Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хөлбөмбөгчид Сирид хожигдож үндэстэн даяарaa гашууджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөсөн Пүрэв гарагт Хятадын хөлбөмбөгийн шигшээ баг дайнд нэрвэгдсэн Сирийн багт хожигдсоноор 2018 оны ДАШТ-д шалгарах эсэх нь эргэлзээтэй болж, ойрын жилүүдэд дэлхийн аварга болох тухай саналтгүй гэдгээ мэдэрсэн байна. ФИФА-ийн эрэмбээр 78-д жагсдаг Хятадын хаалганд 114-д эрэмбэлэгддэг Сирийн тамирчин Махмуд аль-Мавас 54 дэх минутанд гоол оруулжээ.

Сиань хотын Зучүе цэнгэлдэх хүрээлэнд 40,000 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ийнхүү ичгүүртэй хожигдол хүлээсэн байна.

 

Үлдсэн хугацаанд Хятадууд давамгай тоглолт үзүүлсэн ч тэнцээний бөмбөгийг оруулж чадсангүй. Урьдчилсан шалгаруулалтын тэмцээнд өмнө нь Өмнөд Солонгост хожигдоод байгаа Хятадын шигшээ баг 2018 оны ДАШТ-д оролцох магадлал эрс буураад байна.

Шившигтэй ялагдлын дараа Хятадын фэнүүд сошиал сүлжээнд өөрийн багийг хүчтэй шүүмжилж эхэлжээ. Тэдний зарим нь “Дайнд олон жил нэрвэгдсэн, шүүгч нь дөнгөж 2,000 юаний цалин сард авдаг Сирийн багийг олон саяын орлоготой манай тамирчид барсангүй. Бодох цаг болжээ” гэсэн бол нөгөө хэсэг нь “Хятадын хөлбөмбөгийн шигшээ баг гэж байх хэрэггүй болжээ. Татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрэхийн нэмэр” гэсэн байна.

Үүгээр ч зогсолгүй олон мянган хөгжөөн дэмжигчид гудамжинд жагсан Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн Цай Зенхуаг огцрохыг шаарджээ.

Хятад улс хөлбөмбөгийг онцгой анхаарч, улсын тэргүүн Ши Жиньпин 2011 онд “Хятадын хөлбөмбөгийн гурван зорилт” гэгчийг зарлаж байв.

Уг гурав нь ДАШТ-д шалгарах, ДАШТ-ийг зохион байгуулах, Дэлхийн Аварга болох юм. Үүний дагуу 2015 онд Хятадын засгийн газар хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гаргаж, Рональдо зэрэг одуудтай хамтран тусгай сургуулиуд олныг нээж эхэлсэн байна.

Одоогоор Хятад даяар байгаа 5,000 хөлбөмбөгийн тусгай сургалттай сургуулийн тоог 2020 онд дөрөв дахин нэмэгдүүлж 20,000 хүргэнэ гэж төлөвлөжээ.

Гэвч саяын ялагдал нь Хятадуудын мөрөөдөлд том цохилт боллоо.

 

Эх сурвалж: CCTV5, cnwest.com