Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

86 настай аялагч Чингис хааны булшны байрлалын талаар шинэ таамаг дэвшүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

800 орчим жилийн өмнө таалал төгссөн Монголын байлдан дагуулагчийн шарил хаана байгааг орон орны эрдэмтэд, ангуучид, археологичид судалсаар байна.

Гэхдээ өнөөг хүртэл хэн ч олж чадаагүй байгаа юм. Харин ингэж бүтэлгүйтэх болсон шалтгааныг 86 настай Америкийн аялагч, зохиолч Алан Николс тэд буруу газарт хайж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Нью-Йоркод төвтэй Аялагчдын Клубын ерөнхийлөгч асан Николс нь ариун шүтлэгтэй уулсын эксперт гэгддэг ба Туркээс Хятад хүртэл Торгоны замыг дугуйгаар туулсан анхны хүн юм.

Ихэнх эрэлчид Чингис хааны булшийг Бурхан Халдун уулын орчмоос хайдаг. Алан Николс “Сүүлийн үеийн бүх судлаачид эндээс хайж байгаа” гээд “National Geographic-ийн Альберт Лин, археологич Маури Кравиц, Японы судлаачид, өөр олон жижиг багууд тэнд хайсан. Гэхдээ тэд буруу газраа хайгаад байна” гэжээ.

Харин Николс өөрийн таамаглаж байгаа газрыг Бурхан Халдунаас 1,600 орчим километр зайнд, өнөөгийн Монгол, Хятадын хил тогтохоос өмнө Монголын эзэнт гүрний харьяанд байсан нутагт орших уулыг гэж үзэж байна.

Тэр энэ уулаа нууцалж “Mountain X” гэж нэрлэжээ.

Одоо тэрээр хамгийн орчин үеийн хайгуулын багаж төхөөрөмж бүхий экспедицийг дагуулан таамаглаж байгаа ууландаа очихоор бэлдэж байгаа гэнэ.

Николс сүүлийн 10 орчим жил энэхүү судалгааг хийж, өөрийн онолтой болсон гэжээ. Түүний үзэж байгаагаар Чингис хаан бол маш чадварлаг хуурах тактикийг эзэмшсэн хүн байсан гэнэ. Байлдааны үед тэд дайсныг хуурч ухраад, гэнэт сөргүүлэн довтолдог аргыг их хэрэглэдэг байсан. Түүнтэй адил өөрийн шарилын байрлалыг ч маш сайн нууцалсан гэж Николс үзэж байна.

Домогт өгүүлснээр Чингис хааны шарилыг Тангудаас тээвэрлэн Хэнтийн нуруунд залж оршуулсан бөгөөд байрлалыг нь нууцлахын тулд замд тааралдсан хүн, амьтан, оршуулгад оролцсон цэргүүдийг хөнөөсөн гэдэг.

Николс “Хэнтийн уулс Чингис хааны оршуулгын газар байх боломжгүй. Түүний шарилыг ийм хол зам туулж оршуулна гэдэг хэцүү” гэжээ.

Алан Николс өөрийн таамаглаж байгаа газраа гурван удаа очиж үзсэн бөгөөд онцгой шинж тэмдгүүд мэдэгдэж байгаа гэсэн юм.

Монголчууд их хааны шарилыг хөндөхгүй байхыг эрхэмлэдэг тухай Николс өгүүлээд, хэрвээ олж чадвал энэ сүсэг бишрэлийг нь хүндэтгэж үзэхээ амлаж байна. Харин булш байгаа газар мөн гэдгийг нь баталснаар түүнд 13 дугаар зууны Монголчуудтай холбоотой олон нууц тайлагдана гэж үзэж байгаа юм.

Ахмад аялагч алдахаас айхгүй байгаа ба шинжлэх ухаанд энэ бол хэвийн үзэгдэл, бүх нээлтийг хийсэн хүмүүс олон удаа алдсаны эцэст амжилтанд хүрсэн гэж ярьжээ.

Алан Николстай ярилцлага хийсэн Хонг Конгийн South China Morning Post сониныхон түүний экспедицийн үйл ажиллагааны талаар үргэлжүүлэн сурвалжах юм.

 

Эх сурвалж: South China Morning Post