Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эрдэмтэд Монголын Говиос аварга том үлэг гүрвэлийн мөр олжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Окаямагийн Их сургуулийн эрдэмтэд Монголын Говиос үлэмж том хэмжээтэй үлэг гүрвэлийн мөр олсон тухайгаа өчигдөр буюу Пүрэв гарагт зарлажээ.

Японы эрдэмтэд Монголын ШУА-ын Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран ажиллаж өнгөрсөн наймдугаар сарын 21-нд уг мөрийг илрүүлсэн байна.

Мөрний хэмжээ нь өргөнөөрөө 106 см байгаа ба 100-аас дээш сантиметр хэмжээтэй мөр олдох нь ховорт тооцогддог аж. Мөрөн дээр сарвууны хэлбэр хүртэл харагдаж байгаа нь олдворыг онцгой болгож байгаа гэнэ.

Мөрийг Кретацийн галав буюу 70-90 сая жилийн өмнө тооцогдох геологийн настай газрын давхаргаас олсон байна.

Өвсөн тэжээлтэй Зауропод хэмээх аварга гүрвэлийн зүүн хойд хөлийн мөр гэж үзэж байгаа гэнэ.

 

“Энэ мөрийг үлдээсэн аварга гүрвэлийн бүтэн араг яс одоогоор Монголоос олдоогүй байгаа” гэж Окаямагийн Их сургуулийн профессор Шинобу Ишигаки ярьж байна. Тэр цааш нь “Ийм үлэг гүрвэлийн олдвор хэзээ нэг цагт олдоно гэдэгт итгэж байна” гэжээ.

Гэхдээ уг мөрний олдвор нь Зауроподын араг яс олдсоноос дутуугүй үнэтэй нээлт гэж үзэж байгаа юм.

Учир нь эрдэмтэд эндээс үлэг гүрвэлийн хөлийн хэлбэр, яаж явдаг байсан зэрэг олон зүйлийг мэдэж болох ажээ.

 

Эх сурвалж: Asahi.Com