Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

О.Орхон: Монголд гадны банкны салбар байгуулах ЦАГ НЬ ОДОО БИШ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Санхүүгийн салбарын гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Хэлэлцүүлгийн модератороор ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол, панелистаар ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг, Fund Partner Solutions-ийн Марк Венда нар оролцож байна. 

МОНГОЛД ГАДНЫ БАНК ОРЖ ИРВЭЛ ЯАХ ВЭ? гэсэн асуултад

ХХБ-ны Гүйцэтгэх захирал​ О.Орхон “Хөрөнгө оруулалтыг татахад санхүүгийн салбарын ач холбогдол маш өндөр. Тэр ч утгаараа санхүүгийн салбар Монгол Улсад хамгийн өндөр хөгжилтэй. Нөгөө талаасаа Монголын эдийн засагт маш том хувь нэмэр оруулж байгаа. Манай сектор их либерал, нээлттэй. Түүхэндээ ч тийм байсан. Өнөөдөр бараг бүх банкууд ГХО-ыг тодорхой хэмжээнд татаж байна. 

Монголд гадны банк, хөрөнгө оруулагчид заавал салбар байгуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж бий. Дотоодын банкуудаас гадна гадаадын банкуудын салбар бий. Эдгээр нь Монголын бүх банктай адилхан Банкны тухай хуулиар явж байгаа учраас тэдэнд ямар нэгэн хязгаар тавьдаггүй. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк олон улсын байгууллагынхаа хувиар арилжааны үйл ажиллагаа явуулж байна. Энэ утгаараа гадны банкууд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа.

Банкны холбоо дуу хоолой нэгтэйгээр Монголд гадны банкны салбар байгуулах цаг хугацаа нь биш, хууль эрх зүйн хувьд болохгүй гэж үзэж байна. Санхүүгийн хувьд хэлэхэд эдийн засгийг солонгоруулах боломж хомс байна. Томоохон төслийг дотоодын банкууд хөрөнгө оруулах эрсдэл ихтэй. Тэгэхээр Монголд бидний хийж байгаа зүйл бол жижиг дунд бизнес, экспортыг дэмжсэн үйл ажиллагаа юм. Дотоодын компаниудыг сургах, бойжуулах ажил хийж байна. Гадны банк орж ирээд бага хүүтэй зээл өгөх нь ойлгомжтой. Үүнээс тодорхой хэмжээний ААН-үүд үр ашиг хүртэнэ.

Харин банкуудын хувьд яагаад эсэргүүцээд байна вэ гэвэл бидний 20 гаруй жил ажиллаж ирсэн сайн харилцагчдыг авчихаар эрсдэл өндөртэй харилцагчид үлдэнэ. 
Тэгэхээр ингэж их өрсөлдөх шаардлагагүй, дотоодын банкууд олноор дампуурч, цөөн хэдэн банк үлдэнэ. Яагаад гэвэл үйл ажиллагаа нь маш хумигдмал болж ирнэ.
Бүр муугаар ярих юм бол хэдэн муу зээлтэйгээ үлдэж, өрмийг нь гадны банкууд авна. Гадны банкууд тухайн улсдаа 2-3 хувийн ашигтай зээл олгодог байсан бол Монголд ирээд 7-8 хувийн ашиг олно. Харин Монголын банкууд ашиггүй ажиллах эдийн засгийн тооцоо бий” гэв. 

Ө.Ганзориг: Монгол Улс 20 мянган хүнтэй компаниас доогуур үнэлэгдэж байна

Үүний дараа хөрөнгийн зах зээлийн хөгжлийн асуудлаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Монгол Улсын рейтинг гэж ойлголт байна. Аливаа Засгийн газрын зорилго энэхүү рейтингийг BBB буюу хөрөнгө оруулалтын зэрэглэлд аваачих асуудал байх ёстой. Яагаад гэвэл энэ зэрэглэлд очвол 4.2 их наяд ам.долларын зах зээл нээлттэй болно гэсэн үг. Том болохоор нь ийм зэрэглэл өгдөг юм биш шүү дээ. Харьцаа үзүүлэлтүүдээ хангах л асуудал. BBB-ээс дээш зэрэглэлтэй компаниуд дэлхийд хэдэн мянгаараа байна. 

Монгол дэлхийд 19 дэх том газартай улс гэхэд 20 мянган ажилтантай компаниас хэд дахин доогуур үнэлүүлж байгаа нь бидний арчаагүй байгаагийн илрэл л дээ. 
BBB-ээс доош зах зээл дээр хувийн хөрөнгө оруулалтын сангууд ажилладаг. Энэ сангууд Монголын хувийн компани, хөрөнгийн зах зээлд орж ирсэн. Нийтдээ 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Монголоос гадны хөрөнгийн зах зээл дээр 42 компани гарсны 41 нь уул уурхайн компани, нэг нь өөр чиглэлийн компани бий. Энэхүү уул уурхайн бус компанийн хувьцааны үнэ 6 ам.доллараас 20 цент болтлоо буурсан байна. Энэ бол хөрөнгө оруулагчид бидэнд ямар дүн тавьж байгааг харуулж  байна гэсэн үг. Энэ бол цэвэр эдийн засгийн л дүн юм даа. 

Гэхдээ боломж хязгааргүй их байна. Маш олон тэтгэврийн сангууд бий. Олон улсын зах дээр өндөр өгөөж хайсан мөнгө их байна. Хэдий тийм ч манай улс зээлжих зэрэглэлээрээ нэг компаниас доогуур үнэлэгдэж байгаа нь гол асуудал” гэдгийг онцоллоо.