Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Блакбэрри компани дахин гар утас үйлдвэрлэхгүй болсноо зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Нэгэн цагт гар утасны үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн эгнээнд явсан Канадын Блакбэрри компани дахин гар утас үйлдвэрлэхээ бүр мөсөн зогсоож байгаагаа өчигдөр мэдэгджээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жон Чэн “манай компани дотооддоо төхөөрөмж үйлдвэрлэхээ бүрэн зогсоож, ийм ажлыг түнш компаниуддаа шилжүүлэхээр (outsource) боллоо” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

2009 оноос хойш Блакбэрри компанийн гар утас үйлдвэрлэх салбар уналтанд орж iOS, Android системтэй өрсөлдөгчиддөө зах зээлээ алдаж эхэлсэн юм.

Уг уналтыг зогсоож дийлэхээ больсон Канадын компани зөвхөн програм хангамж дээр үйл ажиллагаагаа төвлөрүүлж, төхөөрөмж үйлдвэрлэлээ Хятадын TCL зэрэг компаниудад шилжүүлж ажиллахаар болжээ.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд Блакбэрри компанийн програм хангамжаас олсон орлого жилийн өмнөх мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн нь компанийн түүхэнд анх удаа тохиолдсон явдал гэж Жон Чэн өмнө нь мэдэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: TheNextWeb