Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЕСБХБ хөрөнгө оруулалтаа тээврийн дэд бүтцийн салбарт өргөжүүлнэ

www.mongolianminingjournal.com
2016 оны 9 сарын 27
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт Монгол Улсад айлчилж, шинэ Засгийн газар, бизнесийн төлөөлөлтэй уулзан, тус улсад хөрөнгө оруулалт хийж эхэлсний 10 жилийн ойн ажиллагаанд оролцохоор ирээд байна.

Ноён Беннетт есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж, ЕСБХБ-ны Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх шинэ стратеги, одоогийн үйл ажиллагаа, санхүүжүүлэх боломжтой төслүүдийн талаар хэлэлцэнэ.

Ноён Беннетт нь ЕСБХБ-ны банкны үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд шинээр байгуулагдсан Засгийн газартай ЕСБХБ-ны Монгол Улсад цаашид хийх ажлын талаар уулзаж ярилцах юм. 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ЕСБХБ Монгол Улсад нийтдээ 1.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсний бараг бүгд нь хувийн хэвшлийн хөгжилд чиглэгдсэн байна. ЕСБХБ одоогоор хөрөнгө оруулалтаа нутгийн захиргаа, тээврийн дэд бүтцийн салбарт өргөжүүлэхээр  судалгаа хийж байна.

“Өнгөрсөн арван жил хоромхон зуур өнгөрч, ЕСБХБ Монгол Улсын хамгийн том байгууллагын хөрөнгө оруулагч болсон байна. Бид уул уурхайгаас авхуулаад бичил санхүү, ногоон эрчим хүч зэрэг олон салбарт өөрийн мөрийг үлдээлээ. Монгол Улс хөрөнгө оруулалт, бизнесийн өмнө үүдээ дахин нээж байгаа энэ үед шинэ боломж, түншлэлийг эрэлхийлж байна” гэж ноён Беннетт онцлов.

Есдүгээр сарын 27-ны Мягмар гарагт ЕСБХБ өөрийн түншүүд, харилцагчид, бизнес, дипломат байгууллагуудын төлөөллийг урьж, ЕСБХБ-ны 25 жилийн ой, Монгол Улсад үйл ажиллагаа эхлүүлсний 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

 
Ноён Беннетт айлчлалынхаа үеэр ЕСБХБ-ны Монгол Улсад санхүүжүүлж байгаа хоёр дахь салхин цахилгаан станц болох Цэций төслийн гэрээг үзэглэнэ. Уг салхин станцын төслийг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) хамтран санхүүжүүлэх бөгөөд Монгол Улсын “Ньюком” групп, Японы СофтБанк хоёр хамтран хэрэгжүүлэх юм.

Ноён Беннетт ЕСБХБ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж буй нь энэ бөгөөд тус банкийг төлөөлөхөөс өмнө олон удаа ирж ажиллажээ.

ЕСБХБ-ны Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны төсөл нь 2001 онд ирж ажилласан Жижиг бизнесийн зөвлөх баг байсан бөгөөд банкны үйл ажиллагаа эхлэхээс таван жилийн өмнө байжээ. Хандивлагчдын дэмжлэгтэйгээр Жижиг бизнесийн зөвлөх төслийн хүрээнд өнөөг хүртэл 500 жижиг, дунд бизнесүүдэд бизнесийн зөвлөгөө өгөөд байна.

Зураг