Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Захиалга авч буй орон сууцнуудын 76 хувь нь БОРЛОГДЖЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас 80 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг 8 хувийн зээлд хамруулах боломжтой болсон тухай есдүгээр сарын 28-ны өдөр зарласан.  Тэгвэл энэ шийдвэр барилгын салбарынханд ямар нөлөө үзүүлэх бол?

2016 оны наймдугаар сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод ашиглалтад орсон, захиалга авч буй 29,700 айлын орон сууц бий. Эдгээр орон сууцны борлуулалтын явц 76 хувьтай байна. Тэгэхээр 7,000 гаруй  айлын орон сууц ашиглалтад орсон ч борлуулагдаагүй эзнээ хүлээж байгаа ажээ.

“Тэнхлэг Зууч” ХХК-ний судалгааны ахлах ажилтан Н.Цэвэлсүрэн  “Зах зээл дээр 80 м.кв-аас дээш орон сууцнууд багагүй буюу 20 орчим хувийг эзэлж байна.  Хэрэв 80 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг ипотекийн хөтөлбөрт хамруулбал  худалдан авагч, борлуулагч талдаа эерэг нөлөөтэй. 

Том хэмжээтэй орон сууц авах хүмүүс нь боломжийн орлоготой, байрныхаа орчин нөхцлийг сайжруулах хүсэлтэй хүмүүс байдаг. Тийм хүмүүст боломж нээгдэж байна. Барилгын компаниудын хувьд том талбайтай орон сууцны борлуулалт бага байсан. Тэдэнд мөн л таатай боломж гарлаа” гэв. 

Зах зээл дээр байр борлуулагдахгүй байгаа, барилгын салбар дампуурах гэж байна гэсэн мэдээлэл их гарч байна. Үүнтэй та санал нийлэх үү? гэхэд Н.Цэвэлсүрэн “Санал нийлэхгүй. Сар болгон шинээр гэрчилгээ авч байгаа орон сууц, хуучин орон сууцнаас шилжилт хөдөлгөөн хийгдэж буй байдлыг харахад урд оноос буусан хэдий ч навс уначихаагүй байна. Ер нь борлуулалт цаашаа өсөх хандлага ажиглагдаж байгаа” гэв. 

Улаанбаатар хотын хэмжээнд 500 орчим орон сууцны төсөл хэрэгжиж байна. Уг төслүүдийн хүрээнд нийт 94,700 айлын орон сууцны асуудал яригдана.  Үүний 47 хувь буюу 43,200 айлын орон сууцны захиалга эхэлсэн, 43 хувь нь захиалгаа авч эхлээгүй ч барилгын ажил нь явагдаж байгаа. Харин 10 хувь нь буюу 9,200 айлын орон сууцны захиалга ямар нэгэн шалтгаанаар түр зогссон ажээ. 

Захиалга авч байгаа 43,200 айлын орон сууцны 29,700 нь бүрэн ашиглалтад орсон бол 2016 ондоо багтааж нэмж 11,400 айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөгджээ.