Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тайланд явбал хар өнгөтэй хувцас өмсөхийг зөвлөж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Тайланд орон хар өнгийн хувцасны хомсдолд ороод байна. Энэ сарын 14-нд тус улсыг удаан хугацаанд захирсан хаан нас барсны дараа нэг жилийн хугацаатай гашуудал зарласан юм. Ингэхдээ эхний 30 хоногт ямар нэг баяр, найр наадам хийхийг хориглож, хүн бүрийг хар эсвэл цагаан өнгийн хувцас өмсөхийг зөвлөсөн шийдвэр гарчээ.

Харин Тайланд хүмүүс хар хувцас өмсөхийг илүүд үзсэнээс дэлгүүрт байгаа хар өнгийн хувцаснууд дороо зарагдаж дууссан байна. Дэлгүүрүүдийн нөөц дуусаж, үнэ өссөн тул аравдугаар сарын 15-нд засгийн газар үнэ өсгөж байгаа байгууллагуудыг шалгах болсноо зарлаж, зах зээлд зохицуулалт хийхээс өөр аргагүй болжээ.

 

Үүнээс гадна хүмүүс хар хувцас өмсөөгүй хүний зургийг сошиал сүлжээнд оруулж нийтээрээ жигших явдал гарах болсон байна. Үүнтэй холбогдуулан Тайландын ерөнхий сайд Прают Чан-о-ча мэдэгдэл гаргаж, ард иргэдээ хүлээцтэй байж, харилцан бие биенээ хүндэтгэхийг уриалжээ.

Тэрээр хар хувцас өмсөөгүй нэгнээ ойлгон хүндэтгэж, гашуудлын хугацаанд эв нэгдэлтэй байгаагаа харуулах нь чухал болохыг онцолсон байна.

Хар хувцасны үнэ өсөж, эрэлт нэмэгдсэн тул зарим хүмүүс хуучин хувцсаа будгийн газарт аваачиж хараар будуулах болжээ. Гэхдээ будгийн газрууд хүртэл үнээ нэмж байгаа тухай Бангкокын иргэд хэвлэлд ярьсан байна.

 

Тайландад өрнөж байгаа гашуудалтай холбоотойгоор Британий гадаад хэргийн яам өөрийн жуулчдыг тус улсад аялахдаа орон нутгийн ёс жаягт хүндэтгэлтэй хандан, даруу хувцаслахыг зөвлөжээ.

 

Эх сурвалж: Quartz