Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаар "тоглох" шаардлага алга

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 9 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Манай улсын Засгийн газар ард иргэдийнхээ өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчилдөг уламжлал тогтоогоод нэг жилтэй золгох гэж байна. Ингээд хэлбэл та гайхаж байж магадгүй. Тэртээ 1985 оноос эхлэлтэй “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоол бидний амьдралын хэв маягт нөлөөлсөөр өдийг хүрчээ.

Тэгэхдээ энэ тогтоол тасралтгүй 31 жил хэрэгжиж байна гэвэл өрөөсгөл. Тус тогтоолыг тухайн үеийн Засгийн газрын бодлого, шийдвэрээс хамааран хэд хэдэн удаа хүчингүй болгосон удаатай. Тодруулбал, Манай улс 1985-1999 оныг хүртэл 14 жил гуравдугаар сарын сүүлийн Бямба гаригийн шөнө зуны цагийн тоололд шилжиж ирсэн.

Үүний дараа 1999 онд Засгийн газрын “Зарим тогтоолыг хүчингүй болгох тухай” 48 тоот тогтоолоор Монгол Улсад зуны цагийн тооллыг хэрэглэх ажлыг зогсоосон байдаг.

Харин дараа нь 2001 онд Засгийн газрын 93 дугаар тоот тогтоолоор зуны цагийн тооллыг 2006 он хүртэл дахин мөрдсөн. 2006 оноос хойш мөрдөгдөөгүй тус тогтоол өнгөрсөн жилээс дахин хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Ингэснээр жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт зуны цагийн хуваарьт, есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт өвлийн хуваарьт шилждэг болсон. Тэгвэл бид Шийдлийн Засгийн газраас гаргасан тус тогтоолын дагуу долоохон хоногийн өмнөөс өвлийн цагийн хуваарьт шилжээд буй.

Биднийг унтаж, амарч байх хугацаанд цагийг урагшлуулахаар зохицуулсан хэдий ч энэ нь иргэдийн эрүүл мэнд амьдралын хэв маяг, ажлын идэвхэд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ талаар ч эрдэмтэн, судлаачид ярьсан нь олонтаа.

Тухайлбал, цаг урагшлуулж, хойшлуулснаар хүний биед ямар өөрчлөлт гардаг талаар хроно биологи, био хэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич JI Лхагва гадаадын судалгааны үр дүнг ярихдаа “Цаг шилжүүлсний дараа хүмүүсийн 75 хувьд нойрны хямрал бий болж, унтах болон сэрэхэд хүндрэл тохиолдож байна.

Харин 20 хувь нь өөрчлөлтийг мэдрээгүй, таван хувь нь өмнөхөө бодвол аятайхан унтаж, сэрж байсан. Энгийнээр хэлбэл 100 хүний 75 нь асуудалтай байна гэсэн үг.

Мөн цагийг өөрчилснөөр хүний биед стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хунд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болдог. Энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ, цаашилбал үхэлд хүргэнэ. Үүнийг шинжлэх ухаан баталсан" хэмээн өгүүлсэн байдаг.

Байгалийн жам ёсны цагийг өөрчилдөг энэ тогтолцоо бидний эрүүл мэнд гэлтгүй Монгол тооллын цагтай ч зөрчигдөөд эхэллээ. Монголчууд эрт дээр үеэс хурим, найр, хүүхдийн сэвлэг үргээх зэрэг уламжлалт заншлыг тухайн өдрийн сайн цагт үйлдэхийг эрхэмлэж ирсэн.

Энд нэгэн жишээ дурдъя. Таны хүүхдийн сайн цаг нь морь цаг байлаа гэж бодъё. Уламжлалт заншил ёсоор сайн цагт даахийг нь үргээвэл тэр хүүхдэдээ сайн хэмээн бэлгэшээдэг. Харин монгол цаг тооллоор 11:40-13:40 хүртэлх хугацааг морь цаг гэж заадаг.
Тэгвэл Засгийн газраас гаргасан тогтоолоор бидний өдөр тутмын амьдралаа зохицуулж буй цагийн 11:40 нь морь цаг болж чадахгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, одоо ашиглаж байгаа цагийн 11:40 цаг нь монгол тооллын 12:40 цаг болчихож байна гэсэн үг. Ингээд Монгол цаг тоолол маань бидний амьдралаас нэг цагаар хоцорч яваад эхэлчихлээ.

Монголчууд бид сүсэг, бишрэлтэй ард түмэн. Бид сэжгээр өвдөж, сүсгээр эдгэрнэ ч гэж ярьдаг. Тэгвэл Засгийн газраас гаргасан тогтоолоос болж бидний сүсэг бишрэл талаар өнгөрөх нь. Сайн цагт ном уншуулчихлаа, сайн цагт нь хүүхдийнхээ сэвлэгийг үргээчихлээ гэж яриад л байдаг. Гэтэл бодит амьдрал дээр тэр нь сайн цаг биш болчихлоо.

Энэ нь ч ард иргэдийг төөрөгдөлд оруулж гүйцлээ. Уламжлалт ёс заншлаа биелүүлэхдээ байгалийн жам ёсны цагаар явах уу эсвэл Засгийн газраас гаргасан тогтоолын цагаар явах уу гэдэг толгойны өвчин болох нь.

Хэн энэ тогтоолыг гаргахыг хүсэв, энэ тогтоол гарснаар хэнд ашигтай байв. Ард иргэд энэ тогтоолыг гаргахыг ч хүсээгүй, тэдэнд ч ашиг байхгүй. Ядахдаа ард иргэдийнхээ дунд цагийг урагшлуулах талаар санал асуулга авч, тэдний санаа бодлыг сонссон бил үү.

Засгийн газраас “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” тогтоолын талаар анх 4-9 дугээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэмнэх боломжтой хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл бодит байдал дээр тийм хэмжээний хэмнэлт хийж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Бид зуны цагийн хуваарьт шилжин байгалийн гэрлийг ашигласнаар ийм хэмжээний эрчим хүч хэмнэлээ гээд ярьж, хэлж байгаа ч хүн алга.
Нэгэнт л эрчим хүч хангалттай хэмнэж чадахгүй байгаа бол зуны цагийн хуваарь гэж ард иргэдийнхээ эрүүл мэндийг золиосонд гаргах шаардлага байна уу. Тэртэй тэргүй бид чинь гуравхан саяулаа.

Мөн элдэв янзын өвчний хавдар, тархалтаараа дэлхийд тэргүүлж байхад дээрээс нь цагийн хуваарийг нь өөрчилж, ард иргэдээ ядаргааны туйл болгох хэрэг байна уу.

Тиймээс л нэгэнт эрчим хүчээ хэмнэж чадахгүй, хүний эрүүл мэндэд ч хортой, Монгол цаг тоололтой хүртэл зөрчилдөөд байхад зүгээр л стандарт цагаа мөрдвөл яасан юм бэ.

Зураг