Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Шаравдорж: Н.Энхбаяр даргын оронд О.Баасанхүүг намын дарга болгоно гэх асуудал огт яригдаагүй

Б.Төрбат
2016 оны 10 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

МАХН-ын даргын Хүний эрх, улс төрийн бодлогын зөвлөх Ц.Шаравдоржтой ярилцлаа. 

-УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрснөөс хойш МАХН чимээгүй байлаа. Өөрөөр хэлбэл, та бүхэн өнгөрсөн гурван сарын хугацаанд ямар ч байр суурийг илэрхийлсэнгүй. Шалтгаан нь юу байв? 

-Шинэ парламент, Засгийн газар бүрэлдээд 100 дахь хоногтойгоо золгож байна. МАН-ын Засгийн газрыг энэ хугацаанд ямар ажил зохион байгуулав гэдгийг анхааралтай ажиглаж сууна. Үнэндээ төрийн эрхийг барьж байгаа МАН ямар бодлого, чиглэлээр ажиллаж байгаа нь Монголын ард түмний хувь заяатай шууд холбоотой.

Тиймээс МАХН-ын хувьд ч анхаарал хандуулж, хийж байгаа ажил, амласан амлалтыг нь харьцуулж дүн шинжилгээ хийж байна. Бид энэ удаагийн Засгийн газраас бодитой ажлыг л харж, хүлээж суулаа. 

-Тэгээд та бүхэн яг ямар дүгнэлтэд хүрэв. Таны хэлснээр Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар улс төрийн өнгийг зурснаас хойш 100 хоног өнгөрлөө шүү дээ? 

-Улс, эх орны эдийн засаг хүнд хэвээрээ байна. Өнгөрсөн хугацаанд тэд шийдвэр гаргах түвшиндээ тоотой хэдэн ажлыг Засгийн газрынхаа хүрээнд шийдсэнээс биш дорвитой хийсэн ажил харагдсангүй. Шуудхан хэлэхэд, МАН-ынхан сонгуулиар амласан амлалтдаа хүрсэнгүй. 

-Энэ таны бодол уу, эсвэл намын тань байр суурь уу? 

-Намын байр суурь гэж ойлгож болно. Үнэндээ иргэд МАН-ын амлалтад итгэсэн. Өнгөрсөн хугацаанд тэд амлалтаа биелүүлсэн эсэхийг хүн бүр л харж, дүгнэж байгаа байх. Гэхдээ энд би хэдэн жишээ татахгүй бол болохгүй нь. Сонгогчдын амлалтыг авсан том амлалтын нэг бол "мэргэжил"-ийн Засгийн газрыг байгуулна гэсэн. Чи хариул л даа, тэд байгуулж чадсан уу.

-Үгүй л болов уу? 

-Яг зөв. Өнөөдөр МАН-ынхан "мэргэжил"-ийн Засгийн газрыг байгуулах нь битгий хэл яруу найрагч, автын механикч, уяач, багш гэх мэт хүмүүс Засгийн газрыг бүрдүүлж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын санхүү, эдийн засаг үнэхээр хүнд байгааг бид ойлгож байгаа. Энд ганцхан санхүү, эдийн засгийн өндөр мэдлэг, боловсролтой хүн л төрийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр тэнд мэргэжлийн бус хүн суучихаад төрийн бодлогыг тодорхойлж байгаа нь харамсалтай байна. Дахиад асууя. Тэд давхар дээлнээс татгалзаж чадсан уу.

-Бас л "үгүй" гэж хариулах нь? 

-Үнэн шүү дээ. МАН мөрийн хөтөлбөртөө давхар дээлнээс татгалзана гэж амласан. Бүр давхар дээлээ тайлахгүй бол УИХ-ыг тартал нь тэмцэнэ гэж хүртэл хэлж байсан нөхдүүд. Гэтэл өнөөдөр найман гишүүн давхар дээлтэй байна. Дээр нь төрийн албыг тогтвортой байлгана гэж хэлсэн. Үүнийг халах нь гэж харж, төр тогтвортой байх нь гэж бодож байсан. Харамсалтай нь, бүтцийн өөрчлөлт нэрийдлээр төрийн албыг үнэхээр "сэгсэрч" байна. 

-Жишээ нь? 

-МАН төрийн албыг төрлийн алба болгосон. Өнөөдөр бидний авсан мэдээллээр төрийн өндөр албан тушаалд ажиллах 31 хүн хэн нэгэн эрх мэдэлтний ойрын хамсаатан байна. Үүнээс үзэхэд төрийн алба жинхэнэ утгаараа төрлийн алба болсон. Мөн өмнөх Засгийн газрын үед дэд сайдын албан тушаал гэж байгаагүй, тийм үү. 

-Тийм ээ? 

-Одоогийн Засгийн газар бий болгож, үүндээ дөрвөн тэрбум төгрөгийг зарцуулж байна. Ийм байдлаар өнөөдөр шинэ Засгийн газрын үйл ажиллагаа үргэлжилж байна. 

-Ингэхэд МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэг ямар шатандаа явна вэ? 

-Н.Энхбаяр гэдэг хүнийг хууль, хяналтынхан хангалттай тарчлаан зовоосон гэж бодож байна. Тэр ч битгий хэл, улс төрийн зохиомол хэрэгт гүтгэж, ял оноосон гэдгийг иргэд бүгдээрээ л мэднэ. Гэвч, төрийн бодлого, захиалгаар энэ үйл явдал болж, гүтгэсэн байдаг. Болж өнгөрсөн хэргийн талаар үнэн зөв нь цаг хугацааны эрхэнд тодрох байх гэж хэлэх байна. 

-Сүүлд авсан мэдээллээр бол Н.Энхбаяр даргыг Г.Шийлэгдамбын хэрэгтэй хамтатгаж шалгах болсон гэж сонслоо. Гэтэл дөнгөж сая та түүнд холбогдох хэргийг "улс төрийн бодлого, захиалга" гэж хэлж байна. Тэгвэл цаад шалтгаан нь юу вэ? 

-Н.Энхбаяр даргыг хилс хэрэгт гүтгэж, ял оноосон үйл явц өнөөг хэр нь зогсохгүй байна. Одоо ч гэсэн мөрдөн мөшгөлт, хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. Дахиад л ямар ч үндэслэлгүй асуудлаар тайлбар авсан, ээрч хоргоосон үйлдэл гарч эхэллээ.

Үүнийг бид хэрхэн харж байна гэхээр Н.Энхбаяр гэдэг хүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч хамаагүй аргаар өрсөлдүүлэхгүй, оролцуулахгүй байх л арга хэмжээг авч байна. Гэхдээ эцсийн дүнд нь шударга үнэн өөрийнхөө байр сууринд тавигдах байх л гэж найдаж, бодож сууна даа. 

-Зарим улстөрчдийн хэлж байгаагаар бол энэ удаагийн парламент өнгөрсөн сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх байсан Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг буцаасан нь Н.Энхбаяртай холбоотой, нэг үгээр хэлбэл түүнийг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх гэсэн "башир" арга ч гэж тайлбарлаж байна. Үүнтэй санал нийлэх үү? 

-Үнэхээр тийм. Энэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш шийдвэрлэсэн нэг гол асуудал бол яах аргагүй Эрүүгийн болон Зөрчлийн хууль. Түүнд дагалдах хэд, хэдэн хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулсан явдал юм. Эрүүгийн хуулийн шинэчлэл бол их чухал байсан.

Ялангуяа ялын бодлогыг маш тодорхой тусгаж өгсөн байлаа. Харамсалтай нь, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүйн тулд энэхүү хуулийн хэрэгжих хугацааг бүтэн жилээр хойшлуулж байна шүү дээ.

Гэтэл үүний цаана хувь заяагаа шийдвэрлүүлэх олон зуун хүн энэхүү хуулийг хүлээж суусан. Үнэхээр төрийн бодлого харалган байна. Зөвхөн өөрсдийн дараа, дараагийн албан тушаалыг бодож байна. Ийм л дүр зураг ажиглагдаж байна даа. 

-Та хуульч хүн. Гэхдээ улс төрийн өнцгөөс биш хуульч хүний өнгөөр харахад энэхүү хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулах шалтаг, шалтгаан байсан уу. Хууль, эрх зүйн талаасаа шүү? 

-Байхгүй. Үнэхээр сэтгэл гаргаж, үнэнчээр хандсан бол энэхүү хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. 

-Гэхдээ эрх баригчид хуулийг буцаасан шалтгаанаа “Төрийн мэдээлэлд хэвлээгүй, ёсчлон батлаагүй” гэж тайлбарласан санагдана? 

-Тийм. Үнэнийг хэлэхэд, Төрийн мэдээлэлд хэвлэж, ёсчлох гэдэг бол хэдхэн минутын л ажил байдаг. Хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлэх сэтгэл байсан бол өнөөдөр хэрэгжүүлж эхлэх бүрэн боломж байсан. Хуулийн шинэчлэл нь ч явагдаж, үүнтэй холбогдуулан олон хүний хүсэл биелэгдэх байсан гэж хэлэх байна. 

-Нэг хэсэг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаяр даргыг намаасаа гарах гэж байна гэж шуугьсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ? 

-МАХН-ын дарга Н.Энхбаяр намаасаа гарна гэсэн ойлголт байхгүй. Тэр бол ташаа мэдээлэл юм. 

-Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын дарга болно гэх яриа бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ? 

-Н.Энхбаяр даргын оронд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг болгоно гэх асуудал нам дотор огт яригдаагүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлэх ёстой.

Зураг