Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Цагаан хэрмийн доогуур төмөр зам тавихаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

2022 онд болох Өвлийн Олимпийн наадмын дэд бүтцийг байгуулах ажлын хүрээнд Хятад улс Бээжингээс Занжякоу хот хүртэл 174 км өндөр хурдны галт тэрэгний төмөр зам тавихаар болсон.

Онцлог нь уг замд түүхт Цагаан хэрэм хөндөлддөг тул түүнийг нэвтлэхийн тулд газар доогуур нүсэр том байгууламж босгох төлөвлөгөөгөө өнгөрсөн Лхагва гарагт танилцуулжээ.

Цагаан хэрмийн Бадалинь хэсэгт газраас 102 метрийн гүнд 36,000 метр.кв буюу таван хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний өртөө байгуулахаар болсон байна. Ингэснээр дэлхийд хамгийн том, хамгийн гүнд байрлах өндөр хурдны галт тэрэгний өртөө болж байгаа гэнэ.

Газар доорх өртөө нь гурван давхар, нисэх буудал шиг ирэх, буцах зорчигчдын тусдаа давхартай, 62 метрийн босоо чиглэлд ажиллах хоёр том лифттэй байхаар төлөвлөгджээ.

 

2019 оны сүүлээр ашиглалтад орох энэ замаар Бээжин болон Занжякоу хотуудыг холбох юм. Зам зуур 10 өртөө, Янчинь, Чонли хотуудыг холбох хоёр салбар замтай байна.

Өндөр хурдны галт тэрэг дээд тал нь 350 км/цаг хурдтай тул Бээжин-Занжякоу чиглэлд 50 минутанд л туулах юм байна. Одоо энэ замыг гурван цаг гаруй хугацаанд туулдаг аж.

Бадалинь өртөө нь Цагаан хэрмийн доогуур байрлах тул барилгын ажил нь хамгийн хэцүү байх гэнэ. Түүхийн үнэт дурсгал болох Цагаан хэрмийг гэмтээхгүйгээр хонгил гаргах ёстой болж байгаа. Гэвч төслийг гүйцэтгэгчид тэсэлгээг хамгийн орчин үеийн технологиор хийх тул Цагаан хэрэмд нөлөөлөхгүй гэж амлаж байна.

 

Эх сурвалж: China Daily