Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Наранбаатар: Тавантолгой бүхэлдээ ДАМПУУРАХ эрсдэлд орлоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын экспортын голлох таван бүтээгдэхүүний нэг коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. Гэсэн ч манай уурхайн аман дээрх үнэ үүнээс хэд дахин бага байгаа юм.

Зах зээлийн бусаар тогтсон үнэ, бодлогын алдаатай байдлаас болж Монголын ард түмний баялаг Таван толгойн орд газар үр ашиггүй зарцуулагдсаар буйг мэргэжилтнүүд хүчтэй шүүмжилж байгаа энэ үед бид эдийн засагч Л.Наранбаатарыг VISITOR буландаа урилаа.

Тэрбээр дэлхийн нүүрсний зах зээл, цаашдын чиг хандлага, Засгийн газрын авах ёстой арга хэмжээний талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 


-Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 200 гаруй ам.долларт хүрсэн. Харин манай нүүрс 27 ам.доллараар зарагдаад байдаг. Энэ үнийн зөрүү хаана гараад байна вэ?

-Манай таван толгойн ордоос гарч буй коксжих нүүрсний борлуулалтын гол зах зээл нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн бүс нутаг болох Таншань, Бугат байгаа. 
Таншань дээр баяжуулсан, хоёрдугаар зэргийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.доллар байгаа.  Харин “Эрдэнэс Таван Толгой” компани уурхайн аман дээрээсээ нэг тонн нүүрсээ 27 ам.доллараар зарж байна.

Тээвэр, угааж баяжуулахад гарах зардал, Хятадын талд төлөх татвар, хураамж нийлээд 99 ам.доллар болдог.  Тэгэхээр “ЭТТ”-н уурхайн амны үнэ дор хаяж 51 ам.доллар хүрч тогтоогдох боломжтой. Гэтэл аравдугаар сарын 1-нээс “ЭТТ” үнээ гуравхан ам.доллараар нэмж 30 ам.доллар болгоно гээд яриад сууж байна.  Зах зээлийн үнээс хамааралгүй энэ байдал нь тус компанийг үр ашиггүй болгож буй гол шалтгаан юм. 

-Нүүрсээ хямдхан зарж “Чалко” компанид үлдэгдэл өрөө төлж байна гэж шүүмжилж байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-“Чалко” компанид 95 сая ам.долларын өр төлөх үлдэгдэлтэй байгаа. Нүүрсээ 27 ам.доллараар зараад “ЭТТ” компани ашигтай ажиллаж чадаагүй.  2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас харвал “ЭТТ” компани 247 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал, 737 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөртэй. 

Нүүрсний үнээ гурван ам.доллараар нэмснээр ашигтай ажиллаж, “Чалко”-гийн өрийг нэг жилийн дотор төлнө гэдэг боломжгүй зүйл. Яагаад гэвэл “ЭТТ” компанийн олборлолтын зардал маш өндөр юм. 

Хажуудаа байгаа “Энержи Ресурс”, “Таван толгой” ХК-тай харьцуулбал олборлолтын зардал нь нэг тонндоо 13-16 ам.доллараар илүү өндөр байдаг. Энэ олборлолтыг Хятадын “TTJVCo” гэдэг компани хийж байна.

ГРАФИК: 1m3 уулын цул олборлох зардал /"Энержи Ресурс" болон "ЭТТ"/

ГРАФИК: 1 тонн нүүрс борлуулах үнэ /"Энержи Ресурс" болон "ЭТТ"/

Бизнесийн байгууллага үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд зардлаа минимиум болгож, орлогоо максимиум хэмжээнд нэмэгдүүлэх ёстой. Гэтэл манай ЭТТ компанийн хувьд энэ нь яг эсрэгээрээ хэрэгжиж байна. Зардал максимум, орлого минимум.

Монголын иргэн бүрийн 1,072 ш хувьцаагаараа эзэмшиж байгаа энэ уурхайг энэ чигээр нь цааш явуулах ямар ч боломжгүй гэж би хувьдаа дүгнэдэг. 

-Тэгвэл Засгийн газраас нүүрсний үнэ өсөж байгаа энэ тааламжтай үед богино хугацаандаа ямар арга хэмжээ авах нь зохистой вэ?

-Хамгийн гол асуудал “Чалко”-гийн үнийн индекст байна гэж би бодож байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 210 ам.доллар болчихоод байхад манайх 27 ам.долларт түгжигдчихээд байж байна. 

“Чалко”-гийн өр төлөх нэрийдлээр Хятадууд “ЭТТ”-н нүүрсний үнийг багаар тогтоож, хямд худалдан авч, цааш нь өндөр үнээр зарж ашиг олж буй энэ явдлыг зогсоохын тулд үлдэгдэл өрийг нь Засгийн газар боломжтой бол төлөөд хаачих хэрэгтэй. Ингэвэл багаар үнэ тогтоогоод байгаа нөхцөл байдлаас мултрах боломж гарч ирж болно. 
Хэрэв энэ боломжгүй бол үнийн индексдээ өөрчлөлт оруулах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Тэгэхээр юуны өмнө “Чалко”-гийн гэрээг олон нийтэд ил болгож үзүүлэх хэрэгтэй байна. 

Богино хугацааны гарц нь гэвэл "ЭТТ" компаниас борлуулж буй нүүрсний үнийг зах зээлтэй нь уялдуулж нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, "ЭТТ" компанийн шинэ удирдлагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Миний тооцоолж буйгаар хамгийн багадаа уурхайн ам нөхцлөөр 51 ам.доллар байх ёстой. Богино хугацааны шийдэл бол энэ. 

 

-Тэгвэл дунд хугацаанд авах ёстой арга хэмжээ нь?

-Дараагийн алхам бол дунд хугацаандаа Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголдоо үр ашигтайгаар хийж, хэрэгжүүлэх юм. 

Хамгийн гол нь төмөр замын асуудал байна. Төмөр замаа нэн даруй барьж, ашиглалтад оруулах нь чухал. Мөн Гашуун сухайтын боомтыг олон улсын боомт болгочих юм бол заавал Өвөр Монголд дахин ачилт буулгалт, нэмэлт татвар төлөхгүйгээр Хятадын зүүн эрэгт хүрч Япон, Солонгосын 210 ам.долларын зах зээлд борлуулах боломжтой. 
Тэгэхээр Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин авч үзэх нь энэ Засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх ёстой хамгийн чухал асуудлуудын нэг гэж би бодож байна. 

-Таван толгойн нөөц хэр байна. Одоо бид хэдийг нь зарчихсан байгаа юм бэ?

-Таван толгойн нөөц 6 тэрбум тонн. Үүнээс 2 тэрбум тонн нь коксжих нүүрс. Одоогийн байдлаар “ЭТТ” компани 21.4 сая тонн сайн чанарын түүхий нүүрсийг олборлоод гаргачихсан.

Хамгийн өндөр гарцтай, сайн чанарын коксжих нүүрс нь “ЭТТ”-н Зүүн цанхийн уурхайд байдаг. “Чалко”-гийн өрийн үлдэгдлийг нүүрсээ тонн бүрийг нь 30 ам.доллар буюу нэг ам.долларын ашигтайгаар зарж төлнө гэвэл 95 сая тонн түүхий нүүрсийг хил давуулаад урсгах нь. Дахиад 12-19 жил шаардлагатай гэсэн үг.  Нүүрсний үнийн өсөлт нэгэнт наалдацгүй болсон тул Тавантолгой орд дээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд бүхэлдээ дампуурах эрсдэлд орчихлоо. 

-Нүүрсний үнэ цаашид ямар байх төлөвтэй байгаа вэ. Хэрэв өсвөл өрсөлдөөн улам л нэмэгдэх нь ээ?

-Нүүрсний үнэ өссөн гол шалтгаан нь нэгдүгээрт БНХАУ-ын бодлоготой холбоотой. Тэд цэвэр эрчим хүч рүү шилжих бодлогынхоо хүрээнд уурхайнуудаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шалтаг шалтгаанаар дэс дараалан хааж байна. Цаашид ч хаах байх. 

Мөн нүүрсний уурхайнууд 330 хоног ажилладаг байсныг нь 276 хоног болгож өөрчилсөн нь нийлүүлэлтийн дутагдлыг бий болголоо. 

Хоёрдугаарт Хятадын хойд бүс нутагт үер болсны улмаас тээвэр, логистикийн асуудал хүндэрсэн. Үүнээс үүдэж нийлүүлэлт буурч байгаа. Нийлүүлэлтийн дутагдлын шокоос болж есдүгээр сард коксжих нүүрсний үнэ огцом өссөн. Оны эхнээс коксжих нүүрсний үнэ 171 хувиар өсөөд байна. 

Энэ үнийн өсөлт тогтвортой, дор хаяж зургаан сар хадгалагдах байх. Дунд хугацаандаа буюу ойрын таван жилдээ коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ

Хятадад эрэлт төдийлөн өсөхгүй. 

Хаана өсөх вэ гэхээр ASEAN-ий таван орон болох Индонез, Тайланд, Малайз, Филлипин, Вьетнам зэрэг орнуудын ДНБ нийлбэр дүнгээрээ 2020 гэхэд 30 гаруй хувиар өсөж гурван триллион ам.долларт хүрэх тул ган болон коксжих нүүрсний хэрэглээ ирэх таван жилд тогтвортой нэмэгдэх хандлагатай байгаа. 

Мөн Энэтхэг улсын Ерөнхий сайд 2021 гэхэд ган үйлдвэрлэлээрээ Хятад улсыг гүйцэх амбицаа зарласан. Энэ нь коксжих нүүрсний үнэ дунд хугацаанд өсөлттэй байх найдвар төрүүлж байна. 

-Нөгөө талаас нь харвал манай улс ганцхан нүүрс экспортлогч биш. Өрсөлдөгчдийн тухайд?

-Австрали, Индонез, ОХУ коксжих нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн зардлаа бууруулахын зэрэгцээ Хятад улстай гадаад худалдааны нэн тааламжтай нөхцлөөр буюу татваргүйгээр нүүрс борлуулж, нийлүүлэлтийн хүчин чадлаа байнга нэмэгдүүлсээр байгаа нь манай Тавантолгойн ордыг өрсөлдөөнөөс шахан зайлуулах эрсдэл бий болгож байгаа. 

Тиймээс өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд бид ч гэсэн зардлаа бууруулах хэрэгтэй. Таван толгойн ордын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд Гашуун сухайт руу татах төмөр замыг нэн даруй барьж дуусгах, Гашуун сухайтыг олон улсын боомт болгож Өвөрмонголд төлдөг элдэв татвар, хураамж, дарамт шахалтаас чөлөөлөгдөх, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үр ашигтай хэлбэрээр үргэлжлүүлэн хийж, гуравдагч зах зээл буюу Япон, Солонгосын зах зээлд гарах боломжийг нээх хэрэгтэй байна. 

-Манай уурхайнууд дотооддоо өрсөлдөөд, гадны зах зээлд өрсөлдөж чадахгүй байх шиг?

-Таван толгойн орд дээр байгаа дотоодын компаниуд нь хоорондоо үнээр өрсөлддөг, дэд бүтэц, боловсон хүчнээ булаацалддаг, нэг нэгнээ барьж идэх буюу “ганнибализм”-даж буй байдлыг зогсоох хэрэгтэй. Зогсоохын тулд үнийн нэг цонхны бодлого баримтлах нь чухал. 

Энэ нь бүгдээрээ нэг үнээр нүүрсээ зарах асуудал биш, бас татварын зорилгоор тогтоодог үнийн индекс ч биш шүү. Тавантолгойн орд дахь үнээ унагаж өрсөлддөг шударга бус өрсөлдөөнийг зохицуулах индекс гэж ойлгох хэрэгтэй.  Үнийн нэг цонхны бодлого хэрэгжүүлэхдээ Таншань болон Бугатын гангийн бүс нутагт өрсөлдөх манай баяжуулсан нүүрсний үнэ Ганц модны боомт дээр хэд байх вэ гэдгийг суурь болгож тооцоод тэндээсээ нааш уурхайн аман дээрх үнийг тогтоодог байх зарчимд шилжих нь Тавантолгойн орд дахь шударга бус өрсөлдөөний орчныг хаах, түүхий нүүрсийг гаргасан ч хямд биш зах зээлийнх нь зарчмаар үнэ хүргэж зарах боломжийг бий болгоно.

Ер нь Монгол Улс түүхий нүүрсний үнээ суурь болгож тогтоогоод цааш нь зарахаар Хятадууд хямд худалдан авч, Өвөрмонголд баяжуулаад цааш нь дамлаж зараад ашиг олоод байна. Гэтэл Монголын компаниуд бүгд алдагдалтай ажиллаж байгаа. Ийм харамсалтай дүр зураг дахиад нэг жил үргэлжлэх юм бол Таван толгойн ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд системээрээ дампуурна. Ингэж дампуурсны дараа Хятадууд өрийг нь худалдан авч, энэ орд дээр жинхэнэ ил гарч эзэн сууна. 

Тэр үед бид 27 ам.доллараар ч нүүрсээ худалдаж чадахгүй. Уурхайн амны өртөг 12-13 ам.доллараар л зарж урсгах эрсдэл бий.  Тиймээс асуудлыг нэлээн томоор нь харж, богино болон дунд хугацаандаа шийдвэрүүдээ хурдан гаргах хэрэгтэй байгаа юм. 

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.