Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хэний мөнгөөр зугаалж явааг нь шалгах хэрэгтэй

Ж.Отгонмягмар
2016 оны 9 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

Манай төрийн өндөрлөгүүд сүүлийн үед айлчлал хэмээх гоё нэртэй зугаалгыг их хийдэг болжээ. Тэгээд ганц нэгээрээ ч биш бөөн бөөнөөрөө айлчилж, туршлага судлах болжээ. Уг нь МАН гарсан цагаасаа л улсын авдар мөнгөтэй гэж бодож байсан юм. Гэтэл аваад нээсэн чинь юу ч алга.

Монгол Улсын эдийн засаг хүнд байна гээд л албан хаагчдынхаа цалинг хасч, оюутны тэтгэлэг, бүтээн байгуулалтуудыг зогсоосон гээд бүгдийг хасч, танаад байгаа. Бүр улс орон дампуурлын ирмэгт ирчихлээ гэж сүржин мэдэгдэл хийгээд л хүүхдийн 20 мянгаа ч өгч чадахгүй хэмээн олон хүүхдийн хоолыг хасч байгаа билээ.

Гэхдээ жирийн ард иргэдийнхээ нүдийг бүлтийтэл бүсийг нь чангалж байгаа ч ачир дээрээ өөрсдийн тансаглалд огтоос хасалт хийхгүй байгаа нь эмгэнэлтэй. Саяхан даа хоёрхон жилийн өмнө НИТХ-ын гишүүд туршлага судлахаар яваад төлбөрт унаж байсныг иргэд санаж байгаа байх.

НИТХ-ын 10 орчим төлөөлөгч Бразил, Куба улс руу туршлага судлахаар яваад ирсэн. Гэвч тэдгээр төлөөлөгчдийг “төсвийн хөрөнгөөр хөлбөмбөг үзэж зугаалж яваад ирлээ” хэмээн цахим ертөнцөөр шуугьж өгсөн. Тиймээс ч тухайн үед нь УИХ-ын дарга З.Энхболд “Бразил явсан төлөөлөгчид зардлаа хувиасаа төл” гэсэн мэдэгдлийг хотын удирдлагуудад хүргүүлсэн юм. Улмаар туршлага судлах нэрээр зугаалсан гэх нөхдүүд төлбөрөө төрд буцааж төлсөн сайн туршлага байдаг.

Тухайн үед буюу 2014 оны зургаадугаар сарын 19-нд буюу МАН цөөн байх үедээ Бразил явсан төлөөлөгчдийн асуудлаар НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж байсан.

Тэдний хэлж буйгаар улсын эдийн засаг хүндэрч, урсгал зардлаа хэмнэх УИХ-ын тогтоол гарсан байхад Бразил руу хөлбөмбөг үзэхээр явах нь зохимжгүй аж. Тиймээс үргүй зардлаа хэмнэхийн тулд яваагүй гэсэн тайлбарыг хэлж байсан.

Мөн нийслэлийн данхайсан бүтцийг багасгаж, урсгал зардлыг хэмнэхийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс шаардаж, шаардлага хүргүүлж байсан удаатай. Тухайн үеийн ухамсар МАН-ынханд одоо л хэрэгтэй байх юм уг нь.

Үнэхээр л улс орон чинь дампуурах гээд байгаа юм бол айлчлал нэртэй аялал, зугаалгуудыг цензуртэй болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төрийн өндөр албан тушаал бүхий эрхмүүд аялал зугаалга хийгээд түүнийгээ баталгаажуулан патиараа татуулсан шигээ цахим ертөнцөөр “гангарч” байх юм.

Хямрал дээд цэгтээ тулж байхад эд нар хэний мөнгөөр явж байгааг шалгах хэрэгтэй бус уу. Зөвхөн төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, төлөөлөгчид ч бус УИХ-ын гишүүн, яам тамгын газрын дарга, сайдууд ч гадаад дотоодын томилолт, айлчлалынхаа тайлан дүн мэдээг олон нийтийн телевиз, сониноор ил тод мэдээлдэг болох нь зөв.

Ингэвэл Бразил явсан хэд хөлбөмбөг үзсэн, Солонгос руу аялсан гэх элдэв хардалт сэрдэлт алга болох учиртай. Нэг хүн томилолтоор явлаа гэхэд л ямар зорилгоор явсан бэ гэдгийг тэр дор нь мэдээлээд байж яагаад болохгүй гэж.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл тухайн үед “Ард түмэн үнэхээр нэхэл хатуутай болжээ. Тэд төлсөн татварынхаа мөнгийг үр ашигтай зарцуулах асуудалд анхаарал хандуулдаг болсон байна” хэмээн дуу алдаж байсан. Тиймээс бид нүдэн балай чихэн дүлий байдаг иргэд биш болсон шүү. Татвар төлөгчид хууртагдахаасаа өнгөрсөн гэдгийг МАН-ынханд нэг сануулчихъя.

Зураг