Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

С.Наран: ЗӨВ ШИЙДЭЛ гаргаж, ашиглаж чадвал ДАХИВАР НӨӨЦӨӨР их зүйл хийх боломжтой

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 8
iKon.MN
 

Манай улсын хувьд шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудын нэг бол хог хаягдал. Харин энэ асуудлыг шийдэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж, дахивар нөөцөнд тулгуурлан төрөл бүрийн шинэ санаа, арга шийдэл боловсруулан, ашиглах "DECO" төслийг санаачлан хэрэгжүүлж буй, Монголын Соёл, Урлагийн салбарт өөрийн өнгө төрх, өвөрмөц хоолойгоороо гайхагддаг, уран бүтээлч, дуучин С.Нарантай ярилцлаа.

- Төслийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

- Бидний хэрэгжүүлж байгаа төсөл бол DECO нэртэй төсөл байгаа. DECO гэдэг нь дахивар нөөцөнд тулгуурласан ЭКО хөгжил юм гэж ойлгож болно. Эргэж ашиглагдах хог хаягдлыг дахивар гэж нэрлэдэг. Тэгэхээр дахивар хог хаягдлын нөөцөнд тулгуурласан эко хөгжил гэсэн үг л дээ.

Өдөр тутамд бид маш их хог хаягдлыг бий болгодог. Тэр дунд ашиглаж болох, ашиглаж үл болох, галд шатахгүй, шатамхай зэрэг янз бүрийн хог хаягдал байна. Эндээс ашиглаж болох хаягдлыг буцаан хэрэглэх боломжтойг харуулах зорилготой төсөл байгаа юм.

Тухайлбал айл гэрийг тохижуулах, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийх зэргээр хэрхэн тэдгээрийг ашиглаж болохоор байна, бүхий л талын боломжийг харж, хүмүүсийн бүтээлч ухамсар, оюун ухаан руу чиглэсэн ажил юм.

Болсон болоогүй янз бүрийн эд хогшлийг зардал гарган авч байгаа боловч хуучин хэрэглэхээ больсон, хаях гэж байгаа зүйлүүдийг ашиглан өчнөөн боломж, бололцоо байдаг. Зөвхөн залхуу хойрго сэтгэлгээнээс болоод хүн мэдэхгүй, ухамсарлахгүй байна шүү дээ. Үүнийг л ухааруулах зорилготой ажиллаж байна даа.

Энэ удаад бид VTV телевизтэй хамтран Баянзүрх дүүргийн 5-р хорооны оршин суугч Мөнхөөгийн гэрт эхний тохижилтийг хийж, нэвтрүүлэг хийсэн байгаа. Долоо хоног бүрийн гурав дахь өдөр 20:00 цагаас гардаг.

Энэ нэвтрүүлгээс хамгийн гол нь хашаан дотроо, өөрийн орчин тойронд үргэлж шинэ зүйлийг мөнгө санхүү зарж авч байхын оронд өөрт байгаа ашиглаж болох дахивар нөөцүүдийг зөв нүдээр олж харж чадвал ямар чухал хэрэгцээтэй зүйл болж болохыг харж болно.

 

- Юу таныг энэ ажилд оролцуулах болов?

- Би ёс суртахуунгүй байдалд угаасаа их дургүй л дээ. Орчин тойрноо хайрлаж цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг бөгөөд эргээд бид сайхан, тайван мэдрэмжийг орчин тойрноосоо л авдаг.

Гэвч бид нэг л их завгүй гүйсэн хүмүүс гэтэл маш их хогон дунд амьдарч, томчуудаасаа эхлээд хүүхдүүд хүртэл хогоо ил задгай хаяж байна. Явж байгаад л ундааныхаа савыг шидчих юм.

Нэг их үнэтэй машин уначихаад, идэж уусан зүйлийнхээ хаягдлыг цонхоороо шидчихэж байна. Сайхан байшинд амьдарч байж бас л цахилгаан шатандаа, цонхоороо, хүмүүс амарч буй газруудаар харгис өөдгүй арчаагүй хувиа хичээсэн зангаараа хогоо хаясаар л....

Үнэхээр бид бодохгүй бол болохоо байжээ. Дур зоргоороо, замбараагүй, цамаан, арвич хямгач биш, бүтээлч биш болчихсон байна. 

Хогоо хогийн саванд хийж болж байна. Хогийн сав байхгүй бол цүнхэндээ, халаасандаа, машиндаа байлгаж байгаад хогийн саванд хийж болж байна шүү дээ. Бүх талаараа цэвэр цэмцгэр, цэгцтэй байж сурах хэрэгтэй. Хэрэв цэгцтэй, цэвэрч нямбай байвал бид сайхан орчинд амьдарна шүү дээ.

Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд өдөрт тонн тонноор хог хаягдал гарч байна. Бид хогон дунд амьдарч байна​. Тэр их зам цэвэрлэдэг, гудамж цэвэрлэдэг ажилчид хөлсөө гартал цэвэрлээд байхад хүн гэж тоосон шинжгүй өөр хэсэг хүмүүс нь хогоо хаяад л байдаг. Болохгүй шүү дээ.

Хүн амьдарч байгаа л бол тэр хэрээр ухамсартай, зарчимтай, хүмүүжил, ёс суртахуунтай байх ёстой. Нийгэмдээ зөв үлгэр болж, эсвэл нийгмийн хөгжилд тус нэмэр болохгүй юм аа гэхэд өөрөө ухамсартай байх хэрэгтэй. 

Иймэрхүү байдал намайг эмзэглүүлдэг байсан л даа. Тийм учраас ерөөсөө хүмүүсийн ёс суртахуун, ухамсарт нь нөлөөлсөн зүйл хийх хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Ойлгохгүй, мэдэхгүй байж болно. Хийгээд үзүүлбэл бага ч гэсэн ухаарах болов уу гэж бодсон учраас энэ төслийг санаачилж, зохион байгуулж байгаа юм.

- 2015 оны үед энэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэсэн?

- Тийм. Тухайн үед дизайнер Б.Энэрэлтэй, Н.Мягмаржаргал мөн Ротаричууд маань хамтраад анх хаягдал материалуудаар барилгын дотоод засал чимэглэлд зориулсан эхний бичил үзэсгэлэнгээ гаргаж, багахан хэмжээний хүлээн авалт хийж байсан юм. 

Дараа нь 2015 оны гуравдугаар сарын 8-нд “Welcome to My Heart” тоглолтын үеэр манай төслийн хамт олон мөн жижиг хэмжээний үзэсгэлэнг гаргасан. Үзэсгэлэнгийн үеэр зарим шинэ санаа, бүтээгдэхүүнүүдийг хүмүүс худалдаж авсан. Үнэхээр зөв шийдэл гаргаж, ашиглаж чадвал дахивар нөөцөөр маш гоё үзэмжтэй зүйлүүдийг бий болгож болно л доо.

 

Харин гурав дахь ажил маань энэ удаад VTV телевизтэй хамтарч нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байна. VTV телевизийнхэн маань маш сайхнаар хүлээн авч, өөрсдөө ч гар бие оролцож, Баянзүрх дүүргийн үерт автсан айлд тусалж, маш сайхан ажил хийлээ.

- Төслийн хэрэгжих боломж бололцоо, хэрэгжих хугацааны тухай ярьвал?

- Мэдээж хаягдал хог, дахивар нөөц хаа сайгүй байгаа боловч хугацаа хэтрэх зэрэг шалтгаанаас үүдээд тэр болгоныг ашиглаж болдоггүй юм байна. Гэхдээ манай төслийн баг аль болох ашиглах тал дээр боломжуудыг судалж байна. 

Дараагийн үйл ажиллагаагаа нэлээн томоохон газар хийхээр төлөвлөж байна. Хүмүүсийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлдэх газар хийхээр болсон байгаа. Энэ удаагийн ажлын хүрээнд маш гоё үзэмжтэй, сонирхолтой зүйлүүдийг бодож төлөвлөсөн.

Төсөл хэрэгжих хугацааны хувьд дуусашгүй. Учир нь хаягдал хэзээ ч дуусахгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүсийг дахивар нөөцөө ашиглаж суртал энэ ажил үргэлжилсээр байх болно.

- Төслийн үр дүнг яаж төлөвлөж, харж байгаа вэ?

- Маш том зорилго тавьж ажиллаж байгаа. Би Монгол Улсыг дахивар нөөцөөр хийсэн бүтээлийн хотхонтой болгохыг мөрөөддөг. Хүмүүс энэ хотхонд очиж зугаалдаг, дэлхийн өнцөг булан бүрээс энэ хотхоныг сонирхон ирдэг байж болно шүү дээ. Гадаадын чадварлаг дизайнерууд энэ тал дээр бидэнтэй хамтран ажиллах хүртэл зүтгэх болно.

- Дахивар нөөцийг ашиглах боломжуудыг судалсан тухайгаа ярьвал?

Манай улсад хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байхгүй. Дээрээс нь үйлдвэр байгуулах хөрөнгө мөнгө, бололцоо нь байхгүй шүү дээ. Тэгэхээр хаягдлыг тэр чигээр нь хэрхэн ашиглаж болохыг сайн судлах хэрэгтэй.

Хуванцар савыг цэцгийн сав болгож ашиглаж болж байна. Шилээр лааны суурь, стакан хийж болж байна. Хэвийг нь өөрчлөөд төрөл бүрийн зүйл хийж болно.
Янз бүрээр сэтгээд, янз бүрийн шийдлээр маш олон зүйл хийж болно.

- Энэ ажил хэрэгжсэнээр байгаль орчин, улс орны хөгжилд сайнаар нөлөөлнө шүү дээ. Үүнийг яаж харж байна. Хөгжлийн өөр ямар гарц нээгдэх бол?

Мэдээж улс орны эдийн засагт маш их хувь нэмэр оруулна. Хамгийн чухал зүйл бол ёс суртахуун, мөн байгаль орчин. Тухайлбал хуванцар сав, гялгар уут, зай гээд л өчнөөн жил хогийн цэг дээр хөрс, агаарыг хордуулаад байж байна. Өчнөөн олон жилийн дараа ч газар ухахад гялгар уут гараад л ирдэг. 

Тэгэхээр бид үүнийг гоёл, засал чимэглэл, тохижилт зэрэгт ашиглавал орчиндоо үзэмж нэмэхийн зэрэгцээ бохирдож байсан газар, орчинг эрүүл, цэвэр болгож өөр бүтээн байгуулалтанд ашиглах боломж бололцоо нээгдэж байна гэсэн үг шүү дээ.

- Дэлхийн бусад улс орны хувьд энэ асуудлыг хэрхэн шийдсэн байдаг юм бол?

- Бусад хөгжингүй орнууд дахин боловсруулах үйлдвэр байгуулчихсан байна. Гэтэл манайхан бол хаяж л байдаг. Бусад орнуудын хувьд дахивар нөөцийг ашиглаад орчин тойрноо тохижуулна, гадаад дотоод засал чимэглэлд ашиглана.

Зөвхөн дугуйны гинжээр бүтээгдэхүүн хийдэг дизайнерууд европт олон байна. Нэг дугуйны гинжээр хийсэн гэрлээ 20,000 еврогоор худалдаалж байна.

 

Ингээд бодохоор хаягдал зүйлийг ашиглаад өөрийнхөө амьдралд хэрэгцээ шаардлагатай бүхэл бүтэн санхүүг зохицуулаад явж байгаа хүн байна. Эзэмшсэн мэргэжлээ ашиглаад заавал шинэ бүтээл дээр гэлтгүй хуучин зүйлийг ашиглаад хийж бүтээгээд явах боломж өчнөөн байгаа юм. Манайд ийм боломж бүрэн нээлттэй байна. Би хүн бүрийг ийм бүтээлч болоосой гэж бодож байна. 

- Уран бүтээлч хүнтэй ярилцаж байгаагийн хувьд энэ талаар асуухгүй өнгөрч болохгүй. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

- Одоогоор бид удахгүй болох гэж байгаа Чука ахын тоглолтын бэлтгэл дээр ажиллаж байна. Дараа нь Л.Балхжав ахын тоглолт болох гэж байна. Шинэ уран бүтээлийн хувьд Л.Балхжав ахын тоглолтон дээр дуулагдах хоёр шинэ дуун дээр ажиллаж байна. Сайхан дуу болох байх гэж бодож байна.

- Та олон жил урлаг соёлын салбарт ажилласан. Гадаадын улс орнуудад уран бүтээлээ хийж байсан хүний хувьд Монголын Соёл, Урлагийн салбарын талаар ямар бодолтой явдаг вэ? 

- Монголын Соёл, Урлагийн салбар бол нэлээн хүнд. Маш бага зах зээлд, хэцүү нөхцөлд ажиллаж байж амжилт гаргадаг.  Жижиг зах зээл урлагийн салбарынхны ажиллах чадварыг үнэхээр хурцалж өгдөг л дөө.

Бусад том зах зээлтэй орнуудад нэг цомог гаргаад түүгээрээ өчнөөн орлого ашгийг олж болж байна. Хүн ам ихтэй, олны дунд нэр хүндээ олчихсон бол нэг цомгоор насаараа идэх хөрөнгийг олж болно. Харин Монголд тийм зүйл байхгүй.

Байнгын хөдөлмөрлөх ёстой. Нэг дуу дуулаад хоёр гурван жил эрчтэй, тэгээд л үзэгчид уйдах жишээтэй. Хааяа хуучин дуунуудаа сонсдог ч үргэлж шинэ зүйлийг шаардаж байдаг юм. Монголын урлагийн салбарынхны хувьд маш олон гадаадын дуучидтай өрсөлдөж байна л гэсэн үг.

Учир нь залуучуудын ихэнх хувь нь гадны уран бүтээлийг сонирхож, сонсдог. Тэгэхээр манай хамтлаг дуучид бүгдээрээ дэлхий дахины уран бүтээлчидтэй өрсөлдөж байж Монголынхоо үзэгч, сонсогчидтой холбогдож байна шүү дээ. Тийм учраас маш олон өрсөлдөөн дунд бид амьдарч байгаа юм. 

 

- Соёл, урлагийн салбарын хөгжлийн ирээдүйг яаж харж байна вэ?

- Мэдээж хөгжинө. Залуучууд олноороо дуулж байна. Олон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж байна. Ерөнхийдөө амьдралд хамгийн чухал зүйл бол урлаг соёл байдаг юм л даа. Улс орны хөгжилд хамгийн чухал зүйл бол урлаг. 

Урлаг соёлыг хөгжүүлэхгүйгээр улс төрөөр хичнээн явсан ч маш хэцүү. Учир нь хүний ухамсар, ертөнцийг харах, мэдрэх, сонсох энэ бүгдийг урлаг хөгжүүлж байдаг юм. Тэгэхээр урлаг, соёлын салбарыг орхиж болдоггүй юм.

Манай Монголд бол эсрэгээрээ болчихдог. Энэ бол буруу ойлголттой, ядуу байгаагийн шинж. Ялангуяа улс төрчид үүн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. 

Уул шугамдаа хамгийн их хөдөлмөрлөдөг хүмүүс урлагт амьдралаа зориулсан урлагийн салбарынхан шүү дээ. Хичнээн оюун ухааны гайхамшигтай бүтээлүүдийг өвлүүлж мөн бүтээсээр байгаа билээ. 

Албан тушаалтны хэнээ туссан хүмүүс мэдээж өөр зүйл, ойлгох хөгжүүлэх гэдэг тал дээрч бүр яриад ч хэрэггүй биз. Нүүр дүүрэн зусар дүр, ам дүүрэн хоосон амлалт. 

Надад нэг иймэрхүү дүрслэл бууж байна. Тэд тэнгэрт ширээ сандалтай хөөцөлдөөд жингүүдээд л, бас юу ч үгүй хоцорчих вий гээд бялдуучилсан царайтай. Гэтэл доор нь бодит амьдрал буцалж байна.

Ерөнхийдөө олон залуус дуулах сонирхолтой. Хөгжимд дуртай байна гэдэг их сайн зүйл. Олшрох тусмаа уран бүтээлийн чанар сайжирна. Олон хүүхэд дуулж байхад тэндээс тодорч гарч ирэх, сайн хөдөлмөрлөж байж гарах гээд шалгуур өндөр болж байна гэсэн үг шүү дээ. Шат өндөртэй болж байна гэсэн үг. Монголчууд бүгдээрээ дуучин, бүгд авъяастай байгаа.

Тэр дундаас шалгарч, ажиллаж, түүгээрээ хоолоо олж идэхийн тулд мөнгө олдог болтолоо хөдөлмөрлөж, мөнгө олдог болсныхоо дараа үзэгчдийнхээ хайрыг татаад, түүгээрээ амьдардаг болох хэрэгтэй. 

- Залуу уран бүтээлчдэд хандаж хэлэх үг?

- Маш сайн хийх хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хуурч болохгүй. Чанартай бүтээл л хийх зорилгоо умхртаж болохгүй. Хүн болгоны ертөнц өөр учраас өөрийнхөөрөө хийх хэрэгтэй. Гэхдээ мэдээж тэнэг юм хийж болохгүй шүү дээ. 

Тэгэхээр өөрийнхөөрөө, өөрийнхөө хэмжээгээр урлаг, соёлоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруул. Урлаг, соёл шинэ шинэ, гайхалтай бүтээлүүд бий болж байна гэдэг нь Монгол Улс маань хөгжиж байна л гэсэн үг.

Төслийн ажлын гэрэл зургаас
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг