Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбадорж: Гадны чадварлаг эмч, мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдож, зөвлөгөө авах боломжтой боллоо

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт "Олон улсын цахим амбулатори"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Уг төв байгуулагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНХАУ-ын Хэн Хэ эмнэлэгтэй алсын зайн оношлогоогоор холбогдон нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авахаас гадна ажлын өдрүүдэд өвчтөний мэдээллийг солилцон түргэн шуурхай эмчилгээ, үйлчилгээний асуудлаа шийдвэрлэх ажээ. 

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Бямбадорж "Олон улсын цахим амбулатори нээгдсэнээр эмчид ирж үзүүлэх ажлыг онлайнаар хийх  боломжтой болж байгаа юм. Иргэд орон нутгийн болон дүүргийн ЭМТ-өөс цаг авч, манай профессор эмч нартай холбогдох цаг авч, онлайнаар зөвлөгөө авна. Бид цаг авсан иргэдийнхээ шинжилгээний хариу, шаардлагатай мэдээллийг товлосон цагаас өмнө бэлтгэж, зөвлөгөө өгөх эмчид хүргэсэн байх юм. Үүнд ямар ч нэмэлт төлбөр байхгүй. Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлнэ. 

Мөн манай эмнэлэгтэй хамтарч ажилладаг гадаад улсуудын эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдох боломжтой. Иргэд өндөр зардал гарган гадны орныг зорилгүй, эндээс гадаадын чадварлаг эмч мэргэжилтнүүдтэй холбогдож, зөвлөгөө мэдээлэл авна.

Энэ ажлыг БНХАУ-ын Бээжин хот дахь Хэн Хэ эмнэлгийн дэмжлэгтэйгээр хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шаардлагатай тохиолдолд БНХАУ-ын мэргэшсэн эмч нарыг УНТЭ-т урьж ажиллуулан, мэс засал хийхээр төлөвлөж байна" гэлээ.

УНТЭ-т дээрх “Цахим амбулатори”-ийг нээснээр цаг хугацаа, орон зайн хувьд асар их хэмнэлт гарч, эмч нарын үйл ажиллагаанд дэм болох төдийгүй үйлчлүүлэгчийн мэдээллийг богино хугацаанд дамжуулан, асуулт хариултын хэлбэрээр мэдээлэл солилцон, зөвлөгөө өгөх, авах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх мөн авах боломжтой болжээ.

"Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж байгаа ажлуудын нэг нь "Шилэн эрүүл мэнд" хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд Цахим амбулаторийг нээлээ. Эхний ээлжинд амбулторийн үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа ч цаашид анхан шатны эмнэлэг дээрээс томоохон эмнэлгүүд рүү сорьц тээвэрлэх, шинжилгээний хариуг иргэдэд онлайнаар хүргэх боломжийг бий болгоно.

Жишээлбэл, орон нутгаас С вирүсийн шинжилгээ өгөх болоход аймгаас сорьцыг ХӨСҮТ-рүү тээвэрлэж, хариугаа онлайн хэлбэрээр эргээд авах боломжтой гэсэн үг. Энэ нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, иргэдэд ч чирэгдэлгүй юм" хэмээн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэллээ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг