Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжаны Алиев үе залгамжлан ерөнхийлөгч байх замаа заслаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Азербайжанд бүх нийтийн санал асуулга явуулж тус улсын үндсэн хуульд 29 нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдлээ.

Санал хураах цэгүүдийн 72 хувийн дүн гарахад Азербайжанчуудын 90 гаруй хувь нь үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг дэмжсэн тухай Бакугийн сонгуулийн төв комисс мэдээлжээ. Албан ёсны дүн ирэх сард гарах төлөвтэй байгаа ба сонгогчдын ирц 70 орчим хувьтай байсан байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтүүдэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таван жилээс долоо болгох, парламентад нэр дэвших насыг 25-аас 18 болгон бууруулж байгаа юм.

Өмнө нь 2009 онд ерөнхийлөгчөөр сонгогдох давтамжийг хязгааргүй болгосон байв. Ингэснээр одоогийн ерөнхийлөгч 54 настай Илхам Алиевийн байр суурийг улам бэхжүүлж, түүний хүүхдүүдэд удам залган Азербайжаныг захирах боломж нээгдэж байна.

Парламентад нэр дэвшигчийн насны хязгаарыг 18 болгосон нь Алиев өөрийн үр хүүхдүүдийг эртнээс улс төрд оруулж, залгамжлагчаар бэлдэх зорилготой нь холбоотой.

Мөн үндсэн хуульд өөрчлөлт орсноор Алиев анх удаа парламентаас илүү эрх мэдэлтэй болж байгаа юм.

Бас дэд ерөнхийлөгчийн хоёр албан тушаал бий болгосныг хоёуланг нь Алиев томилох болон солих эрхтэй болжээ.

Эдгээр дэд ерөнхийлөгчийн суудлуудын нэгийг Алиевын эхнэр, Шинэ Азербайжан намын дэд дарга Мехрибанд зориулсан бол нөгөөг нь Алиевын 19 настай хүү Хейдарт зориулсан гэж ажиглагчид үзэж байна.

Санал асуулгыг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж, Алиевын гэр бүлийнхний эрх мэдлээ баталгаажуулах гэсэн алхам гэж зарлаж байв.

Мөн олон улсын хүний эрхийн байгууллагууд санал асуулга явуулахыг эсэргүүцэж, шүүмжилж байсан юм.

Харин Алиевын туслах Али Хасанов энэ тухай “Санал асуулгын нэг гол зорилго бол эдийн засгийн реформыг түргэсгэх, засгийн газрын үйл ажиллагааг үр ашигтай болгох юм” гэж мэдэгдэж байв.

Ийнхүү газрын тосоор баялаг Азербайжан орныг үе дамжин удирдах гэр бүл төрийн бүх эрх мэдлийг гартаа авлаа.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty