Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн худалдан авах чадвар ба ИНФЛЯЦИ /ДЕФЛЯЦИ/

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бараа бүтээгдэхүүний /329 төрөл/ үнийн өсөлтийг харуулдаг гол үзүүлэлт болох инфляци /Улаанбаатар/ 2016 оны наймдугаар сарын 31-ний байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад -0.6 хувьтай гараад байна. 

Инфляци хасах тоотой гарвал түүнийг дефляци хэмээн нэрлэдэг. Дефляци яагаад үүсэх болов?

Графикаас харахад -0.6 хувийг бүрдүүлж буй таван төрөл зүйлээс махны үнэ хамгийн их хувиар буурчээ. Мөн махнаас бусад хүнсний ногоо, шатахууны үнэ ч мөн адил хасах тоотой гарчээ. 

График: Инфляцийн задаргаа

Энэ талаар Монголбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл "Сагсанд буй 329 төрлийн бараагаа бид таван төрөлд хуваадаг. Энэ таван төрлийн бүтээгдэхүүний инфляцийн нийлбэр нь -0.6 хувь гарсан. 

Махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-7 хувиар буурсан. Махнаас бусад хүнс гэдэгт хүнсний ногооны үнэ хамгийн их нөлөөлсөн байгаа. Харин хүнсний ногооны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 20 хувиар буурсан байна. 

Энэ үнийг Үндэсний Статистикийн Хороо Улаанбаатар хотын 200 гаруй цэгээс авсан судалгаагаар тооцож гаргадаг. 

Гантай байсан өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил нийт нутгаар зуншлага сайтай байсан тул ургац ногоо элбэг, үнэ нь хямд байна. Хичээл эхлэхийн өмнө хүүхдийнхээ сургалтын тѳлбѳрийг бэлддэг малчдын хувьд “Оюутны 70” олгодог байсан өмнөх жилтэй харьцуулахад бэлэн мөнгөний хэрэгцээ өссѳн нь лавтай. Улмаар зах зээлд мах ихээр нийлүүлснээр үнэ нь буурахад нөлөөлсөн" хэмээн тайлбарлав. 

Тэгвэл чухам яагаад жил бүр хүнс, ногооны нийлүүлэлт нэмэгддэг хэдий ч өмнө нь дефляци болж байгаагүйг тодруулахад тэрбээр "Өмнөх жилүүдэд инфляци өөрөө өндөр буюу хоёр оронтой тоонд байдаг байлаа. Энэ жилийн хувьд нам дор байсан инфляцид мах, ногоо, шатахууны үнийн бууралт нөлөөлж дефляци болсон" гэв. 

ХЭРЭГЛЭЭНЭЭС ХУРИМТЛАЛ РУУ
 
Гэрэл зургийг mpa.mn

Харин сагсанд байх 329 төрлийн барааны ихэнх хувийг бүрдүүлдэг "Бусад" гэсэн ангиллын бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал буурсан байгаа нь иргэдийн худалдан авах чадвар буурч байгааг харуулж байна. Монгол Улсад ипотекийн зээл авсан 86,000 иргэн байна. Тэдний сард төлдөг дундаж төлбөр нь 440 мянган төгрөг. Нийтдээ 37 тэрбум гаруй төгрөг сар бүр орон сууцны төлбөрт төлөгддөг. 

Өмнө нь сарын цалингаа тэр чигт нь хэрэглээнд зарцуулдаг байсан ард түмэн түүнийхээ талыг зээлэнд төлөх буюу орон сууцандаа хөрөнгө оруулалт байдлаар "хадгалдаг" болжээ. Иргэдийн хамгийн худалдан авах чадвартай, тогтмол орлоготой хэсэг нь орон сууцны зээлэнд хамрагдсан байдаг. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлтийг бууруулснаар үнэ дагаад буусан гэж дүгнэхэд хүргэнэ. 

Гэхдээ иргэд орлогоо ийнхүү урт хугацааны хөрөнгө оруулалтад зарцуулж байгаа нь эерэг хандлага хэмээн эдийн засагчид дүгнэдэг юм. 

ХАНШИЙН УНАЛТ БИДНИЙ "ХООЛ"-НООС ХОРООСООР....

Иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа өөр нэг зүйл бол төгрөгийн ханшийн уналт юм. Иргэн Дорж өмнө нь 1,993 төгрөгөөр авдаг байсан импортын бүтээгдэхүүнээ энэ жил 2,200 төгрөгөөр худалдан авах болоод байна. 

График: Ам.долларын ханшийн харьцуулалт 2015 ба 2016 он

Ханшийн зөрүүнээс болж худалдан авах чадвараа 10 гаруй хувиар алдсан Дорж хамгийн түрүүнд хэрэглээнээсээ танаж эхэлнэ. Энэ нь эрэлт бууруулах үндэслэл болдог. 

Харин нөгөө талд импортоор орж ирдэг бүтээгдэхүүний үнэ даган өссөөр л байна. Тиймээс төгрөгийн ханшийг чангалах нь үе үеийн төр засгийнхны заавал хийх ёстой үүрэг хариуцлага байдаг билээ. 

хүсэж болохгүй "юм" АЖИЛГҮЙДЭЛ

Худалдан авах чадварыг 0 болгодог хүчин зүйл нь иргэн ажил, орлогогүй болох явдал. Эдийн засгийн хүндрэлээс болж бизнес эрхлэгчид зардлаа минимиум хэмжээнд барих бодлого баримтлах нь зүйн хэрэг. 

Зардлын нэлээдгүй хувийг цалингийн зардал эзэлдэг. Тиймээс ч компаниуд "амьд" үлдэхийн тулд ажилтнуудаа цомхотгох замыг сонгох нь бий. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн 60 хувь нь байрладаг Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин есөн хувьд хүрсэн талаар Монголбанкны инфляцийн төлөвт дурджээ. Энэ нь хоёр дахин өссөн үзүүлэлт юм. 

Мөн 2015 оны байдлаар 18.6 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан байна. Ажлаасаа гарсан иргэнд уг тэтгэмжийг олгодог.  Томоохон төслүүд бүтэлгүйтэж, уул уурхай, зам, барилгын салбарынхан ажилгүй болсон тул эдийн засгийн хүндрэлийн шинж тэмдэг болох ажилгүйдлийн тоо ийнхүү нэмэгджээ. 

Бие биедээ холбоо хамааралтай учраас ажилгүйдэл нь бараа бүтээгдэхүүний борлуулалт, цаашлаад компаниудад ч сөргөөр нөлөөлдөг. Тиймээс төрөөс эдийн засгийг тэлэх, дэмжих бодлого явуулах шаардлага бий болоод байна. 

Хэдийгээр намар болж өргөн хэрэглээний барааны үнэ буурч байгаа ч өвөл удахгүй ирнэ. Малчид махаа их хэмжээгээр хот руу чирч ирэхгүй, ногоо зооринд орно. Энэ үед нийлүүлэлтээс үүдэлтэй үнэ бууралт ажиглагдахгүй л болов уу. 

Харин хямрал бүсээ чангалчихсан байгаа ард түмэнд тань "бүсээ улам чангалах" шаардлага тавих вий бодлого боловсруулагчид аа!