Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын цэрэг Зэвсэггүй бүсээр хил давж Өмнөд Солонгост иржээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Хойд Солонгосын цэргийн алба хаагч дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай хил гэгддэг Зэвсэггүй бүсийг (DMZ-Demilitarised Zone) давж Өмнөд Солонгост ирсэн хэрэг гарчээ.

Уг бүс нь 1950-1953 оны Солонгосын дайны дараа хоёр Солонгосыг тусгаарлаж үлдсэн зурвас бөгөөд энхийн гэрээ байгуулаагүй тул одоог хүртэл дайны горимд байдаг юм.

Жилд 1,000 гаруй Хойд Солонгосын иргэн Өмнөд рүү оргож ирдгийн ихэнх нь Хятадаар дамждаг. Харин DMZ зурвасаар нэвтрэх нь маш ховор. Энэ зурвасыг битүү тэсрэх бодисоор тоноглож, өргөст тороор хэрсэн байдаг юм.

Хамгийн сүүлд 2015 оны зургаадугаар сард нэг хүн DMZ зурвасаар нэвтэрсэн байдаг. Өглөөний 10:00 цагийн орчимд хил давсан оргодол цэрэг нь зэвсэггүй байсан тул эсэргүүцэлгүй бууж өгч, одоо байцаагдаж байгаа гэнэ.

Сүүлийн үед Хойд Солонгосын дээд албаны хэд хэдэн хүн Өмнөд Солонгос руу оргоод байгаа. Тэдгээрээс хамгийн их анхаарал татсан нь Британид суух элчин сайдын орлогч Тае Ён-хо байсан юм.

Мөн өнгөрсөн хавар Хятад дахь Хойд Солонгосын рестораны 12 ажилчин Өмнөд рүү оргож ирсэн нь хамгийн олноороо ирсэн тохиолдол байв.

Хонг Конгод математикийн олимпиадад оролцож байсан Хойд Солонгосын багийн нэг гишүүн өнгөрөгч долдугаар сард Өмнөд Солонгосын консул руу оргосон тухай бас мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post