Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

О.Алтансүх: Нийгэм гэрэл гэгээтэй мэдээллээр цангаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүхтэй ярилцлаа. Тэрбээр өмнө нь 2005 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын орлогч даргаар томилогдон ажиллаж байжээ. Үүнээс хойш залуучуудын өөрөө удирдах байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай юм байна.

-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, үүнтэй холбоотой гэмт хэргүүд их гарч байна. Хэрэв Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хугацаанд нь хэрэгжүүлж эхэлсэн бол энэ харамсалтай үйл явдлууд багасах байсан гэх яриа ч байна. Та энэ салбарын хүний хувьд ямар бодолтой байна вэ? 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ нь ганцхан хуулийн тухай биш хэд хэдэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй цогц шийдэл болохуйц шинэчилсэн найруулга юм. Хүчирхийллийг таслан зогсоох нь төрийн үүрэг.

Гэхдээ нийгмийг айдаст автуулах биш, харин бүх нийтээрээ энэ үйл явцтай тэмцэх, таслан зогсоох, идэвх оролцоотой байх нь чухал юм. Нийгмийн 15 хувьд тохиолдож буй сөрөг үзэгдлийг 85 хувийн эерэг хандлагаар зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна.

Сайн туршлага, эерэг хандлага, үлгэр жишээ хэрэгтэй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэрэл гэгээтэй амьдралын жишээгээр нийгэм цангаж байна. Үүнийг олон нийтэд ойлгуулж, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байна. 

-4,500 хүүхдийг яаралтай хамгаалалтад авах шаардлагатай гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ тоог ямар үзүүлэлтэд тулгуурлаж гаргасан юм бол?

-Манай газрын зүгээс хүүхдийг хамгаалах тал дээр эрчимтэй ажиллана. Бид судалгаа шинжилгээ хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарна. Таны асууснаар хамгаалалтад авах шаардлагатай  4,500 хүүхэд байгаа гэдэг нь нарийн тоо биш.  

Өөрөөр хэлбэл одоогоор судалгаа хийгдэж байна. Эдгээр хүүхдүүдийг зайлшгүй хамгаалах ёстой. Хамгийн гол нь зөв өнцгөөс харах нь чухал. Хэзээ ч шийдэж чадахааргүй тоо биш л дээ. Энэ тоог 21 аймаг, есөн дүүрэгт хувааж үзвэл хороо, баг тус бүрд нэг хүүхэд гэсэн үг. Ингэж харвал дааж давшгүй асуудал биш. 

-Тэгвэл таны бодлоор Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд тусгасан гол ажлыг юу гэж харж байна? 

-Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй хүүхэдтэй холбоотой дээрх хуулиудад тусгасан чухал зохицуулалт бол хүүхэд хамгааллын хамтарсан баг. Энэхүү хамтарсан багт тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан болон сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа нар багтаж байгаа юм.

Тэд хүүхдийг болзошгүй аюулаас хамгаалах үүрэг хүлээнэ. Удахгүй НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн Улсын зөвлөгөөн болно. Энэхүү зөвлөгөөнөөр олон асуудлыг салбар дотроо ярилцах боломж бүрдэнэ гэж найдаж байна. 

-Хүүхдийн тусламжийн “108” утсыг Үйлчилгээний төв болголоо. Ингэснээр ямар үр дүн гарах вэ?

-Хүүхэд хамгааллын “108” төвийн хувьд саяхныг хүртэл тодорхой статусгүй зөвхөн Хүүхдийн төлөө үндэсний газрын урсгал зардлаар санхүүждэг байсан. Харин шинэ Засгийн газар байгуулагдсанаар Засгийн газрын дэргэдэх “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв” болж өргөжлөө. Тус төв нь 22 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хамгийн чухал нь “108” утсыг үйлчилгээний төв болгосноор хоёр үндсэн чиг үүргийг бий болгосон. Өмнө нь “108” утсанд тухайн хүүхэд хандаж, хүчирхийллийн мэдээлэл өгөхөд цагдаагийн байгууллага руу дамжуулдаг байлаа.

Цагдаагийн албан хаагч гэмт хэргийн золиос болж, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг яах вэ гэдэг асуудал тулгардаг байсан. Иймд “Өнөр бүл” төвтэй хамтран “108” утсыг хүүхэд хамгаалах байртай болголоо. Мөн зайлшгүй хамгаалал хэрэгтэй хүүхдэд тусламж үзүүлэх баг ажиллана.  Ингэснээр “108” төвд хандаж, хамгаалал хүссэн хүүхдийг төвдөө авчирч, зохих үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна.

Хүүхдийн тусламжийн “108” үйлчилгээний төвд ирсэн дуудлагын 10 орчим хувьд  тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Харин дуудлагын дийлэнх нь зөвлөгөө мэдээлэл хүсдэг. Тиймээс мэдээллийн баазаа шинэчилж, зөвлөгөө өгч буй мэргэжилтнүүдээ чадавхжуулах тал дээр анхаарна.  

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “Өнөр бүл” төв харьяалагддаг. Тус төвийн үйл ажиллагааг  шинэчлэхэд ямар бодлого барьж ажиллах вэ?  

-“Өнөр бүл” төвийн үйл ажиллагаанд шинэчлэл хийхээр яригдаж байна. Дэлхий нийтээрээ нэгдсэн асрамж, халамжийн төвүүдээс  татгалздаг болсон.

Асрамж, халамжийн төвүүдэд нийтээр нь сургадаг барил нь учир дутагдалтай. Хүүхэд гэр бүлдээ өсч хүмүүжиж, төлөвших ёстой шүү дээ. Гэтэл 16 нас хүртлээ асрамжийн төвд байсан хүүхэд бие даан амьдрах чадваргүй болсон байдаг. Мэдээж энэ нь тэдний буруу биш. 

-Тэгвэл энэхүү учир дутагдалтай тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ? 

-Бид хувилбарт үйлчилгээний мэргэжилтэн хэмээх орон тоог бий болгож байна. Энэ нь тухайн хүүхдийг гэр бүлд нь эсвэл ойр дотнын хүмүүстэй нь нэгтгэж, нийгмийн харилцаанд орох тал дээр ажиллах үүрэгтэй мэргэжилтнүүд юм. Ер нь хүүхдийг гэр бүлд нь нэгтгэж, нийгмийн нэг гишүүн болгох тал  дээр онцгой анхаарч ажиллана. 

-Нийслэл хотод хүүхэд хамгааллын ажлууд тодорхой хэмжээнд хийгддэг.Харин орон нутагт хүүхэд хамгаалал хийгддэг вэ. Энэ талын мэргэжилтнүүд хэр хүрэлцээтэй байдаг вэ? 

-Нийгэмд ядуурал, ажилгүйдэл, архидалт байгаа тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил байсаар байна. Энэ нь орон нутагт ч бий. Ер нь хүүхэд хамгааллын асуудлыг олон нийтийн оролцоонд түшиглэж шийднэ.

Хүүхэд бол онцгой субъект. Насанд хүрсэн хүн  эрхээ өөрөө хамгаалж чаддаг. Харин хүүхдийн эрхийг насанд хүрэгчид хамгаалах үүрэгтэй. Сайн жишээ зөндөө байна. Саяхан НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт “Хүүхдэд ээлтэй орон нутаг, Хүүхдийн оролцоо” сэдэвт  хангайн бүсийн хүүхдийн III чуулганыг зохион байгууллаа.

Орон нутагт хүүхэд хамгаалал, оролцооны олон ажлууд хийгдэж байгаагийн тод жишээг Хөвсгөл аймгийн сайн туршлагаас харж болно. 2012-2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг”хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж бусад аймгууддаа үлгэрлэж байна.

Эдний туршлагыг орон нутагт нэвтрүүлье хэмээн ярьж байгаа. Цаашид ч бусад аймгууд хүүхдэд ээлтэй жишиг аймгийг түгээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.