Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бондын мөнгийг “ЗАВШСАН” нөхдүүд тодорч эхэллээ

Р.Саруул
2016 оны 9 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

"Чингис", "Самурай" бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг тодруулахаар хууль хяналтын байгууллага болон Хууль зүйн дотоод хэргийн яамны дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн шалгалт хийж, улмаар зарим нэг хүнийг энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ.

Тухайлбал, манай сонины өчигдрийн дугаарт Түлш, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон талаарх мэдээллийг хүргэсэн билээ.

Учир нь, тэрбээр тус яамны дэд сайдаар ажиллаж байхдаа БНХАУ-ын иргэн Wang Lebao-гийн хамтран бизнес эрхэлдэг Хонг Конгийн “Shijia Co, Limited” компанийн захирал Jin Shihuгийн 500 мянган ам.долларыг 2013 онд өөрийн үүсгэн байгуулсан “Финсервис” ББСБ-ын дансаар шилжүүлэн авсан байдаг.

Түүнчлэн дээрх Хятад иргэний үүсгэн байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай “Хэй Лун Жан Хуа Нян Минерал” ХХК нь 2013 онд Д.Доржпүрэвийг дээрх яамны дэд сайдаар ажиллаж байхад нь 200 сая төгрөгийн авлига өгсөн тухай асуудал ч хөндөгдсөн.

Үүнээс гадна ДЦС-III ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төсөлд нь БНХАУ-ын "Human industrial equipment installation" компанийг гүйцэтгэгчээр шууд гэрээ байгуулж “Чингис” бондоос 35.0 сая ам. долларыг таван удаагийн санхүүжилтээр шилжүүлсэн байна. Энэ мэтчилэн бондын мөнгөний зарцуулалт эхнээсээ ил болж эхлээд байгаа юм.

“Чингис” бондын эцсийн төлбөрийг хийж дуустал тав болон 10 жилийн хугацаатай бондын хүүд нийтдээ 615 сая 625 мянган ам.доллар төлөх тооцоо гарч байгаа аж.

Ямартай ч “Чингис” бондын таван жилийн хугацаатай гаргасан үндсэн төлбөрийг 2018 онд, 10 жилийн хугацаатай гаргасан үндсэн төлбөрийг 2023 онд хийж дуусгах ёстой. Бондын эцсийн төлбөрийг хийж дуусгах хүртэл Монгол Улс таван жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 20 сая 625 мянган ам.долларын хүү төлөх бол, 10 жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 51 сая 250 мянган ам.доллар төлнө.

Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын эцсийн төлбөрийг хийж дуустал тав болон 10 жилийн хугацаатай бондын хүүд нийтдээ 615 сая 625 мянган ам.доллар төлөх тооцоо гарч байгаа аж. Энэ бүх мөнгийг 10 жилийн хугацаанд, жилд хоёр удаа төлж барагдуулах ёстой. Ингэхдээ жил бүрийн зургаадугаар болон арванхоёрдугаар сард бондын төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлж байхаар болсон билээ.

Угтаа бол дээрх бондын мөнгийг Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, эдийн засгийн суурь болох том төслүүдэд зарцуулна гэсэн байгаа. Тухайлбал, “Чингис” бонд 1.5 тэрбум ам долларын санхүүжилттэй. Энэ мөнгийг 11 төсөлд зарцуулж, эдүгээ 520 тэрбум төгрөг үлдээд байгаа талаарх мэдээлэл бий.

Тэгвэл өнөөдрийн байдлаар “Чингис” бондын мөнгөөр дараах төслүүдийг санхүүжүүлжээ. Тодруулбал, “Гудамж” төсөлд 200 сая ам.доллар, “Авто зам”-ын төсөлд 570 тэрбум төгрөг, “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.доллар, “Таван толгойн цахилгаан станц” барихад 50 сая ам.доллар, “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл” хийхэд 68.8 сая ам.доллар, ”Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлт”-д 200 тэрбум төгрөг, ”Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээхэд 14 сая ам.доллар, Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, Хүлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар, Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.долларын санхүүжилтийг олгосон байна.

Өнгөрсөн хугацаанд дээрх бондын мөнгөний зарцуулалтын талаар тодорхой хэмжээгээр мэдээлж байсан ч төдийлөн хангалттай сайн байгаагүй. Харин эдгээр бондын мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн хуулийнхан Д.Доржпүрэвийг цагдан хорьж шалгаж эхэлсэн.

Тэгэхээр Хөгжлийн банкийг шалгаж буй Ажлын хэсгийнхэн УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь ямар зориулалтаар хэчнээн тэрбум төгрөгийг хэзээ, ямар төсөл хэрэгжүүлэхээр авсныг ил болгох хэрэгтэй.

Угтаа бол энэхүү бондын төлөлтөөс Монгол Улс хэдэн төгрөгийн өртэй үлдэж байна вэ гэх асуултад эрх баригчдын өөрсдийнх нь үгээр хариулах нь зүйтэй юм. Харамсалтай нь, тэдний хэлж буйгаар иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй бөгөөд энэ өрийг ирээдүй хойч үе маань төлөх ажээ.

Зураг