Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Алтангэрэл: Харааны бэрхшээлтэй иргэдийг ЦОГЦ ҮЙЛДЭЛ бүхий програмтай болгох зорилготой байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Инженерчлэлийн Сургуулийн Машин Оюуны Лабораторийн Хэл Боловсруулалтын Багийн санаачлан зохиож буй харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэлгэц уншигч програмыг хөгжүүлэх ажлын талаар тус багийн ахлагч, МУИС-ын ХШУИС-ийн багш, дэд профессор Ч.Алтангэрэлтэй ярилцлаа.

- Дэлгэц уншдаг програм гэж юу вэ?

- Дэлхий дахинд хэрэглэдэг JAWS, NVDA зэрэг Screen Reader буюу харааны бэрхшээлтэй болон дэлгэц рүү харах боломжгүй үед компьютерийг хэрэглэх шаардлагатай хүмүүст зориулсан програм байдаг. Өөрөөр хэлбэл дэлгэцэн дээр байгаа бичвэрэн мэдээллүүдийг хэлж, уншиж өгдөг гэсэн үг.

Энэ нь бичвэрээс яриа үүсгэх үүсгүүр агуулсан програм хангамж юм л даа. Бид Монгол хэл дээрх бичвэрээс яриа үүсгэх үүсгүүрийг хөгжүүлээд, дэлхийн стандартад хэрэглэдэг дэлгэц унших програмуудад холбож, одоогоор харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим сургалтанд болон шаардлагатай гэсэн тоотой хэдэн хүний хүрээнд ашиглаж байна.

- Хэзээнээс хэрэглээнд гарч эхэлсэн юм бол?

- Бид энэ програмыг нийтийн хэрэглээний түвшинд татаж авахаар байршуулаагүй байгаа.

Одоогоор сайжруулж, засвар хийх, тухайлбал гадаад үгийн дуудлага зэрэг дээр гарч байгаа дутагдлуудыг засварлах шаардлагатай байгаа учраас бүх нийтээр татаж авахаар байршуулаагүй, зөвхөн тодорхой хүрээний шаардлагатай гэж үзсэн хүмүүст л үнэгүй хэрэглүүлж байна.

Ерөнхийдөө 2010 оноос хэрэглэж эхэлсэн. Үүнээс гадна бид харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цогц үйлдэл бүхий програм болгохыг зорьж ажиллаж байгаа учраас төрөл бүрийн сайжруулалт, нэмэлт боломжуудыг хангах хэрэгтэй байна.

Анхны хувилбарыг гаргаснаас хойш бид өөрсдийн боломжоороо нэмэн сайжруулсаар ирсэн. Гэхдээ жаахан удаашралтай байж магадгүй боловч алхам алхамаар сайжруулалт хийгээд явж байна. Тухайлбал эхлээд ганцхан эмэгтэй хоолойтой байсан бол одоо эрэгтэй эмэгтэй нийлээд гурван янзын хоолойтой болоод байна. 

- Ямар ямар давуу талтай вэ?

- Өгүүлбэрт орсон цэг, таслал зэрэг тэмдэгтүүдийг унших эсэх, удаан түргэн унших, яригчийн дуу хоолойны өнгийг өөрчлөх хэрэглэгч өөртөө тохируулан төрөл бүрээр тохиргоо хийх боломжтой. Мэдээж бүх тохиргоог богино товчоор (short cut) хийх боломжтой байна шүү дээ.

Үүнээс гадна бичвэрийг мэдрэх боломж байна. Жишээ нь өгүүлбэрийн түвшинд ярихад том үсгээр эхэлж байгаа үгийг арай өөр дуудна. Ингэснээр хэрэглэгч том үсгээр эхэлсэн үг байна гэдгийг мэдэх боломжтой гэсэн үг.

Мөн зөвхөн ярихаас гадна энд бичвэр байна гэдгийг анхааруулах горим дээр тохируулах, зөвхөн ярианы хэлбэрээр унших эсвэл бичвэр дотор байгаа асуултын тэмдэг, цэг, таслал зэрэг бүх тэмдэгтийг оруулан унших горимд шилжүүлэх гээд төрөл бүрийн боломжуудтай юм.

 

- Энэ програмыг хэрхэн, хаанаас суулгаж ашиглах боломжтой вэ?

- Нийтийн хэрэглээнд гаргаагүй байгаа гэсэн шүү дээ. Гэхдээ хэрэгцээ шаардлагатай хүмүүст манай МУИС-ын Машин Оюуны Лаборатори болон Ярьдаг Номын Төвд хандаад суулгуулж болно. Хүмүүсийн хэрэглээ сайн байгаа учраас бид удахгүй чөлөөтэй татаж авах нэг хувилбарыг байршуулах төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна milab.num.edu.mn/groups/nlp хаяг дээрх үзүүлэн хуудаснаас дэлгэц уншигчгүйгээр туршиж болно.

- Нэмэлт төхөөрөмж хэрэгтэй юу?

- Зөвхөн бичвэрийг яриа болгон хөрвүүлэх зорилгоор ашиглахад нэмэлт төхөөрөмж шаардлагагүй. Харин брайль үсгээр бичих шаардлагатай болоход брайль үсгийн нэмэлт төхөөрөмж хэрэглэнэ. Энэ тал дээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ярьдаг номын сангийн мэргэжилтэн хөгжүүлэх ажлыг хийж байгаа.

- Интернетийн орчинд янз бүрийн дүрмийн алдаатай үг, Монгол хэлний дүрмийн замбараагүй байдал ажиглагддаг. Ийм тохиолдолд яаж ажиллах бол?

- Энэ програмын гол зорилго бол зөв буруу бичсэн эсэхэд анхаарах бус гол нь бичвэрээр байгаа мэдээллийг хүлээж авахад оршиж байгаа юм шүү дээ. Дүрмийн алдаатай бичигдсэн үгийг шууд уншдаг. 

 

Монгол бичвэрээс ярианд хөрвүүлэх гэсэн энэ үйлдлийг технологийн талаас тайлбарлавал бичвэрийг оруулаад, ярианд хөрвүүлээд, дуу хоолой болгож байгааг хэлж байгаа юм. Ингэхдээ бид Далд Марковын загварт суурилсан синтез гэсэн аргаар хөгжүүлсэн.

Энэ нь юу вэ гэхээр үгийг авиагаар нь задлаад, авианы дарааллыг тогтоож, түүнээсээ яриа үүсгэнэ гэсэн үг. Ингэж үгийн авиа бүрт хувиргалт хийдэг учраас яаж ч бичсэн түүнийг уншиж байгаа юм. Үүнд дүрмийн алдаа нөлөөлөхгүй. Учир нь энэ програм нь дүрмийн алдааг анхаарахаасаа илүүтэйгээр мэдээлэл хүлээн авахад чиглэсэн.

 

- Дэлгэц уншигчаас гадна нийтэд хэрэглэх боломжтой ямар програм, судалгаан дээр ажиллаж байгаа вэ?

- Манай Монгол Улсын Их Сургууль Хэрэглээний Шинжлэх Ухааны Инженерчлэлийн Сургуулийн харьяа судалгааны лаборатори болох Машин Оюуны Лаборатори ажиллаж байна.

Бид одоогоор:

  • Машин харааны баг
  • Хэл боловсруулалтын баг
  • Роботын баг
  • Өгөгдөл ба Мэдлэгийн Менежмэнтийн баг
  • Дүрслэлийн баг зэрэг чиглэл бүрт судалгааны баг бүрдүүлж ажиллаж байгаа.

Тухайлбал Машин харааны багийнхан гэхэд царай таних, Монгол бичгийн тэмдэгт таних зэрэг програмууд дээр судалгаа шинжилгээ хийгээд, хөгжүүлээд явж байна. 
Энэхүү дэлгэц унших програмыг хэл боловсруулалтын багийнхан гардаж ажилладаг.

Хэл боловсруулалтын багийнхан дэлгэц уншигчаас гадна үгзүйн задлуур, нэрлэсэн нэгж таних, өгүүбэрзүйн задлуур, салаа утга ялгах хэрэгсэл зэрэг крилл бичвэр боловсруулах, компьютерийн хэл шинжлэл тал дээр ажиллаж байна.

Бид Монгол бичвэрээс ярианд хөрвүүлэх хэрэгслээ Олон улсын судалгааны U-STAR консорциумын олон хэлний яриан орчуулгын VoiceTra, UniTra (http://www.ustar-consortium.com/qws/slot/u50227/app/app.html) зэрэг аппликэйшнд хэрэглэж байна.

Уг судалгааны багийн ажил болон хөгжүүлсэн хэрэгслүүдийн талаар вэб хуудаснаас дэлгэрэнгүй танилцаж болно.

- Ярилцсанд баярлалаа.

Монгол Улсын харааны бэрхшээлтэй иргэдийн тухай

Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар 16,000 орчим харааны бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд үүнээс 10,000 нь Монголын Хараагүйчүүдийн Холбоонд албан ёсны бүртгэлтэй байдаг байна. Харин харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг тусгай 116-р сургуульд 90 гаруй хүүхэд сурч боловсорч байгаа тоо баримт байдаг. 

Таван жилийн өмнөх судалгаагаар Монгол Улсад нийт 9,402 хараагүй, 130,000 орчим харааны өөрчлөлттэй хүүхэд байна гэсэн тооцоо байжээ. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс 40 гаруй нь төрийн болон хувийн их дээд сургуульд оюутан , 80 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж, 130 гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлж бусад нь гэртээ байна гэсэн судалгаа байна.

Нүдний хараа нь хүний амьдралд асар их үүрэг гүйцэтгэдэг бөгөөд орчин тойрны тухай бодит, ялгавартай мэдээллийг өгдөг. Хүн хараагүй болно гэдэг  нь гадаад орчноос авах мэдээллийн 80 хувийн боломжоо алддаг ба үлдэх 20 хувь мэдээллийг ихэвчлэн сонсох болон бусад хүрэлцэх, мэдрэх эрхтэний тусламжтайгаар олж авдаг байна.

Харааны бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх номын сан

Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд ном сонин унших, цахим орчноос мэдээ мэдээлэл хүлээн авах, нийгэмд болж буй үйл явдалтай зэрэгцэн алхах боломж бололцоо хязгаарлагдмал байдаг. 

Улаанбаатар хотын хэмжээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн уншлагын танхим хоёр байдаг бөгөөд түүний нэг нь Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд байх Ярьдаг ном уншлагын танхим юм. 

 

Энэхүү танхим анх 2014 онд 50 ширэх кассет дээр бичигдсэн ярьдаг ном, 18 ширхэг брайль үсгээр хэвэлсэн номын сан хөмрөгтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Харин 2010 онд уншлага үйлчигээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүртээмжтэй цахим номын DAISY /Digital Accessible Information System/ технологийг нэвтрүүлэх төслийг санаачилж амжилттай хэрэгжүүлсний үр дүнд цахим номын студи байгуулж, номын сан хөмрөгөө баяжуулах нөхцөл бүрдсэн бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлж одоогийн байдлаар интернэтийн орчин бүхий 20 хүний суудалтай уншлагын танхим, ярьдаг номын студи болон Монгол, Англи, Орос хэл дээрх уран зохиол, анагаах ухаан, улс төр, түүх, хууль эрх зүйн 600 гаруй төрлийн 3,500 ширхэг брайль ном, 400 гаруй ярьдаг ном бүхий сан хөмрөгэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн үүнээс гадна уншигч хүүхдүүд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилготой шатар, даам зэрэг янз бүрийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын булантай байна.

Ярьдаг номын сангаар өдөрт доод тал нь найман хүн үйлчлүүлдэг​ бөгөөд дийлэнх нь оюутан сурагчид байдаг байна. Тус танхимд долоо хоног бүрийн хагас сайн өдөр англи хэлний ярианы клуб хичээллэж, 116-р сургуулийн сурагч хүүхдүүд ирж англи хэлний сургалтанд хамрагддаг. 

Сурах бичгийн хувьд номууд брайль үсгээр байдаг бол уран зохиол, хууль эрх зүй, улс төр, түүхийн чиглэлийн номууд ярьдаг хэлбэрээр байх аж. Сургуулийн хүүхдүүд ихэвчлэн брайль үсгээрх номыг захиалж уншдаг юм байна. 

 

Сүүлийн үеийн байдлаар 2015 онд БСШУСЯ-ны санхүүжүүлснээр 50 ширхэг ярьдаг ном хэвлэгдсэн бол 116-р сургуулийн 9-р ангийн сурагчдад зориулсан нийгэм, англи хэл, компьютерийн чиглэлийн гурван сурах бичиг хэвлэгдэн гарчээ. 

Ном хэвлэлийн талаар тус уншлагын танхимын номын санч П.ОюунбаярБрайль үсгээр ном хэвлэхэд маш их хөдөлмөр шаарддаг. Жишээлбэл Англи-Монгол толь л гэхэд гурван хуруу хүрэхтэй үгүйтэй зузаан байдаг бол брайль үсгээр хэвлэхэд бичиг нь том байдаг учраас 19 дэвтэр болдог” хэмээн өгүүлж байв.

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Брайль болон Ярьдаг ном” хэвлэх төв 

“Брайль болон Ярьдаг” ном хэвлэх төв нь хараагүй иргэдийг мэдээллээр хангаж, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийн дэмжлэгтэйгээр 2004 онд байгуулагджээ.

Тус хэвлэлийн төв нь:

  • Брайль ном хэвлэх төв
  • Ярьдаг номын студи гэсэн хоёр хэсгээс бүрддэг байна. 

“Брайль” хэвлэлийн төв нь тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр, “Брайль” цаасан дээр, товгор үсэгтэй /Брайль үсэг/ тэмтрэн унших номыг хэвлэдэг бол “Ярьдаг" номын студи нь аливаа ном хэвлэлийг DAISY /Digital Accessible Information System/ форматад хөрвүүлж аудио ном болгон хэвлэж байна. 

 
Брайль үсгээр хэлний ном, сурах бичиг, зарим хууль тогтоомж, сургалтын гарын авлагуудыг, ярьдаг хэлбэрээр түүх, уран зохиол, танин мэдэхүйн чиглэлийн болон хууль эрхзүйн номыг түлхүү хэвлэдэг байна.

“Брайль болон Ярьдаг" ном хэвлэх төв нь:

  • Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх Хараагүйчүүдийн Нөхөн Сэргээх Сургалтын төв,
  • Харааны Бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн номын сан,
  • Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан дээр байрлах Хараагүйчүүдийн уншлагын танхимаар дамжуулан нийслэлийн, орон нутгийн салбараар дамжуулан хөдөө орон нутгийн хараагүй иргэдэд тус тус хүргэдэг байна.