Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД: Гурав дахь алтан баззерын эзэн

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN

Энэ жилийн Авьяаслаг Монголчууд шоуны гол онцлог бол дөрвөн шүүгч өөрт таалагдсан авьяастандаа тус бүр нэг нэг, хоёр хөтлөгч хамтдаа нэг алтан баззер дарах эрх юм.  Тус шоуны өмнөх дугааруудын үеэр Рокет бэй, Дээгий шүүгч өөрт таалагдсан авьяастандаа алтан баззер дарсан.

Харин дараагийн алтан баззерыг хэн дарах бол? Ямар авьяастан алтан баззерын эзэн болох бол гэсэн хүлээлт нилээд байлаа. Энэ хүлээлт өчигдөр биелэлээ олж Авьяаслаг Монголчууд шоуны гурав дахь алтан баззер тодорлоо. Чимгээ шүүгчийн алтан баззер дарсан Төв аймгийн Өндөр ширээт сумаас оролцогч Б.Тунгалагтамир нөхөр, зургаан хүүхдийн хамт амьдардаг, мянгат малчин болоход ойртож байгаа нэгэн гэнэ.

Өөрийн дуртай зүйлээ хийхийн тулд нөхрийгөө панаалдан байж Авьяаслаг Монголчууд шоуг зорин ирсэн түүний чин хүслийг Чимгээ шүүгч үнэлэн алтан баззер дарсан биз ээ. Зөвхөн чин хүсэл ч биш, дууныхаа фонаграмыг шалгаруулалтанд оролцох өдрөө сонсоод орж ирсэн гэхэд маш сайхан дууллаа гэж шоуны шүүгчид дуу нэгтэйгээр түүнийг магтсан юм. Хээгүй Монгол зан, хэлэмгий үг яриагаараа үзэгч, шүүгчдийг байлдан дагуулсан алтан баззерын эзэнд амжилт хүсье.

Авьяаслаг Монголчууд шоунд язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн Алтай хамтлаг

Авьяаслаг Монголчууд шоуны 6-р дугаарын бас нэгэн онцлох оролцогчдын нэг нь үндэсний өв соёлын тусгал болсон Алтай хамтлаг байлаа. Үнэхээр ч Авьяаслаг Монголчууд шоуг дэлхийн бусад Got talent-аас ялгаруулах гол онцлог нь үндэсний өв уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд юм.

Хамтлаг болж нэгдээд таван жил болж буй Алтай хамтлагийн залуус удам дамжсан уран бүтээлчид гэдгээрээ онцлогтой гэнэ. Тус хамтлагийн ах, дүү бий биелгээчид л гэхэд 12 дахь удмын бий биелгээчид гэнэ.

Алтай хамтлагийнхан гэдгээрээ язгуур урлагийн үзүүлбэрээр тус шоунд оролцож байгаа авьяастнуудаас удмын бүтээлчид гэдгээрээ ялгараад зогсохгүй, язгуур заяат Монголчуудын төлөөлөл болсон хувцас, уран хийц бүхий өвөрмөц содон хөгжмийн зэмсгүүдээрээ онцлог байлаа.