Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тэр Нобель авбал дэлхийн утга зохиолын дэглэм өөрчлөгдөх болно

З.Боргилмаа
2016 оны 10 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

-Нобелийн шагнал утга зохиолын хэмжүүрийг төлөөлөх үү, түүнд тийм эрх бий юү гэвэл “бий” гэж хэлэх үндэстэй. Харин утга зохиолын эрх чөлөөний шалгуур биш юм. Тийм ч учраас Мүраками Нобелийн шагнал авсан ч аваагүй ч утга зохиолын цунами байсаар байх болно- 

Мүраками Харүки. Японы зохиолч боловч түүнийг Токиогоос олохгүй. Учир нь тэр Хавайд амьдардаг. Эх хэлээсээ гадна англи хэл дээр зохиолоо бичдэг түүнийг Японы зохиолч гэхээс илүү дэлхий дахины гэж тодотгож болмоор онцлогтой. Тэр өнөөдөр утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртэж магадгүй. Энэ шагналыг сүүлийн хэдэн жил дараалан уншигчид нь хүлээж байгаа.

Дэлхийн тавь гаруй хэлнээ зохиолууд нь орчуулагдсан түүнийг монголчууд ч бас эх хэл дээрээ уншиж эхэлснээсээ хойш “Нобелийн шагнал хүлээх синдром”-д автах болсон билээ. Түүний бүтээлүүдийг монголчуудад хүргэж буй орчуулагч, судлаач О.Жаргалсайхантай ярилцлаа. 

-Японы зохиолч Мүраками Харүки энэ жил Нобелийн шагналын утга зохиолын төрөлд өрсөлдөгчгүй шахам байгаа. Түүний зохиол бүтээлд шимтэгчид энэ шагналыг олон жил хүлээж байгаа байх аа?

-Навчис шаргалтаж намар болохоор Нобелийн шагналын улирал эхэлж, дэлхийн харүкистуудын Мүраками Харүкиг Нобелийн утга зохиолын салбарын шагнал хүртэнэ гэх “синдром” хүчээ авдаг байдал нэлээн олон жил үргэлжилж байна.

Энэ ч бас учиртай жанцантай хэрэг л дээ. Тэрбээр 2006 онд олон улсын утга зохиолын нэр хүндтэй шагналын нэг болох Фрэнц Кафкагийн нэрэмжит шагнал, дараа нь Иерүсалимын, Дани улсын гээд олон шагнал хүртсэн тул Нобелийн шагнал авах зиндаанд их дөхсөн гэж олон нийт үздэг болохоор тэр юм. 

Энэ жилийн тухайд нэлээд өвөрмөц хүлээлт үүсээд байна. Английн нэр хүндтэй хэвлэлийн байгууллагуудын тандалтаар Мүраками нэгдүгээрт бичигдсэн, хуучин бол хоёр гурав дөрөвт бичигддэг байлаа.

Есдүгээр сард “Мүраками Харүки 2016 онд Нобелийн шагнал авах уу” гэдэг ном хүртэл бичигдэж хэвлэгдээд бестселлер болж амазон дээр зарагдсан нь эрэлт ихтэй байна. Бас нэг сэтгүүл бүтэн дугаар гаргажээ гэх мэт.

Жил бүр Японд гэхэд хэвлэлийн том газрууд Нобелийн утга зохиолын шагнал зарлах тэр агшинд чухам ямар акц хийхээ бэлтгэж, шүүмж судлаачидтай ярилцах, баяр хүргэх гэх мэтээр бэлтгэлээ хангаж байна. Чи бид хоёрын ярилцлага ч бас цагаа олсон бололтой. 

-Монгол уншигчид Мүракамитай эх хэл дээрээ танилцаад удаагүй ч хэдийн шүтэн бишрэгчид, шимтэн уншигчидтай болжээ. Таны орчуулгууд үүнд их үүрэг гүйцэтгэж байгааг хэлэхээс аргагүй. Мүраками гэж хэн юм бэ, ямар намтар түүхтэй юм бэ, яагаад дэлхий даяар уншигчтай болсон юм бэ, түүний чухам юу нь гайхамшиг юм бэ гээд л Танд асуултууд ар араасаа ирдэг байх. Та хэдийнэ бэлэн хариултуудтай болсон байх аа? 

-За баярлалаа. Ямар ч байсан Мүракамигийн утга зохиолын томоохон бүтээлүүдээс эх хэлнээс нь орчуулж гаргаж байна. Миний бие “1Q84” алдарт гурамсан роман, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” романыг орчуулж уншигчдад хүргэлээ. Өгүүллэг, бага хэмжээний бүтээлүүдийг орчуулж гаргасан нь ч бий.

Түүний бүтээлүүдийн тухайд нэг хоёр удаа ярилцаад дуусахгүй л дээ. Тэр удахгүй гурван жилийн дараа 70 нас хүрэх хүн. Хүний амьдралын тухайд 70 нас гэдэг өтөл нас хэдий ч түүний зохиол бүтээлийн нас харьцангуй залуу хэвээрээ. Тэр байтугай өөрөө марафон гүйлтээр хичээллэдэг болоод ч тэр үү наснаасаа залуу харагддаг.

Тэр спорт загварын хоёр хаалгатай Open Air машиндаа салхи татуулан рок хөгжим бас Сүга Шикаогийн дууг сонсоод давхиж яваа. Түүний талаар тогтсон дэг, насанд нь тохирсон амьдрал, дэлхийн утга зохиолын нямбай бас өө сэвгүй чиг хандлагын талаар ярих боломжгүй хүн.

Өөрөөр хэлбэл, хайрцагласан алим шиг тодорхой жинтэй, хадгалах хугацаатай эд биш, хайрцаг хуягийг үзэн яддаг, дэлхийн утга зохиолд амь бөхтэй оршсон хуяг дуулга шиг зүйлийг тасалж эвдэж байгаа хүн гэвэл үнэнд илүү ойрхон байж мэднэ. Түүний утга зохиолыг ганц үгээр хэл гэвэл би цунами гэдэг үгийг сонгож байна.

-Зохиол орчуулах гэдэг тухайн зохиолыг дахиад бичихтэй л адил хүнд бөгөөд ур ухаан, мэдрэмж, чадвар шаардсан хүнд хөдөлмөр. Үүнд зөвхөн хэл мэддэг байх нь хангалтгүй байх. Магадгүй орчуулгын явцад та яг өөрийгөө Мүраками шиг мэдэрч байсан үе бий юу?

-Тэр уншигчдын чухам юу хүсээд байгааг маш сайн мэддэг. Түүнд уншигчийн зүрх, тархи, хэл гэж л байхаас хувь өөрийнх нь зүрх, тархи, хэл гурав сүүдэрт нь байдаг. Тийм болохоор хүний толгой дотор нэг сууж авахаараа босдоггүй. Би бол жирийн л уншигч гэхдээ түүнтэй зүрх, тархи, хэл гурваараа нэлээд гүнзгий холбогдсон хүн гэж өөрийгөө боддог, яагаад гэвэл түүний бүтээлийг биеэрээ дамжуулаад эх хэлээрээ юүлж байна. 

-Японы уран зохиолын уламжлалаас өөр чиг шугамаар явсан хүн гэж түүнийг дүгнэх нь бий. Японы гэхээс илүүтэй барууны зохиолч ч гэгддэг. Үнэхээр түүний зохиолууд японы уламжлалт дэг жаягаас өөр үү. Та үүнийг харьцуулан хэлж чадах хэмжээний хүн шүү дээ. Яагаад гэхээр Та ганц Мүракамиг орчуулсан юм биш, хүн төрөлхтөний анхны роман Генжийн туульсыг орчуулж байсан. 

-Мүракамигийн бүтээлүүдийн өрнө дорнын эрлийз шинжийн тухай би орчуулагч Ж.Тэгшзаяатай ярилцахдаа товч дурдаж байсан. Сарлаг монгол хоёрын дундаас төрсөн хайнаг гэж том товир биетэй сайхан үхэр байдаг даа. Мөн чанартаа тийм л юм.

Ази соёлыг барууны шимтэй, тун нь таацсан амин дэмээр баяжуулахаар өдөөлт сайтай бүтээгдэхүүн гарах нь мэдээж. Америк утга зохиолын нөлөө ихтэй гэж судлаач онцолсон нь бий. J.D. Salinger, F.S. Fitzgerald хоёрын бүтээлийг өөрөө ч дурдсан бас өөрөө орчуулаад гаргасан нь бий.

Гэхдээ миний хувьд түүний бүтээлд Японы утга зохиолын сонгодог хэв маяг төрөл арилжаад арынх нь фон болоод сууж байдаг гэж боддог юм. Түүний “Хонинд тохиолдсон адал явдал” бүтээл Мишима Юкиогийн “Нацүкод тохиолдсон адал явдал”-тай хүйн холбоотой юм шиг бодогдох нь бий.

Ерөөс Мишимагийн бүтээлийн нөлөө түүнд бий гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Ганц жишээ хэлэхэд л энэ байна. Японы алдартай зохиолчдын бүтээлүүдтэй түүний зохиолыг жиших адилтгахад хэцүү ч жишээ нь Нацүмэ Сосэки Лондонд сурч байхдаа амссан, мэдэрсэн мэдрэмж Мүракамигийн баруунд болоод Америкт суурьшин амьдарч байх эхэн үеийн мэдрэмжтэй төсөөгүй гэж би л лав хэлэхгүй.

Нацүмэгийн “Лондон цамхаг” Мүракамигийн баримтын зураглалд сүүдэр төдийгүй уур амьсгалаа шингээсэн л байдаг. Харин түүнтэй эн дүйцэх гэх нь юу юм, эгнэх хэмжээний зохиолчдоос Ишигүро Казүо /Английн иргэн/, Вон Ёоко Тавада /Германы иргэн/, Дазай Осамүгийн охин Цүшима Юүко /2016 оны хоёрдугаар сард нас барсан/, Огава Ёоко, Мүраками Рюү нарыг нэрлэж болох ч адилтгамааргүй байна. 

-Мүраками зохиолоо англи хэл дээр бичдэг. Энэ утгаараа тэр том зах зээлд хөл тавьж чадсан. Түүнийг маркетинг сайтай зохиолч гэж хэлэхэд болох юм болов уу? Та юу гэж бодож байна.

-Түүний эцэг эх хэлний багш байсан, түүнийг Японы эрт эдүгээгийн сонгодог бүтээлүүдтэй ойр байхыг шаарддаг байсан гэлцдэг ч Харүки хүүгийн тухайд барууны утга зохиолд шимтдэг, эцэгтэйгээ тийм ч ойр дотно байгаагүй тухай яриа байдаг л даа. Гэхдээ миний хувьд түүний утга зохиолын орчин нөлөө тийм ч дур зоргын биш гэдэгт баттай итгэдэг.

Тэрбээр 1Q84 гурамсан романы гол баатар Тэнгогийн эцгийн талаарх зураглалдаа хэтэрхий хатуу хандсан нь өөрийнхөө амьдралыг л зурагласан, эцгийнхээ сүүлчийн өдрүүдийн талаар бичсэн хэрэг гэж өөчилдөг хүн бий. Ямар ч байсан түүний эх эцгийн хүүдээ тавьсан утга зохиолын орчны анхаарал халамж муу зүйл л лав болоогүй байх.

Тэр спорт загварын хоёр хаалгатай Open Air машиндаа салхи татуулан рок хөгжим бас Сүга Шикаогийн дууг сонсоод давхиж яваа. 

Мүракамигийн баруунших сэдэл түүний өөрийн утга зохиолын чиг хандлагыг өөрчлөх гэхээсээ илүү Японы утга зохиолын тэнгисийн эргээс холдох гэсэн цэвэр эрэлхийлэл л байсан болов уу. Мүраками хэтэрхий гэмээр зожиг, тэр бүр сэтгэлээ уудлаад байдаггүй, нэн ялангуяа Японы сэтгүүлчдээс ихээхэн зай барьдаг хүн.

Анхны бүтээлээрээ чангахан дуугарч гарч ирсэн түүний утга зохиолын карьер тийм ч дардан байгаагүй. Уламжлалт маягийн, цэвэр утга зохиолын уншигчдаас их өөр, утга зохиолын бус хүрээний нийтлэг гэмээр хэв маягийн уншигчид түүнийг хүрээлж, харин тэрхүү цэвэр утга зохиолын хүрээнийхэн түүнээс ямагт зайгаа барин үл тоомсорлож олон он жилийг өнгөрөөсөн байдаг.

Түүний уран бүтээлийн эхэн үеийн гурвын гурван том бүтээл болох “Хонинд тохиолдсон адал явдал”, “Норвегийн ой”, “Дэлхийн төгсгөл хийгээд Hard Boiled Wonderland” бүтээлүүд нь гарсан 1982-1987 оны хооронд ердөө таван жилийн хугацаанд Дазай Осамү, Нацүмэ Сосэкитэй бараг эн чацуу амжилтыг үзүүлсэн атал бас л “хүлээн зөвшөөрөгдөөгүй” хэвээр л байсан юм. Тэр үед гэхэд л бүтээл нь гурван сая гаруй хувь борлогдож байлаа.

Ийм цунами шинж нь “маркетинг сайтай” ч гэх юм уу, эсхүл “дороо дэвхцэж өөрийгөө давтдаг”, “дутуу төгсгөл”, “Мүраками эротизм”-аар баяжиж өдий хүрсэн. Яг үүн дээр Солонгос, Хятадын “цэвэр утга зохиолчид” дуу дуугаа авалцан хүлээн зөвшөөрдөггүй болохоо илэрхийлэх нь бий.

Харин одоо Мүракамиг үргээх биш өөртөө татах менежмент сайн хөгжиж байна уу гэмээр байна. Түүний бүтээлүүдийн нэр алдар, үнэ цэнэ, хүч чадал эсрэгээрээ Японы утга зохиолын ертөнцийг бүхэлд нь төдийгүй Азийн утга зохиолд том хөшүүрэг болж хөдөлгөх цаг үе ирж байна гэж би хувьдаа дүгнэдэг. 

-Түүний хэвлэлд өгсөн цөөвтөр ярилцлагуудыг уншиж байхад тэр хэзээ ч өөрөө зохиолч болно гэсэн зорилго тавьж байгаагүй бололтой юм билээ. Тэрчлэн зохиол бичиж байх үедээ ч үйл явдлыг, дүрийг хааш нь хөтлөхөө өөрөө бодож, шийддэггүй... зүгээр л бүх зүйлсийг “цаанаас” удирддаг юм шиг гэж хэлсэн байхтай таарна. Зохиолоо бичиж байхдаа тэр огт өөр, төсөөллийн ертөнцөд өөрөөсөө өөр биет болж амьдардаг юм шиг ээ. Та үүнд нь үнэмшдэг үү? 

-Би түрүүн дурдсан. Түүнд өөрийн гэсэн зүрх, тархи, хэлнээс илүүтэй уншигчийнх байдаг гэж. Түүнийгээ өөрийн гэсэн утга зохиолын арга барилаараа сайн далдалж байдаг. Түүний бүтээлүүдэд мөнөөх уламжлалт “цэвэр уран зохиол”-ын гэхээр зүйл ховор.

Харин нийгмийн хувиршгүй онолын суурь ухагдахуун дээр бодит хүмүүс, тэдний бодит амьдралыг зөөж тавиад бичил дуран авайгаар харж байгаа юм шиг сайн нягталж бичдэг. Тэрнээс санаанаасаа зохиодоггүй болов уу. Яахав хөгжим, секс зэргээр гоёдог л байх.

Цээжнээсээ зохиох, амьдралын үнэнийг нийгэмтэй нь зөөж тавих гэдэг ойлголт ухагдахууны хувьд нэг юм шиг мөртлөө зохиолчийн арга барилын хувьд хоёр өөр зүйл биш гэж үү. Тэгэхээр цаанаасаа ямар нэг хүч удирдахаас илүү түүний олон жил уншиж мэдэж судалж авсан нийгэм, байгалийн шинжлэх ухааны мэдлэг, хөдөлмөр хоёр л түүний бүтээлийн амин сүнс юм уу даа.

Мүраками англи хэлийг зохиолоо бичих хэмжээний сурсан хүн. Түүнд эх хэлнээсээ гадна дахиад дэлхийг харах бас нэг том хүч байна. Түүндээ их найддаг. 

-Өмнө нь түүнийг Нобелийн шагналаас нэг бус удаа унагаж байсан, тэр тоолонд түүний талаар яаж ийгээд шүүмжлэл хэлдэг л дээ... Тэр тийм ч төгс амьтан биш бололтой...

-Цунами шиг байсныхаа төлөө тэр Нобелийн утга зохиолын шагналаас нэлээн олон жил мултарч байна гэж би хувьдаа үздэг. Цэвэр утга зохиолын зохиолч, шүүмжлэгчдийн хандлага уур цухал Мүракамигийн зохиол бүтээлүүдийн цунами шиг замд таарсан болгоныг хамдагт чиглэдэг.

Өөрөөр хэлбэл нийтийг хамарсан шинж, “цэвэр уран зохиол”-оос хол байдаг энгийн эгэл жирийн “утга зохиолын бус” уншигчдад донтох, шүтэх эрх чөлөөг олгодог шинжийг нь “ойлгодоггүй”. Ойлгохыг хүсдэггүйд байна.

Аль хэдийнээ дэлхий хүн болчихоод байхад түүний зохиол бүтээлүүдийн нийтлэг, олныг хэт хамардаг цунами шинжийг утга зохиолын ур чадвартай холбож харахаасаа илүү “менежмент сайтай”, “өөрийгөө давтсан”, “англи хэлтэй ойрхон байдаг” гэхчлэн тайлбарладаг байлаа.

Цунами шиг байсныхаа төлөө тэр Нобелийн утга зохиолын шагналаас нэлээн олон жил мултарч байна гэж би хувьдаа үздэг

Эцэст нь Мүраками Нобелийн утга зохиолын шагнал авах эсэх нь түүний зохиол бүтээлд болон өөрт нь байгаа юм биш утга зохиолыг үзэх үзэл, өнөөгийн дүр төрх, хамрах хүрээ, түүнийг ойлгох ойлголтыг эрс өөрчлөхтэй холбоотой асуудал болоод байгаад оршиж байна.

Цэвэр утга зохиолын цэвэр шинжээ барих уу, эсхүл утга зохиолын нийтлэг, нийтийг хамарсан олонх уншигчдын түрхрэлийг барих уу гэдэг чиг хандлагын асуудлаас болж түүний энэхүү шагнал ацан шалаанд ороод байдаг болов уу.

Нобелын утга зохиолын шагналыг 1968 онд Кавабата Ясүнари, 1994 онд Ооэ Кинзабүро хүртсэн байдаг хоорондоо хорь гаруй жилийн зайтай авч байсан.

Мүраками 2016 онд авбал болохоор цаг хугацаа юм. Гэхдээ Танизаки Жүничиро, Абэ Кообо, Мишима Юкио, Кайко Кэн нар хүртэж чадаагүй өөд болцгоосныг мартаж болохгүй. Тэгвэл яг одоо Японы зохиолч нараас хэн авах вэ. Түүний талд дэлхийн уншигчид байдаг болохоор тэр шагнал авахыг хүсэхгүй ч байж магадгүй.

Хөөрхий тэд л жил бүр түүнийг Нобелийн шагналд “уядаг” болохоос тэр өөрөө авахыг хүссэн үйлдэл хийж байгаагүй. Харин Кинзабүро Ооэ, Кавабата Ясүнари нар, тэр байтугай Мишима Юкио ч өөр байсан шүү, жишээ нь Мишима Нобелийн шагнал авсан бол 1975.11.25-ны хар үйл явдал, өөрөөр хэлбэл түүний үхэл болохгүй байсан гэж би баттай итгэдэг хүний нэг. 

-Та маргаашийн Нобелийн шагналтныг зарлах мөчийг тэсэн ядан хүлээж байгаа байх. Энэ шагнал түүнд очно гэдэгт Та хэр итгэлтэй байна вэ. Бидний хүсэн хүлээснээр Мүраками энэ шагналыг авлаа гэхэд түүнийг дагалдах зүй ёсны магтаал, хамгийн гол тодорхойлолт нь юу байх бол? 

-Мүраками Нобелийн утга зохиолын шагнал хүртэхэд гайхах зүйлгүйгээр барахгүй, авах ёстой хүн гэж үзэх байна. Мүраками Харүки авбал дэлхийн утга зохиолын дэглэм өөрчлөгдөх болно. Цэвэр утга зохиолын чиг хандлага өөрчлөгдөх үү, аль эсвэл утга зохиолын нийтлэг, нийтийн олонхын донтох, шүтэх эрх чөлөө хүчээ авах уу гэдэг шийдэл тулгарах болно.

Дээр нь Нобелийн шагнал өөрөө дэлхийн утга зохиолын цагдаа биш юм. Утга зохиолын хэмжүүрийг төлөөлөх үү, түүнд тийм эрх бий юү гэвэл “бий” гэж хэлэх үндэстэй. Яагаад гэвэл 1900 оноос хойш ийм үүрэг гүйцэтгэсээр ирсэн байдаг. Харин утга зохиолын эрх чөлөөний шалгуур биш юм. Тийм ч учраас Мүраками Нобелийн шагнал авсан ч аваагүй ч утга зохиолын цунами байсаар байх болно.

Зураг