Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7,282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. 

Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг 9 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж өгсөн юм. 

Харин сонгуулийн сурталчилгаа маргааш /2016.10.01/ эхэлнэ .

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үед УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай адил зарчим баримтлах юм байна. 

Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлд сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг тодорхой заасан байдаг. Үүнд:

  • сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах;
  • сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх; 68.3.5.ухуулах байр ажиллуулах;
  • радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • цахим хуудас ашиглах.
Мөн сонгуулийн тухай хуулинд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэргийг хориглосон байдгийг анхаарах хэрэгтэй.

Сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хууль бус сурталчилгаа явуулж, эд мөнгө тарааж, хөнгөлөлттэй үйлчилгээгээр үйлчлэх зэрэг зөрчил дутагдлыг иргэд баримттайгаар илрүүлсэн тохиолдолд тараасан эд, мөнгөний үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.

 Хуулийн дагуу орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 17-ныг дуустал явагдана.