Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Танайх өвөлд бэлэн үү?

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Зуны дэлгэр сарууд ард үлдэж, хүйтний улирал ирэхтэй уралдан Монголчууд өвлийн бэлтгэлээ базааж байна. Хөдөөгийнхөнд хамгийн чухал ажил нь өвс хадлан, тариаланчдад ургац хураалт байдаг энэ үед нийслэлчүүдэд орон байр, гэрээ дулаалах нь хамгийн чухал ажил.

Энэ үед гэр, байшингийн дулаалгын материал хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүн болдгийг "Нарантуул" зах дээр худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм.

Орон сууц, байшингийн хувьд хамгийн их дулаан алддаг хэсгүүд нь хаалга, цонх байдаг. Тиймээс хаалга, цонхны дулаалгын материал ямар үнэ ханштай байгааг тодрууллаа. Цонх дулаалгын чигжээс нэг метр нь 500 төгрөгийн үнэтэй байгаа бол шахдаг хөөс 4,000-6,000 төгрөгийн үнэтэй байна.

Мөн шалнаасаа салхи орж, дулаан алддаг бол "Дээврийн хар цаас тавихад салхи нэвтэрдэггүй, дулаан сайн барьдаг" хэмээн иргэд ихээр худалдан авч байгааг худалдаачид хэлж байлаа. Хар цаасны хувьд аль улсад үйлдвэрлэснээсээ хамаараад нэг боодол нь 10,000-20,000 төгрөгийн үнэтэй.

 

Харин эсгий гэрийн давхарга, дулаалга доорх үнэ ханштай байна.

  • Таван ханатай гэрийн давхарга /хоёр дээвэр, дөрвөн туурга/-320,000-350,000 төгрөг
  • Зургаан ханатай гэрийн давхарга /хоёр дээвэр, дөрвөн туурга/-450,000-480,000 төгрөг
  • Цаасан давхарга-35,000 төгрөг
  • Бризентэн давхарга-350,000 төгрөг
  • Хаалганы дулаалга-20,000 төгрөг
  • Хаяавч /материалын чанараас шалтгаалаад/-18,000-25,000 төгрөг

Мөн жилийн энэ үед зуух, пийшингийн борлуулалт нэмэгддэг ажээ. Зуух материалаасаа буюу хийсэн төмрөөсөө шалтгаалаад 60,000-110,000 төгрөгийн үнэтэй байгаа бол пийшингүүд хийц, хаана үйлдвэрлэснээсээ хамаараад 120,000-400,000 гаруй төгрөгийн үнэтэй байлаа.  Зуухнаас гадна яндан, дулаан баригч гэх мэт  өвөлд хэрэгтэй бүхэн төрөл төрлөөрөө худалдаалагдаж байна.

Өвлийн бас нэгэн зайлшгүй хэрэгцээ бол нүүрс, түлээ. Нүүрс түлээний жижиглэнгийн үнийн талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Харин нийслэлчүүдийн дийлэнх нь нүүрсээ машинаар нь худалдан авдаг газар болох "Цайз" зах дээр нэг портер нүүрс 140,000-170,000 төгрөг, өндөрлөгөөтэй бол 200,000 орчим төгрөгийн үнэтэй байна.