Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Москва Майкрософтод цохилт өглөө

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Москва хот Майкрософтоос салахаар шийджээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төрийн албаныхан, дотоодын компаниудыг гадны технологиос хараат байдлаа бууруулахыг даалгасны дараа Москва хот Майкрософтын бүтээгдэхүүнүүдээс татгалзаж эхэлсэн байна.

Эхний ажил болгож 6,000 орчим компьютерийн имэйлийн програм болох Microsoft Exchange, Outlook зэргийг дотооддоо хөгжүүлсэн програмаар сольжээ. Уг програмыг төрийн өмчит Ростелеком компанид хөгжүүлсэн гэнэ.

Мөн удахгүй 600,000 орчим компьютерийн Microsoft Windows, Office програмуудыг Оросын шинэ клоуд системээр солихоор төлөвлөсөн байна.

2014 онд Крымийг нэгтгэсний дараа Барууныхны тавьсан Оросын эсрэг хориг арга хэмжээний хариуд ийнхүү гадны технологиудыг шахах болжээ.

Үүний үр дүнд 2015 оны байдлаар $3 тэрбумын үнэлгээтэй Оросын програмын зах зээлийг Майкрософт, Оракл зэрэг томоохон компаниуд алдаж байна.

Үүнээс гадна Путины засаглалын интернэт хариуцсан гол хүн Герман Клименко саяхан гадны App store-уудаас аппликэшн худалдан авахад 18 хувийн татвар ноогдуулах санал боловсруулсан нь Apple, Google компаниудын бизнест нөлөөлөхөөр байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz