Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Намрын чуулганаар Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ улстөржсөн хэрүүл маргаанаа зогсоож, олонхоороо түрий барилгүй ажилдаа шуурхайлан орох, томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, улсын эдийн засгийг өсгөх чиглэлээр дорвитой ажиллахыг УИХ, Засгийн газарт анхааруулав. 

Мөн тэрбээр “Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогын зоримог өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон”-ыг онцлон тэмдэглэсэн. Үүний тулд төр, засгаас авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд олон нийтийн хяналтыг бий болгож, бэхжүүлэх, олон нийтийн зүгээс төрийн байгууллага, албан тушаалтанд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх ёстой" гэлээ.

Үүний зэрэгцээ Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг энэ намрын чуулганаар батлах нь зүйтэй гэж УИХ-ын дарга хэлсэн юм. 

Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 онд өргөн барьсан ч тухайн үеийн парламент хэлэлцэхгүй буцаасаар байсан билээ. Учир нь зарим улстөрчдийн зүгээс хэрэв уг хөтөлбөр батлагдвал АТГ-ын эрх мэдэл, хариуцах асуудлын хүрээ өргөжнө гэсэн шүүмжлэл гарч байсантай холбоотой.   

Гэвч энэхүү хөтөлбөр батлагдсанаар АТГ хүчирхэгжиж, хэтэрхий их эрх мэдэлтэй болох бус авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өргөжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн бүх салбарт, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоо, хяналттайгаар авлигын эсрэг тэмцэх нөхцөл боломж бүрдэх юм.

Үүний зэрэгцээ уг хөтөлбөрт тусгаснаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг иргэдээр хянуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх юм.