Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хэн эзэмшиж, хянаж буйг судлах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс Хил Хязгааргүй Сэтгүүлчид олон улсын байгууллагатай хамтран Монголып хэвлэл мэдээллийн зах зээлийн ил тод байдлыг хангах зорилго бүхий “Хэвлэл мэдээллийн эзэмшлинн мониторинг”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж, хэн хянаж буйг судлах юм. Судалгааны үр дүнг цахим хуудсаар дамжуулан нийтэд түгээх бөгөөд эзэмшлийн төвлөрлийн түвшин нь мэдээллийн эрх чөлөөнд эрсдэл учруулж буй эсэхийг ил болгох аж.

Энэхүү хөтөлбөрийг ХБНГУ-ын Засгийн газраас санхүүжүүлж байгаа​ бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчдийн зах зээлд өндөр хувь эзэлж буй мэдээллийн бүх төрлийн хэрэгслийг (телевиз, радио, сонин, онлайн) стандартчилсан, ил тод арга зүйн дагуу судлах юм. Судалгааны явцад тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан хэвлэл мэдээллийн зах зээлийн төвлөрлийн түвшин, мэдээллийн хэрэгслийн улс төрийн хамаарал, эдийн засгийн бусад салбар дахь ашиг сонирхлыг ил болгох ажээ.

Энэ тухай Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Энэ төслийг Монголд хэрэгжүүлснээр хэвлэл мэдээллийн зах зээлийг тэнцвэржүүлэх, бодлого зохицуулалтын үндсэн суурь мэдээлэл бүрдэнэ гэж үзэж байна.

Төсөл гурван сар хэрэгжинэ. Гурван сарын хугацаанд хэвлэл мэдээллийн зах зээлд голлох үүрэг гүйцэтгэж байгаа сонин, радио, телевиз, онлайн мэдээллийн хэрэгслийн хөрөнгө оруулагч, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан тэдгээрийн ашиг сонирхолыг бүртгэж баримтжуулж, энэ оны арванхоёрдугаар сарын дундуур энэ тухай мэдээллийг олон улсын хэмжээнд цацагдах цахим сайтад англи, монгол хэлээр ил тод зарлана.

Монгол Улсын хэмжээнд 100 гаруй сонин, 130 гаруй телевиз, 70 гаруй радио, 80 гаруй сэтгүүл, 100 гаруй онлайн хэвлэл мэдээллийн байгууллага байна. Нийт 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслийг гурван сарын хугацаанд бүртгэл хийх боломжгүй учраас:

  • Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд голлох үүрэг гүйцэтгэж байгаа,
  • Цаг үеийн мэдээлэл түгээдэг байгууллагуудыг сонгож, хөтөлбөрт хамруулах юм.

Ерөнхийдөө хөтөлбөрийн гол зорилго бол ам дамжин яригддаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигчийн талаар таамгуудыг баталгаажуулж, баримттайгаар олон нийтэд ил тод болгох юм.

 

Энэхүү хөтөлбөр нь баримтжуулах, ил тод байлгах тодорхой тогтсон олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа судалгааны аргачлалын дагуу явагдана” хэмээн тайлбарлалаа.

Хөтөлбөрийн хүрээнд хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлын үнэлгээг хийхдээ тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагыг эзэмшигчдэд хандсан эзэмшлийн бүтцээ ил тод болгох хүсэлтийг илгээж, эзэмшигчдээс ирсэн хариултаар хэдий хэмжээнд ил тод, нээлттэй байгааг олон нийтэд зарлах юм байна.

Хэвлэл мэдээллийн мониторинг хөтөлбөрийн тухай

Энэхүү хөтөлбөр нь хэвлэл мэдээллийн ил тод, олон ургальч байдлыг дэлхийн хэмжээнд дэмжих зорилго бүхий олон улсын төсөл бөгөөд уг хөтөлбөрийг одоогийн байдлаар Колумб болон Камбож улсад хэрэгжүүлээд байгаа юм. Энэ жил Турк, Украин, Перу, Филиппин болон Монгол Улсад үргэлжилж байна.