Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Дэлгэрмэнд: Сайн аав, ээж байх оролдлогоос ШАНТАРЧ БОЛОХГҮЙ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийт, тэр дундаа Монголчуудын дунд сэтгэцийн эрүүл мэнд тулгамдаж буй асуудлуудын тоонд ороод байна. Сэтгэл зүйн эрүүл мэнд нь бүх насны хүмүүст хамаарах чухал асуудал бөгөөд энэ талаарх мэдээлэл, зөвлөгөө авах үүднээс бид Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй ярилцлаа.

- Сэтгэл зүйч гэж хэн бэ?

- Сэтгэл судлалын ШУ-нд сэтгэл судлаач, сэтгэл зүйч хоёр ялгаатай. Ерөнхийдөө энэ хоёр нь зөвлөгөө өгч, хүмүүст тусалдагаараа адилхан боловч сэтгэл зүйч нь клиник буюу анагаах ухааны талын мэдлэгтэй, эм жороор бичиж өгөх боломжтой хүмүүс байдаг.

Сэтгэл судлаач нь сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дамжуулан, олон нийттэй харилцан ажилладаг хүмүүсийг хэлдэг. Сэтгэл зүйч буюу сэтгэцийн эмч нар, клиник талдаа ажилладаг хүмүүс байдаг.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв буюу Монголд байгаа хамгийн том сэтгэцийн эмнэлэлэгт сэтгэцийн асуудал бүхий хүмүүс маш их очиж байна л даа.

Тэдгээр өвчтөнүүдийг бүх төрлийн эмнэл зүйн үйлчилгээгээр хангаж байна. Ерөнхийдөө сэтгэцийн өвчлөлд

  • Сэтгэл гутрал
  • Төрөл бүрийн донтолт
  • Төрөлхийн сэтгэцийн өвчлөл зэрэг орж байна. 
Сэтгэцийн ийм өвчлөлтэй хүмүүст сэтгэл зүйч, эмч нар бүх төрлийн үйлчилгээг үлзүүлдэг. Харин сэтгэл судлаач нар илүү харилцааны тал дээр асуудалтай, ямар нэг сэтгэцийн эмгэг өвчлөл байхгүй хэрнээ шинж тэмдэг ажиглагдаж байгаа хүмүүстэй ажилладаг юм.

Таван жилийн өмнөхтэй харьцуулбал сэтгэл судлаачдад хандах хүмүүсийн тоо өссөн хандлагатай байна. Нийгэмд сэтгэл зүйч, сэтгэл судлаачдын хэрэгцээ ихэсч байна гэсэн үг.

Бид зөвхөн хүмүүстэй харилцаж, зөвлөгөө өгөхөөс гадна сэтгэцийн эрүүл мэнд чухал гэдэг ойлголтыг өгөх үүднээс төрөл бүрийн сургалт, мэдээллийн үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж байна. 

Үүнээс гадна Монгол хүний сэтгэл зүйн үйлдэл болон хандлага сэтгэл зүйн талаас нь тайлбарлах зорилго бүхий судалгааны ажлыг хийдэг. 

- Хүмүүс ихэвчлэн ямар асуудлаар ирдэг юм бол?

Энэ нь ямар хүмүүсийг хүлээж авахаас шалтгаална. Сэтгэл судлаачид бид, 

  • хосын харилцааны асуудалтай, 
  • хүүхэд хүмүүжүүлэх тал дээр дутагдалтай ээж аав нар, 
  • өсвөр насны хүүхэд,
  • бие хүний буюу өөрийн зорилго, чиглэл, зан байдлыг тодорхойлох зэрэгт дутагдалтай байгаа хүмүүстэй ажилладаг юм.

- Монголд сэтгэл судлаачид өөрсдийн үүргээ бүрэн гүйцэтгэж чадаж байгаа болов уу?

- Сэтгэл зүйч, сэтгэл судлаачдыг дэмжиж ажилладаг ямар нэг нэгдсэн байгууллага байдаггүй. Тэгэхээр мэргэжлийн зарим байгууллага, хувь хүмүүс өөрсдийн хүч хөдөлмөрөөр үйлчилгээ явуулдаг гэсэн үг.

Манай Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн хувьд тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэж, хийж чадах зүйлсээ хийж байгаа гэж боддог. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд өсвөр насны хүүхдүүдийн дунд судалгаа хийж, Монгол хүүхдийн үйлдэл, сэтгэл зүйн хандлагын талаар судалгаа хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сургалтуудыг зохион байгуулж ажиллаж байна л даа.

Гэхдээ үүнээс илүүг хийх боломж байгаа. Нэгдсэн системд орж, ажиллаж чадвал бүр ч илүү боломжууд гарч ирнэ. Бид үүний төлөө ч мөн ажиллаж байна.

- Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байхад нөлөөлөх хүчин зүйлс нь юу юм бол?

- Мэдээж гэр бүлийн гишүүд өөрсдөө хичээж байж эерэг сайхан уур амьсгалтай байна шүү дээ.

Аав, ээж хоёр хоорондоо учир зүйгээ ололцдог, юу хүсч байгаагаа маш зөв тодорхой хэлж чаддаг, асуудал тулгарахад хамтдаа даван туулах хичээл зүтгэл гаргадаг байх хэрэгтэй.

Хэрвээ аав, ээж хоёр үл ойлголцолтой, хүүхдүүдээсээ өөр өөр зүйлийг хүсдэг, өөр өөр шаардлага тавьдаг, харилцааны тал дээр дутагдалтай байвал хүүхдүүд гэр бүлээс зугтааж, өөрийг нь хүлээн зөвшөөрөх өөр орчныг хайж эхэлдэг.

Тэгэхээр хамгийн түрүүнд аав, ээж хоёр нэг нэгийгээ ойлгодог, зөв харилцаатай байвал хүүхдүүд үлгэр дуурайл авахаас гадна би энэ гэр бүлд хэрэгтэй хүн юм байна, гэр бүлийн уур амьсгалыг би тодорхойлох юм байна гэдгээ ухамсарладаг. 

Өөрийн үнэ цэнийг мэдэрч буй хүүхэд хийж буй ямарваа үйлдлүүд нь бусдад нөлөөлж байдаг гэдгийг ойлгосон байдаг.

Нөгөө талаас хэрэв эцэг эх нь тусдаа амьдрах болсон бол энэ нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжинд шууд нөлөөлдөггүй. Нэгэнт тогтсон өөрийгөө үнэлэх үнэлэмж өөрчлөгдөх нь удаан байдаг.

Тодорхой хугацааны турш хүүхдийг буруутгах, ямар нэгэн асуудлын шалтгаан гэсэн үзлээр харилцах нь хүүхдийн эерэг үнэлэмжийг сөрөг болгох томоохон хүчин зүйл болдог.

Тэгэхээр ээж, аав нар тусдаа хүүхдээ өсгөх шийдвэрийг гаргасан бол хоорондоо сайн ойлголцон тохиролцох хэрэгтэй.

Энэ шийдвэрийнхээ шалтгааныг ямар нэгэн байдлаар хүүхэдтэйгээ холбохгүй байх нь хүүхэд өөрийгөө хэрэгтэй хүн гэдэг мэдрэмжтэйгээ хэвээр үлдэх боломж олгодог.

- Тэгвэл хүүхдэд гар хүрэх асуудлын талаар юу гэж хэлэх вэ?

- Хүчирхийлэл, шийтгэл хоёр хийж байгаа үйлдэл нь адилхан боловч зорилго нь өөр өөр байдаг. Хүчирхийлэл бол өөрийнхөө төлөө буюу өөрийнхөө уур бухимдлыг гаргаж, тухайн үеийн сэтгэл хөдлөлд автагдан хийдэг үйлдэл.

Энэ үед хүүхдээ зодсоны дараа ямар нэгэн байдлаар тайвширч, бухимдал тайлагддаг нь хүчирхийллийн илэрхийлэл болдог. 

Хүмүүжлийн арга буюу шийтгэл нь хүүхдийнхээ буруу хийсэн үйлдлийг хязгаарлах гэж, хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлэх гэж хийж байгаа үйлдлийг хэлнэ. Тэгэхээр энэ хоёр үйлдэл зорилгын хувьд ялгаатай.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн хүүхдийн талаас авч үзвэл хүчирхийлэл огт мэдээгүй байхад гэнэт болдог. Тийм учраас хүчирхийлэлд өртсөн хүүхэд маш аймхай, аливаа юмнаас цочимтгой болсон байдаг.

Харин хүмүүжлийн аргаар шийтгүүлж буй хүүхэд би ямар нэг буруу зүйл хийсэн учраас одоо би шийтгүүлнэ гэсэн хүлээлт байдаг. 

- Хүмүүжлийн аргаар зодох нь байж болох зүйл үү. Байх ёстой зүйл үү?

- Байж болох зүйл болохоос ёстой зүйл биш. Харин байх ёстой зүйл нь юу вэ гэхээр хүүхэддээ шаардлага тавих. Шаардлага тавиад, тавьсан шаардлагаа цаг тухайд нь шалгаад явах нь байх ёстой зүйл. 

Тэгвэл шаардлага тавилаа, удаа дараа шалгалаа, шалгалтанд тэнцсэнгүй. Хийж, сурах ёстой зүйлээ удаа дараа хийхгүй байсан тохиолдолд эцсийн арга нь шийтгэх байж болно. Эцэг эхчүүдэд хандаж, асуухад "Үлдсэн амьдралынхаа туршид хүүхдээ зодохгүй өсгөж чадах уу" гэдэг асуултанд хариулаасай гэж хүсч байна.

Энэ нь бидний үйлдлийн зөв буруугийн заагийг ялгаж байдаг асуулт. Хэрвээ та чадна гэж хариулж байвал хүүхэд хүмүүжлийн олон зөв аргуудыг бүрдүүлж чадсан эцэг/эх байна гэж өөрийгөө дүгнэж болно. 

Харин чадахгүй гэж хариулж байвал энэ асуултанд яавал чадна гэж хариулж болох вэ гэдэг арга замуудыг олох хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ гар хүрсэн үедээ өөрийгөө муу ээж, аав гэж дүгнэх хандлагууд байдаг. Сайн ээж, аав байх оролдлогоос шантарч болохгүй.

Хүүхэддээ олон давтамжтай, гэнэтийн гар хүрэх нь хүүхдийн зан аашинд сөргөөр нөлөөлдөг болхоос нэг удаагийн шийтгэлүүд нь бага нөлөөтэй байдаг учраас хэтэрхий их санаа зовохгүй байхыг хүсч байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хүүхэддээ шаардлага тавь, дүрэм журмыг бий болго, тэгээд түүнийгээ тогтмол шалга.

- Гэр бүл салалтын үндэс, үүнийг үүсгээд байгаа учир шалтгаан нь юу вэ?

- Маш олон зүйлээс шалтгаалж салалт үүсдэг. Гэхдээ энэ удаад зөвхөн нэг шалтгааныг онцлохыг хүсч байна.

Хамгийн суурь шалтгаан нь алсын хараатай, урт хугацааны зорилгоо умартахаас​ үүдэж байна. Гэр бүлийн амьдрал тогтвортой байх гурван үндсэн хүчин зүйлийг,

  • Дотно байдал
  • Тууштай байдал буюу урт удаан хугацаанд хамт байна гэдэг шийдвэр
  • Харилцааны ур чадвар (найз нөхөд байх чадвар) гэж үздэг. 

Харилцааны ур чадвар сул, дотно харилцаан дээр асуудалтай зэрэг шалтгаанууд байдаг боловч тэдгээрээс өмнө эхлээд бид хоёр үлдсэн амьдралынхаа туршид хамт байна гэдэг шийдвэрийг гаргасан гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй.

Салж буй гэр бүлийг ажиглаад байхад тууштай байдалдаа үнэнч байж чаддаггүй. Анх гэр бүл болохдоо олон жилийн турш хамтдаа байж, амьдралаа босгох гэсэн төлөвлөгөөн дээр бус зөвхөн дотно байдлаас үүдэж хамт амьдрах шийдвэр гаргачихсан байдаг нь нэг шалтгаан болдог.

 

Тэгэхээр эхлээд хосууд үлдсэн амьдралынхаа туршид гэдэг үгтэй өөрсдийн харилцаагаа үргэлж холбож бодвол салалт, гэр бүлийн харилцааны доголдолууд тодорхой хэмжээгээр буурна гэж бодож байна.

Үүнээс гадна бүх зүйл минийхээр байх ёстой гэж бодолгүй бүх зүйл биднийхээр байх ёстой гэдгийг ухамсарлах нь чухал л даа. Миний өөрийн эрх ашиг гэхээс илүү бидний хамтын шийдвэр хамгаас чухал гэдгийг мэддэг байх хэрэгтэй.

Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг тэргүүнд байлгах гэвэл энэ нь хүчирхийллийн эхлэл болж хувирна. 

- Хэрэв гэр бүлийн маш хурц асуудалтай хүн танд хандвал та сал гэж хэлж чадах уу?

- Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэдгийг тухайн хүний асуудлыг нэг тийш нь болгож, шийдэж өгнө гэж ойлгож болохгүй. Бид зөвлөгөө өгдөг. Гэхдээ зөвлөгөөний үйл явцын хүрээнд бид үйлчлүүлэгчээс асуулт асуудаг. 

Асуулт маань маш олон давуу талыг бүрдүүлдэг. Энэ нь юу вэ гэхээр асуулт асуухад үйлчлүүлэгч,

Өөрийнхөө талаар бодож эхэлдэг. Сэтгэл дотроо хадгалж байсан янз бүрийн бодлоо гаргаж эхэлнэ. Дараа нь би ийм шалтгааны улмаас заримдаа гомдож, надад бухимдал төрдөг юм байна гэх мэтчилэн асуудлын цаад шалтгаануудыг ухаардаг. 
Цаад шалтгаануудыг ухаарснаар, хүн өөрийгөө ойлгож, өөртэйгөө ярилцана. Үр дүнд нь цаашдын шийдвэрийг гаргах чадвартай болдог. 

Тэгэхээр зөвлөгөө өгч байгаа бидний зүгээс үйлчлүүлэгчид шийдвэр гаргахад нь тусалдаг, харин үйлчлүүлэгч өөрөө асуудлаа шийдвэрлэдэг гэсэн үг.

Тэрнээс бид хүний олон жилийн амьдралыг хэдхэн цагийн хугацаанд сонсоод дараагийн хэдэн жилийн амьдралыг хэлж өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид зөвлөгөө өгдөггүй.

Харин тухайн хүний хамгийн үнэ цэнтэй зүйл дээр шийдвэр гаргахад нь нөлөөлөх хүчин зүйлсүүдийг гаргаж ирдэг. Тухайн хүн өөрөө өөрийгөө сонсох орон зайг бүрдүүлж өгдөг гэсэн үг.

- Саяхан болж өнгөрсөн долоон настай хүүгийн хэргийг сэтгэл судлаачийн үүднээс яаж харж байна вэ?

- Сэтгэл судлаач хүний хувьд би бүх үйлдэлд хязгаар байдаг гэдэгт итгэдэг. Үйлдэл бүр нь хоёр туйлын хооронд хязгаарлагддаг гэж бодвол туйл дээрх үйлдлүүд нь хүмүүс, гэр бүлүүдэд хортой байдаг. 

Жишээ нь хардах гэдэг үйлдлийг авч үзье. Энэ нь зөвхөн өөрийн байлгах зорилго бүхий бүх л үйлдлийг хамрана. Огт хардахгүй байх, үргэлж хардах нь аль аль нь сөрөг нөлөөтэй. Үйлдлүүд нь энэ хоёр туйлын хооронд буюу төв рүүгээ ойрхон байвал хамгийн тохиромжтой байдаг. 

Таны асуултны тухайд гэвэл тухайн хүний хийсэн үйлдэл нь үргэлж хардах гэдэг туйлаас хэтэрсэн, нийгмийн хэм хэмжээнд байж болохгүй гэмт хэрэг мөн. 

Харин гэмт хэрэгтний үйлдэл нь Монголын гэр бүл бүрт байдаг үйлдэл үү гэвэл огт тийм биш. Байх ёстой хэм хэмжээнээсээ хэтэрсэн ийм үйлдэл Монголын нийгэмд олон байхгүй. Тиймээс энэ үйлдлийг бүх гэр бүлүүдийн хардалтын илэрхийлэл гэж хүлээж авахгүй байх нь зөв. 

- Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн тухайд?

- Сэтгэцийн эрүүл мэнд хүнд байгаа гэж ярьж байгаа. Зөвхөн Монголд ч биш дэлхий дахинд анагаахын шинжлэх ухаанд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол сэтгэцийн эрүүл мэнд.

Бүгд нэг нэгэндээ ойр байж, нэг нэгэндээ анхаарал тавихгүй байгаад ирэхээр орон зайн хувьд, нийгмийн хүрээллийн хувьд, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хувьд бүх зүйлс хумигдаж, ингэснээр сэтгэцийн эмгэгүүд гарч ирдэг. 

Монголчуудын хувьд бусад орнуудтай харьцуулахад стресс их байгаагийн шалтгааныг нэг нэгнээсээ асуулт асуудаггүйтэй холбомоор байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өмнө нь хэлсэн шүү дээ. Асуулт өөрөө маш гайхамшигтай зүйлсийг бий болгодог. Өөрөө өөрийгөө таньж мэдэх боломжийг олгодог. Өөрийгөө таньж мэддэг хүн стресстээд байдаггүй.

Тухайлбал, дэлгүүрт очлоо гэж бодъё. Хэн ч, юу ч асуудаггүй. 

  • Та юу худалдаж авах вэ?
  • Ямар төрлийн хувцас сонирхож байна вэ?
  • Хэзээ өмсөх вэ?
  • Хэр удаан өмсөх вэ?
  • Аль нь танд таалагдаж байна вэ? гээд л асуудаггүй. 

Бүх төрлийн үйлчилгээний байгууллагад хандахад ямар ч асуулт байдаггүй. Эрүүл мэнд, санхүү, боловсрол, худалдаа гээд бүх төрлийн байгууллагад ажиллаж буй хүмүүс тухайн хүнийг судлах асуулт асуудаггүй.

Асуулт асуухгүй учраас хүмүүс өөрийгөө хэр эрүүл байгааг, хэр боловсролтой байгааг, хэр зөв худалдан авалт хийдгээ мэддэггүй.

Тэгэхээр бүх талын үйлчилгээний хүрээнд авч үзэхэд өөрийгөө таньж мэдээгүй байна гэсэн үг. Өөрийгөө мэдэхгүй байгаа учраас бухимдах нь их байгаад байна.

- Сүүлийн үед Монгол хүүхдүүд хүмүүжил, төлөвшлийн тал дээр дутагдалтай байна. Аливаад хүлээцтэй хандах нь багассан. Энэ тал дээр юу гэмээр байна?

- Хүүхдийн төлөвшил муу байх, хүлээцтэй байдал муу байгаагийн шалтгаан олон байна. Аливаад түргэн хариу үйлдэл үзүүлдэг, анхаарал муутай болоод байгаа нь гэртээ дүрэмгүй байгаагийн илрэл. Компьютер, ухаалаг утас, зурагтаар гарч байгаа янз бүрийн кино зэрэг нь хүүхдийн сэтгэлзүйд олон талын сөрөг нөлөөтэй.

Гэхдээ сөрөг нөлөөний талаар хүүхэддээ ярьж ойлгуулахаас илүүтэй гэр бүлээрээ дагаж мөрддөг ухаалаг хэрэглээний дүрэмтэй болох нь хамгийн чухал.

Орой бүр номын цаг, аав ээжийн тоглоомын цаг, хагас сайн өдрийн амралтын цаг, өдөр бүр 10:00 цагт бүгд унтдаг байх, wi-fi унтраадаг байх гэх мэтчилэн олон дүрмүүдийг гэр бүлээрээ мөрдөж болно.

Хүүхдийнхээ анхаарлыг нэмэгдүүлье, харилцааны хувьд нээлттэй байлгая, сониуч болгон өсгөе гэвэл ээж, аав нар эхлээд тэвчээртэй байж гаргасан дүрмүүдээ гэртээ өөрсдөө мөрддөг байхаас эхэлнэ.