Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ буурай хөгжилтэй гишүүн орнуудаа сансарт хөөргөх хөлөг худалдаж авахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 30
IKON.MN
Зураг зураг

НҮБ-ын Сансар Огторгуйн Хэргийг хариуцсан байгууллагын (UNOOSA) захирал Симонетта Ди Пиппо “дэлхийн улс үндэстэн бүрийг тэгш эрхтэйгээр сансрын уудмыг судлах боломж олгох нь манай үүрэг” гээд НҮБ-ын гишүүн орнуудад зориулсан сансрын хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарлалаа.

Мексикийн Гвадалахарад болж байгаа Олон Улсын Сансар Судлалын Чуулганы үеэр тэр энэ мэдэгдлийг хийсэн юм. Ингэхдээ Sierra Nevada Corporation (SNC) компанийн нам орбит хүртэл нисэх чадвартай 9 метрийн урт Dream Chaser хөлгийг ашиглахаар болсон байна.

Уг хөтөлбөрт НҮБ-ын гишүүн, үндэсний сансрын хөтөлбөргүй, хөгжиж байгаа орнууд давуу эрхтэй хамрагдах боломжтой аж.

Сансрын нислэгийн ихэнх зардлыг ивээн тэтгэгчид гаргаж, улс орнууд өөрийн сансарт илгээх ачаа, судалгааны материалын зардлыг гаргах гэнэ.

Ингэхдээ улс орнуудаас ирсэн саналыг үнэлээд биелэх боломжтой гэж үзсэнийг сонгон шалгаруулах юм. 2018 оны эхээр улсуудын саналыг авч эхлэх гэнэ.

Хөтөлбөрт ашиглагдах Dream Chaser хөлөг нь долоон хүний багтаамжтай, сансрын буудал болон энгийн нисэх буудалд газардах чадвартай, олон дахин ашиглагддаг, нам орбит хүртэл нислэг хийж, Олон Улсын Сансрын Станцад ачаа хүргэх чадвартай юм байна.

Dream Chaser хөлгөөр хийх нэг удаагийн аялал 14 хоног үргэлжлэх гэнэ.

 

Эх сурвалж: Sputniknews