Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зангилааг Засгийн газар тайлна

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 9 сарын 30
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа, эсэхийг асуухад нийт хэрэглэгчдийн 6.3 хувь нь “Тийм” хэмээн хариулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин буурсан тоо. Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаанд хамрагдсан нийт хэрэглэгчдийн 4.2 хувь нь орон сууц, 0.6 хувь нь хашаа байшин, 0.3 хувь нь гэр, 0.5 хувь нь зуслангийн байр авна гэж хариулжээ.

Найм болон таван хувийн хүүтэй орон сууцны зээл хэвийн үргэлжилж байхад нийт хэрэглэгчдийн 4.2 хувь нь орон сууц авахаар худалдан авалтаа төлөвлөж байсныг дээрх судалгаанаас харж болно.

Харамсалтай нь таван хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох боломжгүй болоод зогсохгүй найман хувийн хүүтэй зээл ч түр зогсоод байна. Иргэдээ орон сууцжуулах бодлогын бодит тусгал нь ипотекийн зээл. Уг зээл түр зогссон нь барилгын салбарт ч хүндрэл үүсгэж мэдэхээр байна.

Ипотекийн зээл гацаанд ороод хоёр cap болж буй. Энэ нь орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тэвчээр, итгэлийг улам барах шинжтэй. Тэд хүйтнээс урьтаж орон сууцтай болохыг дор бүрнээ зорьж буй нь лавтай. Ийм үед найман хувийн хүүтэй зээл зогссон хэвээр хэт удааширч байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Хөнгөлөлттэй зээлийн энэхүү саатал хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус байна. Монголбанк, Засгийн газрын шийдмэг бус байдал нь дээрх хүлээлтийн зангилаа болсоор.

Төв банк ипотекийн зээлийн өмчлөлийг Засгийн газарт энэ оны гуравдугаар сард шилжүүлсэн байдаг. Ингэснээр орон сууцны хөтөлбөрийг ямар нөхцөлтэйгөөр цааш үргэлжлүүлэх нь Засгийн газрын шийдэх асуудал болж хувирсан юм.

Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн. Уг саналыг Төв банкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд хариу шийдвэр одоогоор гаргаагүй байна.

Таны худалдан авч буй орон сууцны ам.метр 80-аас дээш бол Монголбанкны санхүүжилтэд хамрагдах бололцоогүй юм. 

Монголбанкны хувьд найман хувийн хүүтэй ипотекийн зээлд санхүүжилт талаас л оролцох болсон. Харин таван хувийн хүүтэй зээлийг өнөөгийн нөхцөлд энэ байдлаар үргэлжлэх боломжгүй тул зогсоох шийдвэрийг Төв банкнаас гаргасан гэж хэлж болох юм. Харин найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд энэ хүрээнд арга зам хайж байгаа аж.

“Шинэчлэл”-ийн Засгийн газрын хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь ипотекийн зээл гэдэгт хэн ч маргахгүй болов уу. Уг зээлийн хоёр дахь “автор” нь Монголбанк байж ирсэн. Зээлийн үр шимийг хүртсэн өрхийн тоо 85 мянгаар хэмжигдэж байна. Нэг өрх дунджаар дөрвөн ам бүлтэй гэж тооцвол 340 мянган иргэний нийгмийн асуудлыг шийдэж чаджээ.

Төв банкны зүгээс 80 хүртэлх ам.метр талбайтай орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжтой гэдгээ Засгийн газарт илэрхийлсэн. Тэгэхээр таны худалдан авч буй орон сууцны ам.метр 80-аас дээш бол Монголбанкны санхүүжилтэд хамрагдах бололцоогүй юм. 

Засгийн газрын тэргүүн найман хувийн зээлийн журам дахь ам.метрийн хэмжээг 100-д хүргэх талаар банк, санхүүгийн байгууллагынхантай уулзахдаа мэдэгдсэн юм. Энэ нь нийгэмд хүлээлт үүсгэхийн сацуу Монголбанк, Засгийн газар дахин зөвшилцөхөд хүргээд байна.

Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналыг Монголбанк хүлээж авахгүй тохиолдолд Засгийн газар ипотекийн зээлийг хэрхэн санхүүжүүлэх шийдлээ өөрөө олно гэсэн үг.

Найман хувийн хүүтэй зээл түр зогсох болсон шалтгааныг Монголбанк арилжааны банкуудад явуулсан шалгалттай холбон тайлбарлаж байгаа юм. Энэ шалгалтаар арилжааны зарим банк Төв банкнаас олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу ашиглаагүй байсан нь илэрсэн.

Тодруулбал, Монголбанкнаас авсан санхүүжилтээ найман хувийн зээлд олгоогүй буюу зориулалтын бусаар ашиглаж, үлдэгдэлтэй байсан нь найман хувийн хүүтэй зээл хоёр дахь удаагаа зогсоход хүргэсэн билээ. Зөрчлийг шийдвэрлэж дуусаад ямар үр дүн гарахаас ипотекийн зээл үргэлжлэх, эсэх нь шалтгаалахаар байна.

Шалгалтын үр дүнг нэгтгэж дууссан ч ирэх оны төсөв, мөнгөний бодлогын чиг хандлагаас ипотекийн зээлийн ирээдүй хамаарах бололтой. Засгийн газар үргүй зардлаа танаж, төсвийн алдагдлаа бууруулсан тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогод ипотекийн зээлийг санхүүжүүлэх орон зай бүрдэнэ гэж үзэж байна.

Зураг