Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шимон Перес Иранд хийх Израйлийн довтолгоог болиулж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Саяхан Израйлийн ерөнхийлөгч асан Шимон Перес 93 насандаа таалал төгссөн. Тэгвэл түүний хоёр жилийн өмнө нас барсных нь дараа нийтлэх нөхцөлтэй өгсөн ярилцлага Иерусалем Пост сонинд нийтлэгджээ.

Ярилцлагад тэрээр ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг Иранд үхлийн цохилт өгөх гэж байхад нь болиулсан тухайгаа өгүүлсэн байна.

Энэ үйл явдал дэлхийн таван их гүрний төлөөлөл Ирантай цөмийн хэлэлцээр хийж байх үед болжээ.

Израйль улс нь Ираны цөмийн хөтөлбөрийг хамгийн их шүүмжилдэг, үүнийг Израйлийн төдийгүй бүс нутгийн аюулгүй байдалд гол дайсагнагч гэж үздэг юм.

Нетаньяху Ираны цөмийн аюулыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулахын тулд 2012 онд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс зурагтай тайлбар хийж байв.

Харин 2015 оны долдугаар сард P5+1 (Хятад, Франц, Орос, Британи, АНУ, +Герман) яриа хэлэлцээр амжилттай өндөрлөж Иран улс цөмийн хөтөлбөрөө хязгаарлах үүрэгтэйгээр тус улсад аваад байсан олон улсын хориг арга хэмжээг цуцалсан. Энэ тохиролцоог хүртэл Израйль улс Иранд цохилт өгнө гэж байнга сүрдүүлдэг байсан юм.

Тэгвэл өчигдөр нийтлэгдсэн Шимон Пересийн ярилцлага, түүнийг энэхүү мөргөлдөөнийг зогсооход чухал үүрэг гүйцэтгэснийг харуулжээ.

Үнэхээр Иранд цохилт өгөх нь хоосон яриа байгаагүй аж. Ярилцлагын үеэр сэтгүүлч Пересээс 2007-2014 онд үргэлжилсэн түүнийг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд амжуулсан хамгийн том ажлыг асуужээ. Үүнд Перес хариулахдаа Нетаньяхугийн Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгөх төлөвлөгөөг өөрийн биеэр зогсоосныг нэрлэсэн байна.

Перес энэ талаар “Дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байгаа ч тэр үнэхээр цохилт өгөхөд бэлэн байсныг би болиулсан. Би түүнд үүний дараа урган гарах үйл явдлууд сүйрэл дагуулна гэдгийг ойлгуулсан юм” гэжээ.

Сэтгүүлч энэ яриаг нийтэлж болох эсэхийг асуухад өндөр настай улс төрч “намайг үхэхээр” гэж товчхон хариулсан байна.

Израйль улс 1981 оны зургаадугаар сарын 7-нд Опера нэртэй ажиллагаа Иракт явуулж Багдадаас зүүн хойд зүгт 17 км зайтай цөмийн реакторын бүтээн байгуулалтыг бөмбөгдөж байсан юм. Хэрвээ Шимон Перес саад хийгээгүй бол энэ түүх Иранд давтагдах байжээ.

 

Эх сурвалж: Russia Today