Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЭШЛЭЛ: Сэтгүүлчийн эрх чөлөө ёс зүйн кодоор хязгаарлагдана

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөлөөс санаачлан есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн өдрүүдийн хүрээнд өнөөдөр "ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨЛӨӨ" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн удирдлага, сэтгүүлчид, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд, салбарын мэргэжилтнүүд оролцож,

  • "Сэтгүүлчийн ёс зүйн ба хууль эрх зүйн орчин" сэдвээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • "Хэвлэл мэдээллийн ёсзүй, өнөөгийн байдал" сэдвээр "News" агентлагийн дэд захирал Д.Нарантуяа
  • "Хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйд суурилсан хандлагыг хөгжүүлэх нь" сэдвээр "Мэдээлэл холбооны чадавхын хөгжлийн форум" ТББ-ын тэргүүн У.Тамир
  • "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим" сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Ц.Чимэддондог нар илтгэл тавин, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Ингээд илтгэгчид болон оролцогчдын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.

М.Оюунчимэг: Нийгмийн хөгжлийг дагаад хэвлэл мэдээллийн салбар зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай болоод байгаа

 

 

  • 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль нь иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангахад чиглэсэн.
  • Нийгэм асар хурдацтай хөгжиж, хэвлэл мэдээллийн салбар энэ хурдацтай өөрчлөлтөөс хоцрогдоод байна.
  • Ёс зүйтэй холбоотой асуудлыг Хэвлэлийн эрх чөлөөний хуулиндаа оруулж, өөрчлөх шаардлага байгаа нь харагдаж байна.
  • Сэтгүүлчдийн ёс зүй, эрх ашгийг хуулиар яаж хамгаалах ёстой юм бэ гэдэг нь тодорхойгүй байна.
  • Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, УИХ-ын гишүүний тухай гээд хуулиудаар сэтгүүлчийн эрх чөлөөг боож байдаг.
  • Хэвлэл мэдээллийн салбарын дөрөв дэх засаглал гэдэг. Маш хүчтэй салбар. Гэтэл улчтөрчид, бизнесийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэг нэгнээ намнах, өөрийгөө таниулах хэрэгсэл болгож байна.

Д.Нарантуяа: Сэтгүүлчийн эрх чөлөө ёс зүйн кодоор хязгаарлагдана

 

 

  • Хэвлэл мэдээллийн ёс зүй ямар хэмжээнд байна вэ гэдгийг харахын тулд эхлээд зах зээлийн ерөнхий дүр зургийг харах шаардлагатай.
  • Монгол Улс гурван сая иргэнтэй үүнээс мэдээлэл хүлээж авч боловсруулах чадвартай 1.5 сая хүн бий. 1.5 сая хүн амд ноогдож байгаа мэдээллийн хэрэглийн тоо үнэндээ дэндүү их.
  • Хэвлэлүүд янз бүрийн аргаар "амьдарч" байна. Бүгд ёс зүйтэй байна гэж хэлэхэд хэцүү.
  • Монголын хэвлэл мэдээллийн салбарт чөлөөт өрсөлдөөн байдаггүй.

У.Тамир: Ёс зүйгүй хэвлэлээс иргэдийг хамгаалж, сэтгүүл зүйн нэр хүндийг аваръя

 

 

Бичсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээе. Үнэн бодит мэдээлэл түгээж мэргэжлийн үйл ажиллагаагаа илтгэж харуулъя.

  • Ёс зүйгүй хэвлэлээс иргэдийг хамгаалж, сэтгүүл зүйн нэр хүндийг аваръя.
  • Олон улсад хэвлэл мэдээллийн салбарт хуулийн хязгаарлалт тавихаас зайлсхийдэг. Яагаад гэвэл сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчинг бүрдүүлэх ёстой гэж ардчилсан орнуудад үздэг.
  • Сэтгүүлч хүн хүнлэг ёс, хүн чанартай байх ёстой. Хүний эрхийг эрхэмлэх ёстой. Үүн дээр л ёс зүй тогтож байдаг.

Ц.Чимэддондог: Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална гэдэг заалтыг хуульд оруулах гээд үнэхээр чадахгүй байна

  • Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим нэгдүгээрт хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад үйлчилж байна.
  • Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд зарим зүйл үүрэг маягтай орж ирсэн байгаа. Тухайлбал, гүтгэх доромжлох мэргэжлийн давуу байдлаа урвуулан хувийн зорилгодоо ашиглахгүй байх, авилга авахаас татгалзана, мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална г.м.
  • Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална гэдэг заалтыг хуульд оруулах гээд үнэхээр чадахгүй байна.
  • Мэдээлснийхээ болон эс мэдээлснийхээ төлөө авилга авсаар л байна.
 

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид сэтгүүлчдийн адестатчилал, ёс зүйн зарчим, мэргэжлийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар чөлөөтэй ярилцаж, нэн түрүүнд сэтгүүлчид ёс зүйн зарчмаа мэддэг болох дээр санал нэгдлээ.

Ёс зүйн зарчмаа мэдэхгүй хүн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн ёс зүйтэй байх аа мэдэхгүй. Тиймээс нэн түрүүнд ёс зүйн зарчмаа танин мэдэх хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Тиймээс Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хорооноос баталсан ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМыг хүргэж байна.