Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

МУБИС-ийг "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор шагналаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 1
iKon.MN
 

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн ойг нь тохиолдуулан "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор шагнав. Шагналыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан "Монгол Улсын Боловсролын Их Сургуулиар овоглодог эрдэмтэн судлаачид, төгсөгчид, оюутнууд, ажилтан, албан хаагчид Та бүхэнд тус сургуулийн 65 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 97 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд баяр хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсад дээд боловсролтой багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн үндэсний хэмжээний төрийн өмчийн их сургууль-Монгол Улсын Боловсролын Их Сургууль өндөр үүдээ өргөөд 65 жилтэйгээ энэ жил золгож байна.

Улсын багшийн институт анх 8 багш, 200 гаруй оюутан, 2 мянга орчим ном бүхий номын сантайгаар 1951 онд байгуулагдаж байсан бол өнөөдөр бакалавр, магистр, докторын сургалтыг олон хэлбэрээр зохион байгуулдаг, 14 мянга орчим оюутан, магистрант, докторанттай, 1,000–аад багш, ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 190 мянга гаруй номын фондтой үндэсний их сургууль болжээ. Энэ бүхнийг бүтээн цогцлоосон амжилтын эздэд гүн хүндэтгэл илэрхийлье” гэлээ.