Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жэйсон Вү: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны гол зорилго нь эрчим хүчний хэрэглээг хэмнэх юм

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO 50001 стандартыг хэрэгжүүлэх нь, түүний ач холбогдол” сэдэвт семинар өчигдөр зохион байгуулагдлаа.

Семинарыг Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний Обзерв Консалтинг ЗҮБ болон Монголын Бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж, зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалтаар дэлхийд тэргүүлэгч Германы TUV Rheinland байгууллагыг урьж оролцуулсан юм.

ISO удирдлагын тогтолцооны шинэчлэгдсэн стандартуудын танилцуулга, шинэчлэлийн үзэл баримтлалтай танилцах, стандартыг хэрэгжүүлэх , тэргүүн туршлагуудаас хуваалцах зорилготой тус семинарын Германы TUV Rheinland байгууллагын Азийн бүсийг хариуцсан ерөнхий менежер Жэйсон Вүтэй ярилцлаа.

- Аливаа стандартыг амжилттай хэрэгжүүлэхэд нэн түрүүнд юунд анхаарах ёстой  вэ?

- Стандартыг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн гол нөлөөтэй зүйл нь тухайн байгууллагын удирдлагын хандлага байдаг. Удирдлага нь хүлээн зөвшөөрсөн, тус стандартыг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, зорилттой байх хэрэгтэй.

Мэдээж хэрэг дээр нь зөв баг чухал үүрэгтэй. Багаа амжилттай бүрдүүлснийхээ дараа ямар үе шаттайгаар хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулаад алхам алхамаар ахих хэрэгтэй. Зохион байгуулалт сайтайгаар хэрэгжүүлнэ гэдэг хамгийн хурдан үр дүнгээ өгөх сайн арга юм.

Аливаа стандартыг хэрэгжүүлэхэд дотоод, гадаад хоёр хүчин зүйл нөлөөлнө. Дотоод хүчин зүйл нь тухайн компанийн чанартай үйлчилгээ үзүүлэх гэсэн хүсэл эрмэлзээс хамааралтай бол гадаад хүчин зүйл нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан байхаас хамаардаг.

Мөн юун түрүүнд компани өөртөө жишиг тогтоох хэрэгтэй. Ингээд өөрсдийн тогтоосон жишгээрээ бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдээс давуу байдлыг бий болгох юм.

- ISO стандартыг хэрэгжүүлсэн байгууллагад ямар давуу талууд бий болох вэ?

- Мөн ISO стандартыг хэрэгжүүлсэн байгууллагуудын хувьд эрсдлээ удирддаг болохоо нотлон харуулж байгаагийн хувьд зарим томоохон зээлдэгч нартай зээлийн илүү уян хатан нөхцөлийг тохиролцох боломж бүрддэг,  гэх мэт давуу тал олон бий.

- Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг манай компаниуд түгээмэл хэрэгжүүлдэг. Уг стандарт 2015 онд шинэчлэгдсэн, гол шинэчлэл нь юу байв?

- Мэдээж олон шинэчлэлт орсон. Үзэл баримтлалын хувьд шинээр орж ирсэн нэг гол өөрчлөлт бол эрсдэлд сууртласан сэтгэлээ гэдэг ойлголт байгаа юм. Удирдлагын баг эрсдлийг зөв тодорхойлж, эрсдэлд хамааруулж ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр анхаарч үзсэн.

 

- Олон улсын стандартчиллын байгууллага 2009 онд ISO 50001 стандартыг боловсруулан гаргасан. Уг стандартыг гаргах хэрэгцээ шаардлага нь юу байсан бэ?

-Бүх хүн төрөлхтөний өмнө нийтлэг тулгарсан асуудалын нэг нь дэлхийн дулаарал.  Мөн эрчим хүчий хэрэглээ, хүртээмж ч тэгш бус байна. Энэ стандарт гарах болсон шалтгаан нь эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих, эрчим хүчний үр зардлыг багасгах улмаар эрчим хүч үйлдвэрлэлээс дэлхийн дулааралд нөлөөлж буй сөрөг нөлөөллөө багасгахад чиглэдэг.  Эрчим хүчний удирдлагын тогтолцоо буюу ISO 50001 стандартыг 2011 оноос хойш хэрэгжүүлж байгаа. 

Тухайн үед бүх улс орнууд шууд л хүлээн зөвшөөрчихөөгүй.  Бүгд л өөр өөр хандлагатай байсан  хэдий ч жилээс жилд хүлээн зөвшөөрөх улс орнуудын тоо нэмэгдсээр байна. Энэ ч утгаараа, өнөөдрийн байдлаар хэрэглээ нь хамгийн хурдтай нэмэгдэж буй удирдлагын тогтолцоо энэ болж байна. 

- Эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO 50001 стандартыг хэрэгжүүлэхийн хамгийн гол ач холбогдол нь юу вэ?

- Эрчим хүчний удирдлагын тогтолцооны гол зорилго нь эрчим хүчний хэрэглээг хэмнэх. Эрчим хүчний хэрэглээг хэмнэснээр эрчим хүчний зардал багасна , мөн хуримтлагдсан нөлөөлөлийн үр дүнд агаарын бохирдол буурах, дулааралд оруулж буй хувь нэмэр  багасна гэсэн эерэг нөлөөлөлүүд гарах юм.  

Эрчим хүчний удирдлагын тогтолцооны гол зорилго нь эрчим хүчний хэрэглээг хэмнэх.

Эрчим хүчний удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх гэдэг нь юу юугүй л орчин үеийн дэвшилтэт техник, хэрэгсэл сольж тавьна гэсэн үг биш юм. Эрчим хүчний хэмнэлт хийхийн тулд бүх тоног төхөөрөмжийн байршлыг солих, ажлын ээлжинд өөрчлөлт оруулах, зарим процесс дээр  өөрчлөлт хийх зэрэг хөрөнгө оруулалт шаардахгүй ажлууд ч бас томоохон үр дүн авч ирдэг. 

- Стандартыг хэн хэрэглэж болох вэ, стандарт гэдэг зүйл ард иргэдэд төдийлөн ойлгомжгүй холын зүйл шиг харагддаг шүү дээ?

- Эрчим хүчний удирдлагын тогтолцоон дээр жишээ авч тайлбарлая.

ISO 50001 стандарт буюу эрчим хүчний удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь хүмүүсийг тогтвортой ажлын байраар хангах нэг хөшүүрэг болж байгаа. Компани зардлаа хэмнэж байгаа үед ажилчдын ажлын байр баталгаатай байдаг.

Мөн Apple, DELL  гэх мэт  томоохон компаниуд өөрсдөд нь түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлж буй компаниудыг Эрчим хүчний удирдлагын тогтолцоонд орсон байхыг шаарддаг болсон байна.

Тэгэхээр жижиг компаниудын хувьд Эрчим хүчний удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь зах зээлд өрсөлдөх ур чадварын хэрэгсэл, гадаад нэр хүнд, нийгмийн хариуцлагын илэрхийлэл болж байгаа юм.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.


Олон улсын Стандартчиллын байгууллага (ISO)-аас гаргасан Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO50001 стандартыг Стандарчлал Хэмжилзүйн Газраас 2015 онд үндэсний стандарт болгон батласан байдаг.

Энэхүү стандартыг ач холбогдол өгч үр нөлөөтэй хэрэгжүүлсэнээр гарах хамгийн эхний бодит үр дүн бол эрчим хүчний зардал буурах явдал юм. Тиймээс энэхүү стандартыг санхүүгийн тайланд шууд үр дүн нь харагддаг тогтолцоо гэсэн хэлц үг гарсан ажээ.

Нөгөө талаас дэлхийн хаана ч, эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий байгууллагуудад эрчим хүчний хэмнэлттэй холбоотой хуулийн болон зохицуулалтын шаардлага тавигддаг. Монголд ч гэсэн энэ хууль эрхзүйн орчин бүрэн бүрдсэн. 2015 онд УИХ Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг баталж, 2016 онд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журамуудыг ЗГ-аас батласан.