Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын цахим мэдээллийн аюулгүй байдалд улаан гэрэл ассан байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
 

Цахим хэрэглээ, техник технологийн хөгжлийг дагаад тулгамдаж буй нэгэн асуудал нь мэдээллийн аюулгүй байдал юм. Мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ, цахим халдлагаас хэрхэн сэргийлэх вэ зэрэг манай улсад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий мэдээллийн технологийн салбарынхны цахим мэдээллийн аюулгүй байдлын “MNSEC 2016” уулзалт, өдөрлөг өнөөдөр "The Corporate hotel and convention center"-т эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалт, өдөрлөгөөр мэдээллийн аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлын талаарх ойлголтыг олон нийтэд нээлттэй түгээх зорилгоор мэдээллийн технологи, олон нийтийн салбарын төлөөлөгчдийг хамруулсан шууд хэлэлцүүлэг өрнүүлж, уриалга, зөвлөмж гаргах юм байна. 

“MNSEC 2016” уулзалт, өдөрлөгийн зохион байгуулагч “Тридум э-Секьюрити” компанийн гүйцэтгэх захирал Л.Аюушжаваас зарим зүйлийг тодрууллаа. 

Л.Аюушжав: Мэдээллийн технологийн мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэх нь хамгаас чухал

 

-Цахим аюулгүй байдлын уулзалт өдөрлөг гурав дахь жилдээ болж байна. Энэ жилийн онцлог нь юу вэ?

-Энэ жилийн хувьд арга хэмжээний цар хүрээ тэлж, олонд хүрч байгаад баяртай байна. Мэдээллийн технологийн ажилтнууд, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд төдийгүй хувь хүмүүс ч ажиллаж байна. 

-Сүүлийн үед олон улсад банкны салбарынхан цахим халдлагад өртөх болсон талаар мэдээлэл их байдаг. Тэгвэл манай улсын банкууд цахим халдлагаас сэргийлэх тал дээр хэр анхаарч ажилладаг вэ. Эрсдэлээс бүрэн хамгаалагдаж чадсан уу?

-Цахим халдлагын хувьд банк санхүүгийн байгууллага хамгийн том бай нь байдаг. Өнөөгийн байдлаар манай банкны систем мэдээллийн технологийн аюулгүй байдлаа маш сайн түвшинд ханган ажиллаж байгаа гэж хэлж болно. 

-Мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? 

-Техник технологи маш хурдацтай хөгжиж байна. Үүнийг бид гүйцэх шаардлагатай. Гэхдээ зөвхөн тоног төхөөрөмж, системд найдаад орхих биш инженер мэргэжилтнүүд шаардлагатай болж байна. Тиймээс бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ талын салбарт ажиллах хүсэлтэй, чадвартай залуусыг дэмжих зорилгоор “ Харуул занги” цахим хамгааллын тэмцээнийг ивээн тэтгэдэг.  

Энэ тэмцээний зорилго нь мэдээллийн технологиор суралцаж буй залуус хоорондоо өрсөлдөх, чадавхжих болон цаашид дэлхийн хэмжээний мэргэжилтэн болоход тодорхой хэмжээнд туслалцаа үзүүлж байгаа хэрэг. 

-Та компанийнхаа үйл ажиллагааны талаар ярихгүй юу?

- Манай “Тридум э-секьюрити” компани 2005 онд байгуулагдаж, аюулгүй байдлыг хангах чиглэлд тодорхой хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Салбар бүрийн компаниудтай аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллаж байна. 

 

“MNSEC 2016” уулзалт өдөрлөгөөр долоон улсын нийт 17 илтгэгч өөрсдийн судалгаа, үйл ажиллагаанд суурилсан илтгэлүүдийг хоёр өдөр тавих юм.

Эдгээрээс цахим халдлагын тайлан илтгэлийг онцолж байна. Тус илтгэлийг “Mncert” компанийн гүйцэтгэх захирал Э.Төрбат тавьсан юм. Сүүлийн жилүүдэд манай улсад гарч буй цахим халдлагын тоо ихэсч буйг тэрбээр онцолж байлаа. Түүнээс манай улсын цахим аюулгүй байдлын талаар тодрууллаа. 

Э.Төрбат: Монголын мэдээллийн аюулгүй байдалд улаан гэрэл ассан

 

-Цахим халдлагын тухай тайлан илтгэл тавилаа. Энэхүү судалгааны ажлынхаа талаар ярихгүй юу?

-“Mncert” компани маань Монголын аюулгүй байдлыг сайжруулъя гэсэн зорилгоор сайн дураараа ажилладаг газар. Интернет үйлчилгээ явуулдаг компаниудад сенсор буюу мэдрэгч тавьж, манай улсад гарч буй цахим халдлагыг илрүүлдэг. Сүүлийн жилүүдэд манайх руу чиглэсэн халдлага жил ирэх тусам өсч байна. Бид үүнийг өмнө нь мэддэггүй, анхаардаггүй байж. 

-Аль салбарт илүү их халдлага байна вэ?

-Бүхий л салбарт байна. Тухайлбал, сүүлийн үед “локи” гэж вирус хүмүүст мэйлээр их ирж байна. Энэ нь компьютерт суусан тохиолдолд компьютерийг шууд цоожилдог. Ингэсэн тохиолдолд компьютертээ формат хийхээс нааш ашиглах ямар ч боломжгүй болно гэсэн үг. Өөрөөр устгах ямар ч боломжгүй. Тэгэхээр тухайн хүн бүх мэдээллээ алдаж байгаа хэрэг. 

-Цахим аюулгүй байдал манай улсад ямар түвшинд байна гэж дүгнэж байна?

-Улаан, шар, ногоон гэрлээр жишээлж үзвэл, улаан гэрэл ассан байна. Бүх салбар халдлагад өртөх боломж их байна. Картын залиланд өртсөн, мэйл хаяг, хувийн аккаунтаа алдсан тохиолдол маш их байна. 

-Үүнээс гарах гарц нь?

-Мэдээллийн технологийн мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй. Үүнийг бэлдэхийн тулд бид “Харуул занги”  зохион байгуулдаг. Энэ жилээс ерөнхий боловсролын сургуулийн насныхны дунд зохион байгуулж байна. Уг нь мэдээллийн технологийн салбар нь манай улсын тэргүүлэх салбар байх ёстой.

"MNSEC 2016" уулзалт, өдөрлөгийн хүрээнд цахим хамгааллын "Харуул занги" тэмцээн болдог. Тус тэмцээн нь цахим магадлан шинжилгээ, ес зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй юм.

Жил бүр оролцогчдын ур чадварыг нэмсэн, мэдээллийн технологийн салбарт ажилладаг, мэдээллийн технологийн чиглэлээр сурдаг оюутан залуучуудын хүсэн хүлээдэг томоохон тэмцээн болон өргөжсөн байна. Мөн энэ жилээс ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд тэмцээнийг “Харуул занги U18” нэртэйгээр зохион байгуулж эхэлжээ.

Ингэснээр хүүхдүүдэд цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар ойлголт зөв мэдээллийг хүргэх, цахим орчинд өөрийгөө хамгаалах арга зам тэдгээрийг сурталчлан таниулах, интернет сүлжээнд зөв зохистойгоор ашиглахад сургах зэрэг ач холбогдолтой юм. Тус тэмцээний эцсийн шалгаруулалт маргааш болж, дүнгээ гаргана.