Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дижи Анна: Олон улсад өрсөлдөх цаг болсон

Т.Батсайхан, Зууны мэдээ
2016 оны 10 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Монголын анхны эмэгтэй дижи Аннатай ярилцлаа. Түүнийг сүүлийн үед анхны гэхээсээ илүү хамгийн үнэтэй дижи хэмээн ярих болжээ. Авьяас чадвараараа хөгжмийн ертөнцөд үнэлэгдэж яваа түүний үг бүрээс эрч хүч, хүчирхэг байдал мэдрэгдэж байсан юм.

-Таны жинхэнэ нэр Х.Оюунтуяа. Анна бол уран бүтээлийн тань нэр байх. Яагаад энэ нэрээр олонд танигдъя гэж бодсон юм бэ?

-Би Сингапурт сурдаг байсан. Тэр үед багш маань Оюунтуяа нэрийг маань хэлж чадахгүй, ихэвчлэн Angel гэж дууддаг байлаа. Тэгж явсаар Анна гэдэг нэртэй болсон. Одоо энэ нэрэндээ бүр дасчээ. Бараг л миний жинхэнэ нэр юм шүү дээ.

-Сингапур гэснээс та тэнд ямар мэргэжлээр сурсан юм бэ. Хөгжмийн чиглэлээр үү?

-Үгүй ээ. Би банк, санхүүгийн мэргэжилтэй. “Рафлес” олон улсын институтийг төгссөн. Одоо энэ чиглэлээрээ ажилладаггүй л дээ. Залуу насандаа өөрөө дуртай сонирхолтой зүйлдээ цаг заваа зориулъя гэж бодсон юм. Хөгжим бол миний хобби, түүнийгээ хөгжүүлээд л явж байна.

-Хэзээнээс дижи болъё гэж бодсон бэ. Монголын анхны эмэгтэй дижи гэхээр эхэндээ хэцүү байсан уу?

-10-аад  жилийн өмнөөс хөгжмийн талаар сонирхож эхэлсэн. Тэгээд дижи  нараас “Надад энэ урлагийн талаар зааж өгөөч” гэсэн хүсэлт тавьж суралцаж эхэлсэн. DJ Буд, Амраа нар их тусалсан даа. Тэгээд яг бие даан DJ хийгээд таван жил болж байна. Түүнээс биш ямар нэгэн сургуульд сураагүй ээ. “MNG event”-ийн Дака, дижи Амраа нар надад хамгийн анх санал тавьж байлаа. Тэдний техник дээр суралцсан. 

-Эмэгтэй хүн дижи хийх хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Эхлээд жаахан эвгүй, жижиг сажиг хүндрэлтэй асуудлууд гардаг байсан. Хүмүүсийн хүлээж авч байгаа байдал эхэндээ нэг л таагүй санагддаг байлаа. Одоо бол зүгээр ээ.

Хүмүүс намайг харьцангуй таньдаг болсон байна. Хамгийн гол нь энэ эмэгтэй хичээж байна, тодорхой хэмжээнд хөдөлмөрлөж байна гэдгийг харж байх шиг байна. Нэг ёсондоо хүлээн зөвшөөрөгдсөн байна.

-Та ямар хөгжимд дуртай вэ. Мэдээж электро хөгжимд дуртай байх. Тийм үү?

-Хүмүүс тэгж ойлгодог байх. Гэхдээ хөгжим бол нэг ёсондоо миний ажил. Дандаа нэг ажлаа хийгээд байх утгагүй. Шоуны үеэр би хүмүүсийн сонсох дуртай хөгжмийг тоглодог. Харин өөрөө dab step тоглож, сонсох дуртай.

-Тэр нь ямар хэмнэлтэй төрөл вэ?

-Одоохондоо олон хүн сонсдоггүй байж магадгүй.  Electronic Dance хөгжмийн нэг урсгал юм л даа. Маш гоё хөгжим.

-Хөгжмийн шоу ертөнцөд ороод таван жил боллоо. Энэ орчноос юу мэдэрдэг вэ?

-Анх дижи  хийж байсан  үеийг одоогийнхтой харьцуулбал клубууд маш сайн хөгжсөн. Улаанбаатар хотод томоохонд тооцогддог бүх л газарт тоглож байлаа. Шоу хийдэг хүмүүс ч олон болж.

Харин жил ирэх бүр клубт ордог хүмүүсийн нас залуужиж байгаа нь харагддаг. Шинэ үеийн давалгааг мэдэрдэг гэх үү дээ. Мөн  хүмүүс дижи гэж хэнийг хэлээд байгааг ойлгодог болсон.

Шоунд очихдоо ямар дижи очихыг сонирхдог  болжээ. Үүнийгээ дагаад монголын дижи нарын ур чадвар хөгжиж байгаа юм шиг санагддаг. Шинэ залуу хүмүүс ч энэ урлагт дурлах болсон. Тэр дундаас эмэгтэй дижи нар олон төрөөсэй гэж боддог.

-Шоунд орохдоо өөрийгөө хэр бэлддэг вэ?

-Хэд хоногийн өмнөөс л тоглох аяа бэлдэж эхэлнэ. Шоу болох өдрөө бол өөрийгөө сайн бэлдэнэ. Ядрахгүйн тулд унтаж амарна, аль болох хүмүүст таалагдах гоё хувцсаа өмсөхийг хичээдэг. Дижи бол хөгжмийн ертөнцийн анхан шатны хүн юм билээ.

Цаашлаад гүнзгийрэх юм бол ая зохиодог болдог. Би гэртээ жижигхэн дуу бичлэгийн студитэй. Тэндээ ая зохиодог програм, компьютерээ авсан. Харин хөгжмийн анхан шатны мэдэгдэхүүнгүй болохоор жаахан хэцүү байна. Гадагшаа явахаараа багш нараас хэдэн өдрийн сургалт авдаг. Тэгээд you tube-ээс их юм сурч байна.

-Гол төлөв шөнийн цагаар ажилладаг болохоор хэцүү юу?

-Хөгжмийн ард  удаан зогсохоор ядардаг учраас шоунд тоглох цагаа багаар тавиулдаг.  40 минутаас нэг цаг 30 минутын хугацаатай л тоглодог.

-Таныг мотоспорт сонирхдог гэдгийг мэднэ. Чөлөөт цагаараа ихэвчлэн спортоор хичээллэдэг үү?

- Мотоспорт бол миний бас нэгэн хобби. Саяхнаас хоббигоо хөгжүүлж байгаа. Би өнгөрсөн жил жолоонд сурч, түүнээс хойш мотоцикль сонирхон унаж байгаа. Бүр олон улсын тэмцээнд оролцож үзлээ. Мөрөө мулталж, бага зэргийн гэмтэл авсныг эс тооцвол маш сонирхолтой байсан.  Эмэгтэй хүмүүс давж гарахад хүнд даваа юм билээ. Гэхдээ би шантрахгүй, цаашид ч мотоциклиороо уралдана. 

-Чамайг DJ хийгээд, мотоцикль унаж бартаат замын уралдаанд оролцоод байхаар гэрийнхэн чинь юу гэдэг вэ?

-Би дээрээ нэг эгчтэй. Аав ээж хоёр маань намайг хүү гэж бодож хүлээж байсан болохоор тэр үү багаас л эрэгтэй хүүхэд шиг өсгөсөн. Халимаг үстэй, хөдөө адуу малтай зууралдаж өссөн болохоор тэр үү нэг их тоодоггүй. Харин ч хийж байгаа бүгдийг минь дэмждэг.

-Цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна. Магадгүй дахин шинэ зүйлд хүч  сорих бодол байна уу?

-Би дулаарахаар шүхрийн спортоор хичээллэх бодолтой байна. Газар тариалан, мал аж ахуйн ажил хийх дуртай. Аавтайгаа хамтарч олон жил бодсон тариалангийн ажлаа хийхээр төлөвлөөд байна.

Энэ жил маш олон ажил хийхээр төлөвлөсөн. Бүгдийг амжуулаад 2016 онд охиндоо дүү төрүүлж өгнө. Өөрийнхөө хүслээр хангалттай явсан. Одоо гэр бүл хувийн амьдралдаа илүү анхаарахыг хүсч байна

Зураг