Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Түмэн: Чингис хаан баруунаас гаралтай байх ҮНДЭСЛЭЛГҮЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

МУИС-ийн эрдэмтэн Д.Түмэн, БНСУ-ын Чан Ан их сургуулийн докторант Г.Лхагвасүрэн нар Солонгосын хэсэг эрдэмтдийн хамт “Монгол хатны гэр бүлийн удмын судалгаа болон түүний Чингис хаантай ураг төрлийн холбоотой байх боломж” /Molecular Genealogy of a Mongol Queen’s Family and Her Possible Kinship with Genghis Khan/ нэртэй эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын “Plos One” сэтгүүлд 2016 оны есдүгээр сарын 14-нд хэвлүүлжээ. 

Уг өгүүлэлд 2004 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой хэмээх газраас нэрт археологич Д.Наваан олж илрүүлсэн монголын эзэнт Гүрний үеийн  бүлэг булшны дурсгалаас 11 булш малтан судалж, булшнаас илэрсэн эд өлгийн олдворт тулгуурлан алтан ургийнх байж болох  талаар таамаглал дэвшүүлжээ. Эдгээр дурсгалын малтлагаар илэрсэн долоон хүний  ясны олдворт хийсэн эртний ДНХ-ийн судалгааны  үр дүнгээр нэр бүхий эрдэм шинжилгээний өгүүлэл бичигдсэн байна. 

Харин энэ талаар буруу ташаа мэдээлэл Өмнөд Солонгосын мэдээллийн зарим сайтад нийтлэгджээ. Тухайлбал Чингис хааныг баруунаас гаралтай хүн байсан хэмээн мэдээлсэн юм. /Өмнө нь ийм утгатай мэдээлэл хэд хэдэн удаа гарч байсан/

Тиймээс бид энэ талаар тодруулахаар МУИС-ийг зорьж профессор Д.Түмэн багштай уулзлаа. Тэрбээр “Чингис хаан баруунаас гаралтай байх ямар ч үндэслэлгүй” гээд дараах мэдээллийг өглөө. 


-Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой гэх газраас олдсон Монгол хатны гэр бүлийн олдворын талаар мэдээлэл өгөөч?

-Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой гэдэг газарт нэрт археологич, доктор Д.Наваан багш маань  2004 онд Монголд анх удаа Эзэнт гүрний үеийн язгууртны бүлэг булш илрүүлэн анхны малтлагаа хийсэн  юм.  

Түүний удирдсан экспедиц 2004, 2005, 2007 онд нийт 11 булш  малтан судласнаас 2004, 2005 оны малтлагаар илэрсэн 7 хүний ясны олдворт ДНХ-ийн судалгаа хийсэн болно. Эдгээр 7 булшны 5 нь хоорондоо маш ойрхон толгойн энгэрийн орой хэсэгт, 2 нь нилээд зайдуу, бэлд  байрлалтай юм. 

Таван толгойд малтан судалсан оршуулгын дурсгал  язгууртных төдийгүй бас ойролцоо орших 5 булш ураг төрлийнх,  2 нь жирийн иргэдийнх байж  болох талаар таамаглалыг тухайн үед дэвшүүлсэн болно.Эдгээр олдворын  гурав нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй хүнийх гэж тодорхойлсон. 

Цаг хугацааны хувьд энэ олдворууд НТ 1,130-1,250 оны үеийнх гэдгийг Сөүлийн Их Сургуулийн цөмийн физикийн лабораторит шинжлүүлж, тогтоолгосон байгаа. 

Д.Наваан багшийн 2004 онд малтсан нэгдүгээр булш нь торгонд боосон цагаан шонхорын зурагтай  хоёр алтан бөгж атгуулан нутаглуулсан эмэгтэй хүний оршуулга  байсан болно. Шонхор нь Боржигон овгийн тотем байсныг Монголын Нууц Товчоонд тодорхой өгүүлсэн байдаг. Үүнээс үндэслэн эрдэмтэн Д.Наваан уг дурсгалыг Чингис хааны алтан ургийн удмынх байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлсэн. Мөн 2005 онд малтан судалсан 5-р булшнаас алтадсан бүүрэгтэй эмээл, алтан титэм, богтого малгайн чимэг зэрэг олон үнэт зүйлс олдсон байдаг. 

-Алтан ургаас яг хэн байж болох вэ. Энэ талаар судалгаа хийгдсэн үү?

- Д.Наваан багшийн дэвшүүлсэн таамаглал болон өөрийн чинь асууж буй энэхүү асуултыг аль нэг хэмжээгээр тодруулахаар булшны малтлагаас илэрсэн хүний ясанд молекул антропологи буюу ясны ДНХ-ийн судалгаа хийж, үр дүнг түүхэн сурвалжийн мэдээлэлтэй харьцуулсан юм.   

Чингис хааны хатан, дөрвөн хүүгийн ээж Хонгирад аймгийн хүн, үүнээс гадна Хонгирад аймгийн 18 бүсгүй Чингис хааны алтан ургийн хөвүүдийн хатан байсан талаар сурвалжийн мэдээ байдаг. Мөн Чингис хаан болон түүний хөвгүүд гүнж нараа  (охидоо) тухайн үеийн  овог аймгийнхны хан хөвгүүдэд хатан болгон гэрлүүлдэг байсан тухай түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт XIII зууны үед Онгуд аймаг оршин тогтнож байсан. Онгуд аймаг бол язгуурын Монгол аймгуудын нэг. 

Түүхээс хөөгөөд үзвэл Чингис хаан охин Алака Бэхиг Онгуд аймгийн ханхүүд хатан болгож өгсөн хэмээн сурвалжид тэмдэглэжээ. Үүнээс үндэслээд нэгдүгээр булшинд байсан алтан бөгжний эзэн эмэгтэй Чингис хааны охин бөгөөд Онгуд аймагт хатан болж очсон гэсэн Алака гүнж байж болох боломжтой гэсэн таамаглал дэвшүүлсэн.  

 
I булшнаас олдсон Боржигон овгийн тотем `Цагаан шонхор`-ыг дүрсэлсэн бөгж

-Генийн хувьд ямар мэдээлэл байна. Яагаад гадаадын зарим хэвлэлүүд Чингис хааныг баруунаас гаралтай хүн хэмээн бичих болов?

-Энэ долоон булшны 4 хүн (3 эрэгтэй, 1 эмэгтэйн олдворт) эхийн талаас удамшдаг  D4 гэсэн хаплогрупп буюу гентэй байсныг лабораторийн шинжилгээгээр тогтоосон болно. Энэ D4 ген өнөөгийн Монголчуудын 27.4 хувьд тохиолддог ба эхийн талаас удамшдаг. 

Харин зэргэлдээ оршуулсан байсан хоёр эрэгтэйн олдвор  эцгийн талаас удамшдаг R1b  гентэй байсныг тодорхойлсон. R1b ген Башкир, Коми, Татар, Турк, Герман гээд маш олон төрлийн үндэстэнд түгээмэл тархалттай байдаг. 

Тэгэхээр R1b ген Алака бэхи хатны хөвгүүдэд Онгуд гаралтай эцгийнх нь талаас удамшсан байж болох эсвэл хүүхдүүдийнх нь нөхрийнх нь талын ген ч байж болох магадлалтай юм. Тиймээс энэ генийг Чингис хааных гэсэн дүгнэлт хийгээгүй. 

Бидний өгүүллийг бүрэн уншаагүй юм уу гүйцэд ойлгохгүйгээсээ болсон уу ийм буруу ташаа мэдээлэл тарж байгаад харамсаж байна. 

-Тэгвэл та алтан ургийнхан буюу Чингис хааны генийн талаар мэдээлэл өгөөч. Барууны эрдэмтэд “Чингис хааны супер ген” хэмээн нэрлэсэн байдаг?

-Чингис хааны ген гэдэг бол дээр дурдсанаас өөр зүйл. Английн судлаач, генетикч Крис Тэйлор Смит эцгийн талаас удамшдаг буюу Ү хромосомын ДНХ-ийн судалгааг Хазаруудын дунд хийж Арабчуудад огт байдаггүй C3c хаплогруп буюу ген харьцангуй өндөр давтамжтай байна гэж тодорхойлсон.

Уг C3c ген нь өнөөгийн  Монголчуудад  байдаг. Судлаач судалгааны үр дүнгээ Дундад Азийн хүн ам болон  түүхэн сурвалжийн мэдээлэлтэй харьцуулан судлаад Цагадайн улсаас дамжиж ирсэн ген байж болох магадлалтай гэсэн дүгнэлт хийгээд үүнийгээ Чингисийн ген гээд нэрлэсэн байгаа. 

Тиймээс гадны зарим олон нийтийн мэдээлэл, хэвлэлээр мэдээлж байгаа шиг Чингис хаан баруун, тэр дундаа Европоос гаралтай гэсэн мэдээлэл буруу ташаа юм гэдгийг ойлгоно байх гэж найдаж байна.  

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.