Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосыг айлгах зорилготой АНУ-ын цөмийн бөмбөгдөгч хоёр дахь удаагаа Өмнөд Солонгост иржээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын стратегийн бөмбөгдөгч B-1B онгоц Хойд Солонгост анхааруулга өгөх зорилгоор Өмнөд Солонгост хэсэг хугацаанд саатсаны дараа Ням гарагт Гуам дахь цэргийн баазад буцсан байна. Энэ тухай АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгч өчигдөр буюу Даваа гарагт мэдээлжээ.

B-1B Lancer онгоц нь өнгөрсөн Лхагва гарагт Өмнөд Солонгосын Осаны цэргийн баазад газардаж хэд хоносны дараа Ням гарагт буцсан байна.

Хойд Солонгосын дэглэм есдүгээр сарын 9-нд тав дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн нь дэлхий нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Үүний хариуд АНУ хоёр B-1B бөмбөгдөгч онгоцыг есдүгээр сарын 13, 21-нд нийт хоёр удаа Солонгосын хойг дээгүүр нисгэж Хойд Солонгост анхааруулга өгсөн юм.

Эхний удаад нь газардалгүй ниссээр Гуам руу буцсан. Харин хоёр дахь удаагаа бөмбөгдөгч онгоц нь Сөүлээс өмнө зүгт 70 км зайтай Пьёнтэк баазад газардсан нь Хойд Солонгосын хилд хамгийн ойр цэгт хүрсэн явдал болжээ.

Мөн 1996 оноос хойш 20 жилийн хугацаанд анх удаагаа Өмнөд Солонгост газардсан явдал болсон байна. АНУ-ын армийн төлөөлөгч “Өнөөдөр бидний үзүүлсэн зүйл бол олон зэвсгийн сонголтоос зөвхөн ганц нь. Солонгосын хойгийн болон энэ бүс нутгийн аюулгүй байдлыг хангах бидний хүч чадал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Осаны цэргийн баазад саатах үеэр B-1B онгоцыг олон нийтэд үзүүлсэн нь ийм түвшний зэр зэвсгийг нээлттэй үзүүлсэн анхны тохиолдол болсон гэнэ.

 

 Эх сурвалж: Korea Times