргэлдээх Сириэр дамжин Турк рүү дүрвэж магадгүйг анхааруулжээ.

Турк улс нь одоогоор Сирийн гурван сая дүрвэгчийг орогнуулж байгаа ба албан ёсны дүрвэгсдийн хуарангууд нь дөнгөж 200,000 хүний багтаамжтай байна.

 

Эх сурвалж: Independent